Ким Жон Ун үерт өртсөн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгожээ

Twitter Print
2021 оны 08-р сар 09-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэвсэгт хүчнээс аадар борооны улмаас үерт автсан бүс нутгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгожээ.

Хойд Солонгосын төрийн өмчит сувгаар мэдээлснээр үерийн улмаас 1000 гаруй байшин нурж, 5000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Эдийн засгийн хямралд автсан тус улсад үерийн гамшиг газар тариалангийн талбайнуудыг сүйтгэснээр хүнсний хомсдлын асуудал хурц хэлбэрт шилжээд байна.

Өмнө нь хийсэн мэдэгдэлдээ Ким Жон Ун өнгөрсөн жил тус улсаар дайран өнгөрсөн хар салхины улмаас төлөвлөсөн хэмжээний үр тариаг хурааж авах боломжгүй болсон талаар онцолж, энэ жилийн ургац хураалтанд найдаж байгаагаа илэрхийлсэн билээ.

KCTV сувгийн мэдээллийн хөтөлбөрөөр Зүүн Хамгён мужид байшингууд дээвэр хүртлээ үерийн усанд автаж, гүүрнүүд болон төмөр зам нурсан байдалтай байгааг харуулсан ба нийтдээ 17 км зам, гүүр эвдэрсэн болохыг онцолжээ.

Түүнээс гадна голын далан нурснаас болж хэдэн зуун га газар тариалангийн талбай усанд автжээ.

Эрх баригч Ажилчдын намын Зэвсэгт хүчний зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, үерийн гамшигт өртсөн бүс нутгуудад хэрхэн туслахаа хэлэлцсэн ба Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэвсэгт хүчин гамшигт өртсөн бүс нутгуудад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх ёстой гэжээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас үргэлжлэн орох төлөвтэй байгаа ба бүс нутгууд дахин их хэмжээний хохирол амсах эрсдэлтэй байгаа аж.

Хойд Солонгосын хувьд цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсын хориг арга хэмжээнд орсон ба коронавирусын цар тахлын улмаас тус улс хилээ хааснаар Хойд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал дордож, иргэд нь хоол хүнсний хомсдолд ороод байгаа билээ.

1990-ээд онд Хойд Солонгос улс өлсгөлөнд нэрвэгдэж, 3 сая хүртэлх тооны иргэд нь өлсгөлөнгийн улмаас нас барж байсан түүхтэй билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.