
Рок’н роллийн хатан хаан, 1000 ваттын хүчирхэг хоолой. Хараа булаам урт гоолиг хөл, өндөр өсгийт дээр эргэлдэн бүжих тачаангуй хөдөлгөөн, эршүүд дуу хоолой дэлхийн сая сая хүмүүсийг галзууруулах дөхнө. Энэ бол амьд хөгжмийн домог болсон Тина Тёрнер.
“73 насандаа хуримаа хийлээ” хэмээн хэвлэлээр шуугиулаад амжсан энэ гайхамшигтай эмэгтэйн амьдралын түүх нууж хаалгүй олон нийтэд ил байдаг. Тэр ч бүү хэл амьдралынх нь хамгийн хар бараан үе болсон гэр бүлийн хүчирхийллийн тухайгаа тэрээр Опра Уинфрид өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. Өнөөдөр тэрээр 80 насныхаа өрсөн өдрийг сүр жавхлантай тэмдэглэж байгаа. Ингээд түүний амьдралдаа хэрхэн сөрж босч, аз жаргалаа олсон түүхийг сонирхуулъя.
Айлаас айл дамжин амьдарсан хүүхэд нас
Тайзны шүтээн болсон энэ эмэгтэйн замнал Америкийн Миссури муж улсын Сент-Луйс хэмээх негрийн хорооллын жижигхэн цайны газраас эхэлсэн түүхтэй. Тэгэхэд тэрээр Анни Мей Буллок гэдэг нэртэй байв. Эх нь Аннийг төрүүлэхээсээ өмнө нөхрөөсөө салсан учир ирээдүйн алдарт дуучин чухамдаа өнчин өрөөсөн, ядуу зүдүүхэн амьдралтай хүүхэд насаа үджээ. Тина таван настайдаа сүмийн найрал дуунд оролцож эхэлсэн байна. Тэд бяцхан охиноор богино хугацаанд хүчтэй хоолойгоор маш чанга дуулахыг шаарддаг, ёстой л хоолойн чадал шалгах тэр л хэсэгт дуулуулдаг байсан тухай тэрээр хожим намтартаа бичсэн байна.
Тина Тёрнер амьдралын хатуу хөтүүг чамлахааргүй амссан хүн. 1950 онд аав ээж хоёр нь бүрмөсөн салж Тина аав дээрээ үлджээ. Удсан ч үгүй эцэг нь хоёр дахиа гэрлэж Анни Мейг охин дүүгийнх нь хамтаар хамаатныхаа нэгэн айлд асруулахаар өгсөн байна. Эхэн үедээ аав нь утсаар ярьж бага зэрэг тусламж үзүүлдэг байсан ч сүүлдээ ганц төгрөг ч илүүчлэхээ больсон учраас хаягдсан охид Тенниси мужид суудаг эмээгийнх рүүгээ хөөгджээ.
Анни тэнд сургуульд сурч, охидын сагсан бөмбөгийн багт тоглодог байв. Мөн тэнд анхны хархүүтэйгээ танилцан гэрлэсэн боловч удалгүй салснаар дахиад нүүдэл хийн ээжийнхээ эмээ дээр очжээ. Гэвч удалгүй эмээ нь нас барсан учир 1956 онд Сент-Луйст сууж байсан ээж дээрээ очсон байна. Сент-Луйст Тина нэгэн шөнийн клубт ажил хийж эхэлжээ. Мөнөөх клубт нь тухайн үедээ олны анхаарал ихэд татдаг байсан үлэмжийн хэмнэлт Блюз тоглох агаад хотдоо нэртэй уг “Хэмнэлийн хаад” хамтлагийн удирдагч нь түүний ирээдүйн хань Айк Тернер гэдэг хүн байжээ.
Зодуурын дунд өнгөрсөн хар өдрүүд
18 настай Анни Айкийн хамтлагт дуулах болж, улмаар ахлагчтайгаа гэрлэсэн байна. Анхны хүүгээ ч төрүүлж, 1958 онд Айкийн хамт анхны пянзаа бичүүлжээ. Гэвч Анни, Айк хоёрын амьдралд аз жаргал тийм ч удаан тогтсонгүй. Айк Тёрнерийг өдөр шөнөгүй дуулж бүжиглэхийг шаардахын хамт авааль эхнэрээ олон нууц амрагийнхаа зиндаанд үзэн зодож занчих нь жирийн хэрэг байлаа. Тэгсээр Айк мансууруулах бодист бүрэн автжээ. Амьдралдаа гомдож цөхөрсөн Тина амиа хорлохоор шийдэж 50 багц хүчтэй эм хүртэл ууж үзжээ. Гэвч эмч нар түүний амийг аварч чадсан юм.
