Диего Марадонагийн үхэлд эмчийг нь буруутгаж байна

Twitter Print
2020 оны 11-р сар 30-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Аргентины Telam агентлагийн мэдээлж байгаагаар алдарт хөлбөмбөгчин Диего Марадонагийн үхэлд түүний эмчлэгч эмч Леопольдо Лукег буруутгаж байгаа аж.

Домогт хөлбөмбөгчин Диего Марадона энэ сарын эхээр тархиндаа мэс засал хийлгэсэн ба эмнэлгээс гараад архины хамаарлаас гаргах эмчилгээнд хамрагдах ёстой байжээ. Telam агентлагийн мэдээлж байгаагаар цагдаа нар Леопольдо Луке эмчийн гэрт нь болон эмнэлэгт нь нэгжлэг хийсэн ба өвчний түүх, компьютер, гар утас зэрэг хэрэгт хамааралтай байж болох эд зүйлсийг хайжээ.

Түүнчлэн прокурорын албанаас Диего Марадонагийн хүүхдүүд болон гэр бүл, ойр дотныхонтой нь уулзаж, энэ сарын эхээр хийгдсэн мэс заслын дараа түүнд эмчилгээ хийгдэж байсан талаар тэр дундаа түүний эмчилгээний онцлог, түүнийг эмнэлгээс ямар дүгнэлтээр гаргасан зэргийг асууж лавласан аж.

Прокурорын албанаас Диего Марадонаг хагалгааны дараа гэрт нь гаргах шаардлагатай нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэж байгаа ба түүний дэргэд 24 цагийн турш мэргэжлийн эмч сувилагч байж, зүрх зогссон үед зүрхийг автоматаар сэдээгч төхөөрөмж, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хүргэх түргэний машин зэрэг нь гэрт нь бэлэн байх ёстой байсан аж.

Харин түүний эмч, мэдрэлийн мэс засалч Леопольдо Лукегийн хэлж байгаагаар тэрээр Диего Марадонаг аврахын тулд чадах бүхнээ хийсэн ба Диего Марадона эмнэлгээс гараад шууд архины хамаарлаас гаргах эмчилгээ хийдэг төвд хэвтэх ёстой байсан ч өөрөө хүсээгүй аж.

Диего Марадона энэ сарын 25-нд зүрхний шигдээсийн улмаас 60 насандаа таалал төгссөн ба түүний үхэлтэй холбоотойгоор Аргентинд 3 өдрийн гашуудал зарласан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.