
Ган гачигийн улмаас Европын гол мөрнүүд ширгэсээр байна. Ган гачигийн улмаас Европ даяар гол мөрнүүд ширгэж, үр дүнд нь үйлдвэрлэл, ачаа тээвэр, эрчим хүч, хүнсний салбарууд их хэмжээний хохирол амсаж байна. Хур тунадас багатай өвөл, хавар болон халуун хуурай зуны улирал нь Европын гол мөрнүүдийн ус хэт халж, түвшин нь ноцтой буурахад нөлөөлсөн байна.
Баруун болон төв, мөн өмнөд Европын орнуудаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд хур тунадас бага орсон мөн цаг уурын мэдээгээр ойрын хэдэн сардаа орох магадлал маш бага байгаа нь 2022 он Европын хувьд сүүлийн 500 жилд байгаагүй хуурай, ган гачигтай жил болох өндөр магадлалтай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
ХБНГУ-ын Райн мөрний усыг усалгаа, үйлдвэрлэл, эрчим хүч, ундны усанд ашиглахаас гадна Райн мөрөн нь ачаа тээвэр зөөвөрлөх гол замуудын нэг болдог билээ.
Тэгвэл ХБНГУ-ын Ус судлалын институт Райн мөрний усны түвшин буурсаар байх төлөвтэй байгааг онцолжээ. Өнгөрсөн баасан гарагт Майнц хотын ойролцоо Райн мөрний усан замын түвшин 40 см-ээс доош буурсан ба ачаа тээврийн компаниудын дийлэнх нь уг үзүүлэлтийг ачаа тээврийн усан онгоц үйл ажиллагаа явуулахад боломжгүй гэж үздэг аж.
Эрчим хүчний станцууд, Thyssen гангийн үйлдвэр, BASF химийн үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрүүдэд нүүрс, түүхий эд зөөдөг ачааны усан онгоцнуудын ихэнх нь ачаагаа хөнгөлөх үүднээс хүчин чадлынхаа 25 хувийг л ашиглаж байгаа нь ачаа тээврийн зардал бараг 5 дахин нэмэгдэхэд хүргэжээ.
Олон зууны турш баруун хойд Европын эдийн засгийн чухал хэсэг болсон 1233 км үргэлжлэх Райн мөрөн нь Швейцариас эхлэн Германаар дамжин Нидерландын Роттердам боомт хотод хүрч, Умард тэнгист цутгадаг билээ.
Райн мөрнөөр дамжих ачаа тээврийн усан онгоцнуудын хөдөлгөөн зогсох нь ХБНГУ төдийгүй Европын эдийн засагт том цохилт болох юм. 2018 онд л гэхэд 6 сарын хугацаанд зогсоход 5 тэрбум еврогийн алдагдалд орж байсан ба Райн мөрний усны түвшин буурснаар ХБНГУ-ын энэ оны эдийн засгийн өсөлт 0.2 хувиар буурах тооцоо гарчээ.
гол мөрнүүдийн усны түвшин тээврийн салбарт нөлөө багатай ч францчууд гол мөрнийхөө усыг ашиглан атомын цахилгаан станцуудынхаа цөмийн реакторыг хөргөдөг юм. Ган гачигийн улмаас Францын эрчим хүчний хамгийн том компани болох EDF хүчин чадлаа бууруулахад хүрээд байна. АЦС реактороо хөргөсөн усаа гол мөрөн рүү буцааж асгах үед гол мөрний ус тодорхой хэмжээгээр халдаг ба хуулиар АЦС-ууд хөргүүрийн усаа асгахдаа гол мөрний усыг тодорхой заасан хэмээс дээш халаах ёсгүй байдаг аж.
Гэтэл гол мөрнүүдийн усны түвшин буурч, цаг агаар халуун байгаагаас болж гол мөрний ус хэдийн халжээ. Иймээс АЦС-уудад хүчин чадлаа бууруулж, хөргүүрийн усаа багасгахаас өөр сонголт үлдээгүй байна. Италийн хамгийн урт гол болох По голын усны түвшин хэвийн үзүүлэлтээсээ 2 м буурчээ.
Өнгөрсөн оны 11-р сараас хойш хур тунадас багатай байсан нь эрдэнэ шиш, ризотто будааны тариалалтанд ноцтой нөлөө үзүүлжээ. По голын хөндий дэх газар тариалан нь Италийн нийт газар тариалангийн 30-40 хувийг эзэлдэг ба тус хөндийд газар тариалан эрхлэгчид ган гачигийн улмаас ургацынхаа 60 орчим хувийг алдах өндөр магадлалтай байгааг анхааруулжээ.
Венеци хотын орчимд халуун цаг агаарын улмаас усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, голын ургамал амьтдын багагүй хувь нь устаж үгүй болжээ.
Баварид Дунай мөрний усны хэм өнгөрсөн долоо хоногт цельсийн 25 хэм хүрч, энэ сарын дундуур 26. 5 хэмд хүрэх төлөвтэй байгаа нь усан дахь хүчилтөрөгч багасч, хулд загаснууд үхэх аюул үүсэх аж.
Дунай мөрний 2850 дахь км дээр ачаа тээврийн хөдөлгөөн доголдож, Серби, Румын, Болгарын эрх баригчид ачаа тээврийн хөдөлгөөний хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг эхлүүлээд байна.
Цахилгаан эрчим хүчнийхээ 90 орчим хувийг усан цахилгаан станцын тусламжтай үйлдвэрлэдэг Норвеги улс мөн л усан сангийнх усны түвшин буурснаар болж цахилгаан эрчим хүчээ хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй гэдгээ анхааруулжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.