ШШГЕГ-ын албан хаагч нарт хэвтэрт орж босч чадахгүй болтлоо зодуулсан

Twitter Print
2014 оны 08-р сар 26-нд 18:23 цагт
Мэдээний зураг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчид хоригдлуудтай зүй бусаад харьцаж, зодож биед нь хүнд бэртэл гэмтэл учруулдаг байна. Тэдний танхай балмад үйлдлийг нь хянаж шалгадаг газар байхгүй байгаа талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэн бидэнд хандав. Түүнээс цөөн хэдэн асуултанд хариу авлаа.

-Та Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагч нарт зодуулж биедээ хүнд гэмтэл авсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Миний бие өмнө нь барилгын цонх хаалганы үйлдвэрлэл эрхэлж байсан. Олон ажилтантай томоохон компанийн захирал байсан. Санамсар болгоомжгүй байдлаасаа болоод Эрүүгийн хуулийн 161.2-т заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн Шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Тэгээд дамжин өнгөрүүлэх 401-р хорих ангиас 409-р хорих ангид очсон. Дамжин өнгөрүүлэх ангиас гурван залуугийн хамт очсон юм. Биднийг очсон өдрөөс л эхлээд хорих ангийн албан хаагчид хэл амаар доромжилж өшиглөж, цохиж авах болсон. Шоронд ийм л байдаг юм байх гэж бодоод эхлээд тэсээд л байлаа.

Тэгсэн нэг ээлжийн дарга дэслэгч н.Бат-Эрдэнэ гэх нөхөр шалган нэвтрүүлэх байранд  дуудаж гэртээ харихаасаа өмнө гарын чилээгээ гаргая. Гарын ая даах уу охин минь гээд зодож эхэлсэн. Ямар учраас зодоод байгааг нь мэдэхгүй зогсоод зодуулаад байсан. Тэгсэн станцаараа толгойг руу цохио байхаар нь “Та нар хүн зодох эрх байхгүй. Хүмүүжигч нар та нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэх ёстой” гээд хэлчихсэн юм. Тэгсэн зодохоо болиод “Чамайг энд аятайхан байхыг чинь харнаа” гэж хэлчихээд яваад өгсөн. Төд удалгүй ахлах дэслэгч цолтой У.Энхтүвшин гэгч гуравдугаар хэсгийн өрөөнд орж ирээд “Чи их хэл амтай гэлүү. Чи аквариумд байгаа загас шүү. Миний дүрмээр тоглоно шүү” гэж хэлээд мөн л зодож эхэлсэн. Хөл, гар, цээж, толгой гээд цохиж, өшиглөж байгаад гарсан. Мөн хэд хоногийн дараа өөр постон дээр гардаг ахлах дэслэгч Мөнхтөр гэх албан хаагч хүрч ирээд “Чи маасалдаггүй юмуу. Хараагүй хулгайч байх чинь” гээд мөн л зодсон. Хамар амнаас цус гараад нүүрэндээ шарх авсан. Тухайн үед гарч байсан сувилагч Буянзаяа гэх эмэгтэй шархыг минь боож өгсөн юм. Гурван ч удаа зодуулаад толгой өвдөж чихнээс цус гараад хэд хоносон. Гэтэл дахиад хорих ангийн дэд даргад зодуулсан. Ахлах ахлагч цолтой н.Нэргүй “Чи компанитай байсан гэлүү. Надад юм хаядаггүй юм уу” гэхээр надад танд өгөх мөнгө байхгүй ээ гэсэн чинь босч чадахгүй болтол зодсон. Босч явж чадахгүй хэвтэрт ортлоо зодуулаад хэд хоносон. Хэт их зодуулсандаа болоод өндөр хэмтэй халуурч хамаг бие шархирч өвдөөд байхаар ингээд л үхдэг юм байна гэж бодогддог юм байна.

Хорих ангийнхан миний биеийн байдлыг хараад байдал эвгүй болж байгааг мэдээд дамжин өнгөрүүлэх газарт эмнэлэгт хэвтсэн. Олон хоног эм тариа хийлгэж байж арай гэж хөл дээрээ боссон. Дамжин өнгөрүүлэхээс хорих 427-р ангид хоригдох шийдвэр гарсан.

-Одоо таны биеийн байдал ямар байна вэ? Энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү?

-Миний биеэр дүүрэн шарх сорви байгаа. Эмнэлэгт хэвтэж нарийн шинжилгээ өгсөн. Тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Доргилтоос болж тархины наалдангитай болсон байна. Баруун чих дүлийрсэн. Эмчилгээ хийлгээд ч нэмэргүй гэж эмч хэлж байна лээ. Бөөр, элэг, нуруу зэрэг эрхтнүүд байнга өвддөг болсон.

ШШГЕГ-ын 409-р хорих ангийн албан хаагч нарын хууль бус үйлдлийн талаар, хүмүүжигч нартай хэрхэн харьцаж зодож тамладаг талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гомдол гаргасан. Гэвч Хууль зүйн яамны газрын дарга Н.Амарзаяа гэдэг хүн миний өргөдөл гомдолтой танилцаад ШШГЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст өргөдлийг минь өгсөн гэсэн. Гэвч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй хав дарчихаад байна. Би төрийн албан хаагч нарт зодуулж эрүүл мэндээрээ хохироод чимээгүй байж чадахгүй. Хэдийгээр буруу зүйл хийж шоронд хоригдсон ч гэсэн ажлын байр бий болгож, олон жил улсдаа өндөр татвар төлж нийгэмд баялаг бүтээж явсан хүн. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн комисс, Прокурорт хандана. Хууль хяналтынхан үнэн зөвийг нь олж өгнө гэдэгт итгэж байна.

Э.Баатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.