
Эрт дээр үед эгч дүү гурав аж төрөн амьдран суудаг байж гэнэ. Том нь хачин залхуу, удаах нь их ууртай, харин бага нь ухаалаг, үзэсгэлэнтэй, уран гартай... нэг үгээр хэлэхэд хараад хараад ханашгүй сайхан охин байж гэнэ.
Нэг өглөө тэдний гадаа нэг морин тэрэг ирээд зогсов гэнэ. Эгч дүү гурав гэрээсээ гараад харвал тэргэн дээр хижээл насны үл таних эмэгтэй сууж байна гэнэ.
- Та хэн бэ? хэмээн охид нэгэн дуугаар асуулаа.
- Би Хувь тавилан байна. Та гурав хадамд гарах цаг боллоо...
Хувь тавилан эгч дүү гурвыг тэргэн дээрээ суулгаж аваад явлаа. Замд нь таарсан эхний тосгоноор орвол нэг залуу тариалангийн талбай дээр газар хагалж байна гэнэ. Тэрээр юу ч хийсэн гялалзтал нь хийчихдэг гарын дүйтэй, шаламгай нэгэн ажээ. Тосгоныхон нь засаж сэлбэх юм гарах л юм бол тэр залуу дээр л ирдэг байж. Хувь тавилан том охинд хандан:
- Энэ залуу чинийх гэж хэлээд түүнийг буулгачхаад цааш хөдлөв.
Дараагийн тосгонд иртэл хүн хүнд тус хүргэж явдаг, сайхан сэтгэлтэй залуу байна гэнэ. Тосгоныхон нь түүнийг ам булаалдан магтаад сүйд байна гэнэ. Хувь тавилан:
- Энэ залуу чинийх гэж хэлээд дунд охиныг буулгачхаад цааш явлаа.
Гуравдах тосгонд иртэл тосгоны захад, салж унахаа шахсан байшингийн гадна худгийн дэргэд нэг архичин хэвтэж байна гэнэ. Хувь тавилан тэргээ зогсоогоод отгон охинд хандан:
- Энэ хүн чинийх гэв.
- Би энэ хүнээр яах юм?! Би ухаалаг, сайхан сэтгэлтэй, бас уран... Гэтэл та надад ийм хүн өгч байдаг! Эгч нарт та ямар сайхан залуус өглөө. Надад өөр хүн алга уу?!
- Өөр хүмүүс ч бий л дээ... хэмээн Хувь тавилан санаа алдаад, - Гэхдээ энэ хүн чамгүйгээр баларна... гэв.
- Юлия Платонова-Дехтерева
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.