Б.Цэрэн: Э.Бат-Үүл дарга цалингаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автобус авч өг!

Twitter Print
2014 оны 08-р сар 27-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

10 хоногийн турш 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобусаар хэдэн удаа ч сэлгэлт хийж зорчихоор болжмаршрутын богино зохион байгуулалтад орсон бөгөөд энэ сарын 31-ныг хүртэл энэ журам үйлчлэхээр болсонд иргэд ихээр бухимдаж буйгаа Хэрэглэгчийн төлөө байгууллагад хандсан байна. Улмаар Хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдэн 700-аад хүн хамруулсан, долоон төрлийн асуулт асуусан судалгааны дүнгээ өнөөдөр танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.

Судалгаагаар хэрэглэгчийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь өдрийн турш 500 төгрөгөөр явж байгаа нь маш их таалагдаж байгаа хэмээн хариулжээ. Харин чиглэл маршрутын асуудал маш хүнд, олон дамжиж чиглэлийн мэдээлэл маш муу байсан зэрэг нь хэрэглэгчдийн уур бухимдлыг төрүүлж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн иргэдийг чирэгдүүлсэн шийдвэр гаргасан хүмүүст ёс суртахууны хариуцлага тооцох ёстой гэдэг дээр дийлэнх иргэд нэгджээ.

Монголын хэрэглэгчдийн эрх, боловсролын холбооны тэргүүн Б.Цэрэн: Э.Бат-Үүл дарга уучлал гуйх ёстой

-Хэрэглэгчдийн төлөө байгууллагууд нэгдэж нийтийн тээврийн туршилтын арга хэмжээний талаар ямар байр суурьнаас хандаж байна?

-Хэрэглэгчдийн төлөө байгууллагууд нэгдэж тодорхой судалгааны үндсэн дээр Нийслэлийн зарим шийдвэр гаргагч нарт асуудал тавьж байна. 2014 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн А/719 тоот захирамжаар хотын дарга туршилтын зарчмаар нийтийн тээвэрийн чиглэлд өөрчлөлт хийсэн. Энэ асуудал өнөөдөр судалгаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр асар их гомдол тавигдсан учир бид 8 дугаар сарын 26-ны өдөр нийт 700 гаруй хэрэглэгчдийн дунд судалгаа явуулсан. Судалгааны үр дүнд дийлэнх нь 500 төгрөгөөр зорчиж явахад сэтгэл ханамжтай гэсэн учир цаашид энэ үнийн тарифаар зорчихыг үргэлжлүүлэх санал тавьж байна. Харин иргэдийн ганц бухимдаж буй асуудал бол буудал хоорондын зай хол, чиглэлийн мэдээлэл муу байгаагаас төөрч мунгинах асуудал ихээр гарч байгаа юм.

-Хотын захирагч Э.Бат-Үүлд хэзээ шаардах бичиг хүргүүлэх вэ?

-Хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдээд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өнөөдөр шаардах бичиг хүргүүлэх болно.

-Шаардах бичигт чухам ямар асуудлыг хөндсөн юм бэ?

-500 төгрөгөөр өдөржин зорчих хугацааг цаашид бололцоот хугацаагаар сунгах, 2014.08.28-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн шинэчилсэн маршрутыг нэн даруй цуцалж, сургууль цэцэрлэгийн оргил ачааллын үеийн үлдсэн гурав хоногт төөрч будилахгүй, уур бухимдалгүй амар амгалан байх нөхцлийг  иргэдэд олгож өгөх, Засаг даргын нөөц хөрөнгөөс яаралтай 1,3 тэрбум төгрөг гаргаж хүүхдийн цэцэрлэгийн багтаамжид зохицуулалт хийж, хоол хүнсний асуудалд зарцуулах. Мөн богинохон ч гэсэн хугацаанд нийслэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэгч ихэнх хэрэглэгчийг бухимдуулсаныхаа төлөө Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл уучлал гуйж, ухамсрын хариуцлага хүлээх хэрэгтэй.

-Ухамсрын хариуцлага гэдгээ тодруулахгүй юу?

Нэг жилийн цалингийн орлогын зарим хэсгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээврийн нэг автобус авч өгөхийг шаардаж байгаа юм.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.