Азийн орнуудад коронавирусын эсрэг вакцинжуулалт удаашралтай байна

Twitter Print
2021 оны 03-р сар 08-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 160 сая орчим тун коронавирусын эсрэг вакцин хийгдсэний дийлэнх нь АНУ болон Европын орнуудад хийгджээ. Энэтхэг өнгөрсөн 1-р сараас хойш нийт 14 сая орчим тун вакциныг хийжээ.

Тэгвэл Азийн бусад улс орнуудад коронавирусын эсрэг дархлаажуулалтын аян удаашралтай буюу зарим улсад эхлээгүй, заримд нь анхан шатандаа явж байна. Шалтгаан нь коронавирусын эсрэг вакцины аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол болон иргэдийн дундах вакцинд үл итгэх үзэл бодол юм. Филиппины хүн амын дунд 2016 онд хийгдэж эхэлсэн Денге чичрэг өвчний эсрэг Денгваксиа вакцинтай холбоотой айдас байсаар байна.

Уг вакциныг хийлгэсний дараа хэд хэдэн хүүхэд нас барсан ба үүнтэй холбоотойгоор Денгваксиа вакциныг 2018 онд дархлаажуулалтын хөтөлбөрөөс хассан аж. Филиппины нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар дээрх тохиолдлоос болж филиппинчүүдийн дунд вакцинд үл итгэх явдал нэмэгдсэн ба энэ нь коронавирусын цар тахлыг хяналтанд авах явдалд томоохон садаа болж байгаа аж. Сүүлд хийсэн судалгаагаар филиппинчүүдийн 19 хувь буюу 5 хүний 1 нь л коронавирусын эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Пакистанд мөн л коронавирусын эсрэг вакцинаас болгоомжлох явдал ажиглагдаж байгаа ба энэ нь иргэдийн дунд вакцины талаар худал хуурмаг мэдээлэл ихээр тархсантай холбоотой аж. Пакистаны Пешавар хотын нэгэн эмнэлэгт коронавирусын эсрэг вакцинд 400 ажилтан нь хамрагдах ёстой байснаас 10 гаруйхан хүн хамрагдсан болохыг нэгэн эх сурвалж мэдээлжээ. Азийн зарим улсад коронавирусын эсрэг дархлаажуулалт дөнгөж эхэлж, анхан шатандаа явж байгаа нь коронавирусын эсрэг вакцинд болгоомжтой хандаж байгаатай холбоотой аж. БНСУ-ын Ерөнхий сайд Чун Сэ Кюн коронавирусын эсрэг дархлаажуулалтын аяныг бусад орнуудтай харьцуулахад орой эхэлж байгаагаа Солонгосын эрх баригчид бусад улс оронд коронавирусын эсрэг вакцин хэр аюулгүй, хэр үр дүнтэйг байгааг ажигласантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Өмнөд Солонгост коронавирусын эсрэг дархлаажуулалтын аян 2-р сарын 25-нд эхэлсэн юм. Сингапур, Камбож, Вьетнамын эрх баригчдын зүгээс БНСУ-ын Ерөнхий сайдтай адил үзэл бодлыг илэрхийлээд байна. Тайланд улс коронавирусын эсрэг вакцинжуулалтыг энэ сард эхэлж, 2021 оны дунд гэхэд хүн амынхаа 50 хувийг вакцинд хамруулсан байхаар төлөвлөжээ.

Хүн амаа бүрэн вакцинжуулахад хангалттай тооны вакцин худалдан авсан Сингапур улс одоогийн байдлаар дөнгөж 250 мянган хүнийг коронавирусын эсрэг вакцинд хамруулаад байгаа ба 4-р сарын сүүлээр дархлаажуулалтын аянаа эрчимжүүлэхээ мэдэгдээд байна. Олимпийн наадмыг зохион байгуулагч Япон улсад коронавирусын эсрэг вакциныг тойрсон эргэлзээ байсаар байгаа ба судалгаагаар тус улсын иргэдийн дйилэнх нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.