1975 онд Английн “Ху” хамтлагтай Томи хэмээх рок дуурийг дэлгэцнээ амьдруулж бас бие даан пянзаа бичүүлсэн байна. Мөн тэр ондоо Айк Тина хоёр хит парадад орох хамгийн сүүлчийн дуунуудаа бичүүлж Тина ч амьдралаа бодон Айкаас салахаар бүрмөсөн шийджээ. Хоёр хүүгийнхээ балмад эцгээс салах эсэхээ шийдэж ядан байхад нь Айк түүнийг дахин зодсоноор Тина халаасандаа 36-хан центтэй гэрээсээ гарч явсан гэдэг. Айкаас салснаасаа хойш рок-н-роллийн хатан хаан маань дахин хүнтэй гэрлээгүй юм. Айк одоогоос долоон жилийн өмнө нас баржээ.
Энэ цаг үеийн хамгийн агуу рок эмэгтэйгээр тодров
Бүх цаг үеийн хамгийн алдартай дуучдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, 100 сая хувь цомгоо борлуулж чаджээ. Тина бол гарцаагүй рок-н-роллийн түүхнээ од болон гийсэн алдартнуудын нэг. Өдгөө 74 насыг зооглоод буй энэ агуу эмэгтэй өөрийгөө жинхэнэ дарагдашгүй, дундрашгүй авьяастай гэдгээ батлан 2008-2009 оны хооронд бие даасан аялан тоглолтоо хийсэн юм. Аялан тоглолтын үеэр хүчирхэг хоолойгоороо шүтэн бишрэгчдээ байлдан дагуулах Тина эгээ л 30 настай ид гялалзаж яваа залуу бүсгүй шиг харагдахаас гадна түүний талаар “Тина хэзээ ч өтлөхгүй хэмээн ам бардам” үнэнч фэнүүд нь ярилцдаг юм. Түүний төлөө эдүгээ ч дэлхийн сая сая залуусын сэтгэл зүрх шаналдаг.
Найман удаагийн Грэммийн эзэн
Грэммийн найман удаагийн шагналын эзэн, “MTV Music Awards”-ын хоёр удаагийн шагналын эзэн болсон дуучин Тинагаас өөр байдаггүй гэнэ. Түүний дуулах ур чадвар, хоолой нь тухайн үеийнхээ “Хатан хаан” нэр авахад нь хүргэжээ.
73 насандаа 20 насаар дүү эртэй буддист маягаар хуримаа хийлээ
Дуучин Тина Тёрнер 73 насандаа хуримаа хийлээ. Түүний нөхөр бол Германы хөгжмийн зохиолч, 57 настай Эрвин Бах юм. Тэд анх танилцаж, уулзах болсноос хойш 27 жил өнгөрч байгаа гэнэ.
Тина Тёрнер 1950 онд анхны нөхөр Айк Тернертэй гэрлээд, 16 жил ханилсны дараагаар гэр бүлээ цуцлуулсан. Айк түүнийг үргэлж дээрэлхэж, зоддог байсан тухай тэрээр хожим өгүүлж байсан юм. Айкаас салснаас хойш 10 жилийн дараагаар Эрвин Бахтай найзлах болсон юм байна.
Тинагийн гоо сайхны нууц
Тина Тёрнер уруулын будгаас өөр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй ажээ. Тэгсэн атлаа бүхий л байдлаараа хорь хүрч буй залуухан бүсгүйн адил харагддаг нь Тинагийн нууц хэмээн олныг гайхуулж байна. Тэрээр Францын сонинд өгсөн нэгэн ярилцлагандаа “Ямар ч нууц байхгүй. Хоолны чанд дэглэм барьж тусгай дасгал хийдэггүй” хэмээн даруухан хариулжээ. Мөн Тина Тёрнер “Диана Росс зөвхөн дуулсаар л эстрадын тайзан дээр олон жил оршин тогтносон юм. Тэгвэл намайг хэрхэн бүжиглэхийг харах гэж хүмүүс миний концертод ирдэг” хэмээн өгүүлжээ.
Биеэ авч явах соёл инээмсэглэл, сэтгэлд дулаахан харц, амьдралын туршлага… Энэ бүхэн дээр хар нялхаасаа хатуу хөтүүг үзэж чухамдаа ухаарч амьдарч чадан, юунд ч нугарашгүй хатан зоригтой болсон Тина Тёрнерийг гүйцэд ойлгоход бага ч гэлээ тус болсон биз ээ.
Бэлтгэсэн: Г.Ганчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.