Атрын аян

Twitter Print
2021 оны 08-р сар 24-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Монголчууд газар тариаланг эрт дээр үеэс эрхэлж байсан ул мөр байдаг ч 1959 оныг хүртэл тариа ногоо нь Монгол айл өрхийн өдөр тутмын хүнсний хэрэглээ болж заншаагүй байлаа. Монголд анх тариаланг Хэрлэн гол, Буйр нуур, Орхон голын хөндийд Хархорин орчим эрхэлж байсан нь цаашдаа Туул, Сэлэнгэ голын сав дагуу тархан дэлгэрчээ.

Төрөлх нутгийнхаа хөрс шорооны амтыг мэдрэх их аяны эхлэлд Өвөрхангайчууд бид нэгэн зэрэг шамдан оролцож, арвин ургацаар ард түмэндээ бэлэг барьж хойч үедээ бахархан ярих ажил үйлсийнхээ түүхийг бүтээлцсэн билээ.

БНМАУлсын СнЗ-ийн 1956 оны 4 дүгээр сарын 13 ны 256 дугаар тогтоолоор Хархорины САА байгуулагдаж атрын анхны шангаа татаж 2000 га талбайд үр тариа тариалж байсан түүхтэй. Энэ хамт олон дундаас БНМАУлсын хөдөлмөрийн баатар Ц. Шатар, Р.Авирмэд, Ж.Гомбосүрэн, Ц.Адьяа, гавьяат агрономч Ц.Аюур, Гавьяат механикжуулагч С.Цэрэннадмид, гавьяат механикжуулагч Б.Хануй, улс аймгийн удаа дараагийн ургацын аваргууд Г.Батнасан, Ц.Мөнхдаш, С.Цэрэндорж, Ц.Батсүх, С.Сүхбаатар, Ц.Даариймаа, Ц.Бадам-Очир нарын олон арван тэргүүний хүмүүс төрөн гарч, ажил үйлс хөдөлмөр, бүтээл ажлын арвин туршлага нь залгамж хойч залуу тариаланчдадаа бахархал болж байна.

1961 онд агрономч С.Гомбо, агротехникч Д.Чулуунбат, агротехникч Д.Бадам рэгзэн зэрэг газар тариалангийн мэргэжилтнүүд удирдан зохион байгуулж, Тарагт сумын “Арвайн тал”-д 300 га атар газрыг Богд сумын харьяат Дагдангийн Ренчинсэнгэ, Чойсүрэнгийн Бодьгэрэл нарын хүмүүс хагалж, тариа тарьж аймгийн сумдад газар тариалангийн эхлэл тавигдаж байсан түүхтэй.

1976 оноос атар газар эзэмших II аяныг зохион байгуулж, энэ арга хэмжээний дүнд Хархорин суманд Инженерийн хийцтэй услалтын систем байгуулж, 4000 га-д усалгаатай тариалан эрхэлж эхэлсэн.

Өвөрхангай аймгийн газар тариалан ийнхүү өргөн далайцтай хөгжиж, атар газар эзэмших 50 жилийн хугацаанд тариалангийн үйлдвэрлэлийн материаллаг бааз, техникийн хангалтын хувьд ихээхэн өөрчлөлт гарч, Хархорин САА, Гурил тэжээлийн үйлдвэр, Бүрд, Зүйл, Өлзийт, Баян-Өндөр, Хужирт, Төгрөг, Тарагт, сумдын газар тариалангийн томоохон бригадууд, бараг бүх сумдын хадлангийн механикжсан салаа, ногооны бригад, холимог багсармал тэжээлийн цехүүд, Хархорин, Хужирт, Зүйл, Тарагт, Төгрөг сумдын 120-4000 га- ийн услалтын системүүд мехникжсан үтрэм, агуулахууд, цахилгаан елеватор зэрэг үндсэн баазуудыг бий болгон олон арван газар тариалангийн техникээр хангагдсан юм.

Мөн технологийн шинэчлэлийн томоохон өөрчлөлтүүд амжилттай хэрэгжиж өндөр уулсын бүсийн чанар сайтай Албидум -43 сортын улаан буудайг сонгон тариалах, Ипатовын районы техник засварын урсгал зангилгааны аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улсын хэмжээнд дээгүүр орох услалтын систем байгуулах, хөрсний элэгдлээс хамгаалах зурваслах, хавж боловсруулах систем бий болгох, ойн зурвас байгуулах, химийн бордоо хэрэглэх, тариалангийн хог ургамал, хортон шавьжтай тэмцэх орчин үеийн аргуудыг хэрэглэж өндөр ургац авч манай Хархорины САА улсад удаа дараа шалгарч байв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.