
ХБНГУ-ын Потсдам хотод байрлах Барберини уран зургийн музейд тавигдсан Францын алдарт зураач Клод Монегийн уран зураг руу Лецце Женерэшн хөдөлгөөний 2 гишүүн төмсний нухаш цацжээ. Ингэснээрээ тэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эрх баригчид, иргэдийн анхаарлыг хандуулахыг хүссэн аж.
Хананд өлгөсөн зураг руу төмсний нухаш цацсаныхаа дараа тэд доор хананд нь гарынхаа алгыг цавуугаар нааж, "Хүмүүс өлсөж, осгож, үхэж байна. Уур амьсгалын гамшиг болж байхад та нар зөвхөн нэг зураг улаан лоолийн шүүс эсвэл төмсний нухаш болно гэдгээс л айж байна." хэмээн мэдэгджээ.
Клод Монегийн 1890 оны "Өвсөн бухал" бүтээл нь өмнө нь дуудлага худалдаан дээр 110 сая ам. доллараар зарагдсан ба зураг шилэн хамгаалалтын цаана байсан учраас гэмтээгүй гэдгийг Барберини музейн зүгээс мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Just Stop Oil байгууллагын гишүүд мөн л дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Лондон дахь Үндэсний галлерейд тавигдсан алдарт зураач Ван Гогийн "Наранцэцэг" бүтээл рүү улаан лоолийн шүүс цацаж, бүтээлийн доор гарынхаа алгыг цавуугаар наасан юм.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.