
Катар ДАШТ-тэй холбоотойгоор гадаад ажилчдыг байрнаас нь гаргажээ.
Катарын нийслэл Доха хотын эрх баригчид хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх жуулчдыг байрлуулах дүүрэгт амьдардаг гадаадын мянга мянган ажилчдыг байрнаас нь хөөн гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээлж байна.
Тэдгээр ажилчдын мэдээлснээр Катарын эрх баригчид гадаадын ажилчдын байрлаж байсан хэдэн арван барилгыг чөлөөлснөөс болж ази, африк гаралтай олон зуун ажилчид орох оронгүй болж, зарим нь гудамжинд хоног төөрүүлэх болжээ.
Ирэх сарын 20-нд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан Катар улсын эрх баригчдын гадаадын ажилчдад шудрага бусаар хандаж байгаа явдал олон улсын шүүмжлэлд өртсөөр байгаа юм.
Ройтерс агентлагт ярилцлага өгсөн ажилчдын хэлснээр өнгөрсөн лхагва гарагт Доха хотын удирдлагууд Аль Мансура дүүрэгт байрлах орон сууцанд амьдарч байсан хүмүүст байраа чөлөөлөхөд нь 2-хон цагийн хугацаа өгчээ. 2 цагийн дараа тэд үлдсэн иргэдийг хүчээр гарган, барилгын орц гарцыг цоожилжээ. Тухайн үед гэртээ байгаагүй иргэд гэрээсээ эд зүйлсээ ч авч чадаагүй гэжээ. Ройтерс агентлагт ярилцлага өгсөн ажилчид ажлын байраа алдахаас эмээн нэрээ хэлэхээс татгалзжээ.
Катарын эрх баригчид орон сууцны барилгуудыг чөлөөлсөн нь ДАШТ-тэй холбоогүй, Доха хотын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотой гэдгийг онцолж, байргүй болсон иргэдийг өөр аюулгүй байранд нүүлгэн шилжүүлсэн гэжээ.
Катар улсын 3 сая хүн амын 85 орчим хувь нь гадаадын ажилчид бөгөөд байрнаасаа хөөгдсөн иргэдийн дийлэнх нь жолооч, цагийн ажилчид аж.
Харин том компаниудын хувьд ажилчдадаа зориулсан тусгай байртай байдаг аж.
Гадаадын ажилчдын байрлаж байсан дүүрэгт Катарын эрх баригчдын зүгээс ДАШТ үзэхээр ирсэн жуулчдад байр түрээслүүлж байгаа ба үнэ нь ойролцоогоор нэг шөнийн 240-426 ам. доллар байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.