Нүд ядрахаас урьдчилан сэргийлэх дасгал болон хоол

Twitter Print
2019 оны 12-р сар 31-нд 14:14 цагт
Мэдээний зураг,

Гар утас, компьютер зэрэг төхөөрөмж, хэрэгслээс үүдэн өнөөгийн хүмүүсийн нүд маш их ядарч байна. Түүнээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй дасгал болон хоол хүнсийг танилцуулъя.

Нүдийг амрааж, цусны урсгалыг нь сайжруулах дасгал

Нүд маш ажилсаг эрхтэн. Тархинд орж ирж байгаа мэдээлэлийн 80 – 90 хувь нь нүдээр дамждаг гэж үздэг ба унтахаас бусад бүх л үед байнга ажиллаж байдаг. Түүнээс гадна өнөөгийн залуус хийгээд дунд, ахимаг насныхан ч олон цагаар гар утас хэрэглэх болсон тул бидний нүд туйлдаж байгаа юм. Нүдийг хэт их ажиллуулбал нүдний эргэн тойронд байх булчингууд ядарч туйлдан, нүдний хараа буурч, толгой өвдөх, хүзүү мөр хөших зэрэг шинжүүд илэрдэг байна.

Тиймээс дээрхи шинжүүдээс сэргийлэхийн тулд тогтмол хугацаанд нүдийг амраах шаардлагатай. Жишээлбэл: Компьютер, гар утас 1 цагийн турш удаан хугацаагаар харсан бол 15 минут орчим компьютераас холдож нүдээ амраахыг  хичээгээрэй. Мөн нүдийг амраах дасгал бас хийж болно. Нүдний алим 8 цэгээр эргэлдүүлэх дасгал бол нүдний дотор тал болон гадна талын булчинг зөөлрүүлж амраан, фокус тохируулах чадварыг сайжруулдаг. Сайн унтаж амрах ч бас нүдийг амраахад чухал байдаг юм. Гар утас гэх мэт зүйлсийн дэлгэцнээс гарах цэнхэр туяа нь нойрсуулах даавар гэж нэрлэгдэх Мелатониныг багасгаж байгаа нь нотлогдоод байгаа юм.Иймд, гар утас мэтийн дэлгэцнээс унтахаас 2 цагийн өмнө татгалзаж, сайн унтаж амрах нь нүдэнд амралт өгч байгаа юм.

8 цэгээр эргэлдэх нүдний дасгал

Толгой цэх болгон чанх урагшаа хараад зөвхөн нүдний алимаа л хөдөлгөнө. Хөдөлгөхдөө цагийн зүүний дагуу:

1) Баруун дээд зүг үрүү

2) Баруун тийшээ

3) Баруун доод зүг үрүү

4) Чанх доошоо

5) Зүүн доод зүг үрүү

6) Зүүн тийшээ

7) Зүүн дээд зүг үрүү

8) Чанх дээшээ

Эдгээр 8 зүг үрүү 1 зүгт 1 секунд харна. Мөн адил нөгөө тийш нь эсрэгээр эргүүлж харна. Ингээд цагийн зүүний дагуу, цагийн зүүний эсрэг эргүүлж нэг сет болно. Өдөрт 3 – 5 сетийг хийвэл үр дүнтэй.

Холбоотой Зураг

Антиоксидант үйлчилгээтэй хүнсээр цусны урсгал сайжруулах

Нүдний ядаргааг тайлахад хоол бас их чухал. Жишээ нь: Антиоксидант үйлчилгээ нь хүчтэй витамин А,С, Е бол хамгийн сайн санал болгох шим тэжээл юм. Гахайн элэг манайд бол малын элэг, лууван витамин А аар баялаг ба витамин А нь салст бүрхүүл, арьсны хэвийн байдлыг хадгалдаг үйлчилгээтэй юм. Амтат чинжүү, брокколи зэрэгт агуулагдах витамин С нь нүдний болорын гэрэл нэвтрүүлэх чанарыг хадгална. 

Хашны төрлийн ногоонд витамин Е нь элбэг бөгөөд энэ нь нүдний ядаргаа тайлах ач тустай гэж үздэг. Мөн нэрсний нэг төрөл болох Bilberry нд ихээр агуулагдах Антоцианин ч бас Антиоксидант үйлчилгээтэй.Samon болон цам хорхой зэрэг улаан өнгөтэй загасны төрөлд агуулагдах Astaxanthin бол витамин Е ийн 550-1000 дахин илүү хүчтэй Антиоксидант үйлчилгээтэй юм. Эдгээр бодис нь нүдэнд төдийгүй биед ч бас үйлчилдэг учраас бие дэхь Антиоксидант үйлчилгээг эрчимжүүлж хөгширөлтөөс урьдчилан сэргийлдэг гэж үзэж байгаа юм. Дасгал болон хоолоор хөгширөлтөнд ялагдалгүйгээр эрүүл энх урт насламаар байх нь хүн бүрийн хүсэл билээ.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа, Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.