Афганистан, Ирак дахь америкийн цэргүүдийн тоог ойрын хугацаанд цөөлнө

Twitter Print
2020 оны 11-р сар 18-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

2021 оны 1-р сарын 15 гэхэд Афганистан, Ирак дахь америкийн цэргийн албан хаагчдын тоог тус бүр 2500 болгож цөөлөх талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг гүйцэтгэгч Кристофер Миллер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Түүний хэлж байгаагаар уг шийдвэрийг "Ерөнхийлөгч Доналд Трампын зэвсэгт хүчнийг дахин хуваарилах төлөвлөгөөний" дагуу гаргасан ба Афганистан болон Ирак дахь америкийн цэргүүдийн тоог цөөлөх нь АНУ-ын стратегийн ашиг сонирхолд нийцэж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх 1-р сард болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө дээрх улс орнуудаас цэргээ гаргах ажиллагааг түргэвчлэхийг Пентагонд даалгасан талаар олон улсын хэвлэл мэдээллүүдээр бичиж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Афнанистанд АНУ-ын зэвсэгт хүчний 4500, Иракт 3000 албан хаагч алба хааж байгаа аж. АНУ-ын зэвсэгт хүчний албан хаагчид Афганистанд 2001 оноос хойш байрлаж байгаа юм. 2001 оны 9-р сарын 11-нд Аль Каида бүлэглэлийн АНУ-д зохион байгуулсан алан хядах үйл ажиллагааны дараа АНУ тэргүүтэй цэргийн эвсэл Афганистан дахь Талибанчуудыг хөөн зайлуулж, цэргүүдээ байршуулсан билээ. Гэсэн хэдий ч талибанчууд дахин нэгдэж, Афганистаны нутаг дэвсгэрийн ⅔-т идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

АНУ-ын энэ оны 2-р сард Талибаны хөдөлгөөнтэй хийсэн энх тайвны түүхэн гэрээний дагуу АНУ Афганистанаас цэргүүдээ гаргаж эхэлсэн юм. Түүнчлэн Иракт алба хааж байгаа АНУ-ын цэргүүд нь Исламын улс алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа олон улсын эвслийн нэг хэсэг болон ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.