Меркелийн эрин үе дуусч, Олаф Шольц ХБНГУ-ын канцлераар албан ёсоор томилогдлоо

Twitter Print
2021 оны 12-р сар 09-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын Социал Демократ намын гишүүн Олаф Шольц албан ёсоор ХБНГУ-ын канцлерын албан тушаалд томилогджээ. 63 настай Олаф Шольц өнгөрсөн 4 жилд ХБНГУ-ын дэд канцлер, Сангийн сайдын албан тушаалд ажиллаж байсан ба ХБНГУ-ын парламентын доод танхимын гишүүдийн олонхын буюу 395 саналаар ХБНГУ-ын канцлераар сонгогдсон юм.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Бельвю ордонд Олаф Шольцад ХБНГУ-ын канцлераар томилогдсон гэсэн албан ёсны батламжийг гардуулсны дараагаар Олаф Шольц нийслэл Берлин хотын төвд байрлах Рейхстагийн парламентын ордонд парламентын гишүүдийн өмнө тангараг өргөж, ХБНГУ-ын 9 дэх канцлераар томилогджээ.

Олаф Шольц канцлераар томилогдохоосоо өмнө өгсөн ярилцлагадаа ОХУ-ын зүгээс Украин руу довтолсон тохиолдолд ОХУ үр дагаврыг нь амсах болно хэмээн дурдаж байсан ба ХБНГУ болон түнш орнууд нь ОХУ-Украины хил дээр мөргөлдөөн үүсэхээс сэргийлэхийн тулд боломжтой бүхнийг хийх болно хэмээн онцолж байсан юм.

Вашингтон Берлинээс ОХУ-аас ХБНГУ хий дамжуулах “Северный поток-2” төслийг ашиглан Москвад шахалт үзүүлэхийг хүсч байгаа билээ.

Парламентын гишүүдийн өмнө өгсөн тангарагтаа Олаф Шольц бүх хүч чадлаа Германы ард түмний төлөө зориулахаа мэдэгджээ.

ХБНГУ-ыг 16 жилийн турш удирдсан Ангела Меркель албан тушаалаа Олаф Шольцад албан ёсоор шилжүүлэн өгсөн ба Олаф Шольц Ангела Меркелийг гайхалтай удирдагч байсан хэмээн өнгөрсөн жилүүдэд өөрт нь итгэл хүлээлгэж, ойр дотно байсанд талархаж буйгаа илэрхийлжээ.

Олаф Шольц залуудаа хуульчаар суралцаж, өмгөөлөгчөөр ажиллаж байсан ба 1998-2001, 2002-2011 онуудад парламентын гишүүнээр сонгогдож, 2007-2009 онд ХБНГУ-ын Хөдөлмөрийн сайд, 2011-2018 онд Гамбург хотын дарга, 2018 оноос хойш Сангийн сайд, дэд канцлерын албан тушаалыг зэрэг хашиж байжээ.

Хөдөлмөрийн сайд байхдаа Олаф Шольц дэлхийн эдийн засгийн хямралын үед сая сая иргэдийн ажлын байрыг хадгалж үлдээх явдалд томоохон хувь нэмэр оруулж байсан аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.