Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг

Twitter Print
2023 оны 07-р сар 13-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг.

Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 5:  Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг

1. Ээж хайрхан уул

Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршдог Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгор буюу Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм.

Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 километр зайтай оршино. Далайн төвшнөөс дээш 2274 метр өндөр бөгөөд 22475 га газрыг хамруулан 1992 оноос тусгай хамгаалалтанд авчээ. Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий.

Тогоонуудын амсрын дундаж өргөн нь 2-4 метр бөгөөд хоорондоо 40-50 сантиметр өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 метр хүрдэг.

Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал бөгөөд жижиг хадан мөргөцөг өнгөрч байж тааралдана. Эдгээр тогооны ус нь рашааны шинж чанартай болохыг судлаачид тогтоожээ. 9 тогооны эхэн хавьд бяцхан баянбүрд үүссэн байх бөгөөд үүнийг нутгийнхан “даяанч ламын зуслан” хэмээн нэрлэдэг.

Мөн тогоонуудын төгсгөл хавиас газрын булаг маягтай шүүрдэг ус бий. Эдгээрээс гадна Ембүү хад, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий.

Ембүү хаданд мөргөж залбирсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна хэмээн сүсэглэдэг. Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно хэмээдэг.

Тагтаа хаданд үр хүүхэдгүй хүмүүс ирж сүсэглэвэл өнөр өтгөн гэр бүл болно хэмээн итгэж биширч иржээ. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан ламын агуй юм.

Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос нилээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. Равдан лам Маажинсан ууланд бүгж байсан Дамбийжанцангийн хамсаатан байсан бөгөөд Жа лам алагдсаны дараа Ээж уулын агуйд орогнон улмаар энэ нутгийн Цэгмид хэмээх эмэгтэйтэй ханилан 1928 он хүртэл амьдарчээ.

Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 93 зүйл ургамал тархсан. Ийм олон зүйлийн ургамал ургадаг нь экологийн өвөрмөц бичил орчнууд байдгийг харуулж байна. Аргаль, янгир, ирвэс зэрэг нэн ховор, ховор том хөхтөн амьтдын хоёр тийш нүүдэллэх коридор болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай бий. Нутгийн хүмүүс тариалангийн талбайд зориулж 33 метр өндөр, 12 метр өргөн даланг барьжээ.

 

 

 

Ламын агуйн зүүн талын гүрвэл хад

 

Бүсгүйчүүлийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад

Ембүү хад. Энэ хаданд мөргөж залбирах, тойрох, зургийг нь жаазандаа хадгалвал баяжина хэмээнэ.

Далайн яст мэлхий 

Хүүхэн хэл хад. Цаана нь тагтаа хад 

Ээж хайрхан уулын домог

Эрт урьдын цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтээгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ.

Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:

-Уг нь сайхан ноён байжээ. Одоо хөгширч буурал суусан байна гээд голжээ.

Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна. Харин Аж богд

-Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнээ. Гоо бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя гэж боджээ. Аж богд сэрээд:

-Хатан хайрхан хайчсан бэ? гэж асуув

-Буцсан гэхэд

-Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.

Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ. Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн

- Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ.

Тэгэхэд нь гоо бүсгүй:

- Би даанч яав даа. Миний багын найз Суман хайрхан ялдам нүдээрээ харж байна. Харц харцтайгаа суудаг байж гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юм санжээ. Ингэж Ээж хайрхан уул үүссэн домогтой юм гэнэ.

2. Бурхан буудай уул

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг.

Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амьтадыг агнах, эмийн ургамлыг ихээр түүж ашигласанаас гадна бургас, яргай зэрэг модлог ургамлыг түлшинд хамаагүй хэрэглэснээс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна.

Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг байдаг.

Бурхан буудай ууланд Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал байдаг бөгөөд өвөрмөц содон төрх байдал нь байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн.   

3. Сутай хайрхан уул

Ноён оргил Цаст богд нь далайн түвшнээс дээш 4250м өндөрт байх 60 км сунаж тогтсон Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршдог араараа хар модон ойтой Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг.

Газрын зурагт 4090м өндөр гэж тэмдэглэсэн байдаг ч 2000 оны намар авирсан уулчид Сутай уулыг 4234м өндөр гэж тодорхойлжээ. Сүү сааль арвин сарлаг ихтэй энэ хайрханыг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч Тонхил нуурт цутгана. Аргал, янгир, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтан элбэг. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үеэс тахиж ирсэн овоо бий. 2008 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон.

Олон зуун жил үржил шимт уулаа түшин арвин баян таван хошуу малаа адгуулан маллаж ирсэн нутгийн олон энэ уулынхаа нэрээр нэршсэн өгөөж арвинтай "Сутай" омгийн хундан цагаан хонь гарган авчээ. Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны ард нутгийн ардаас цөөн тооны хонь худалдан авч хөлжөөд хот дүүрэн хоньтой болсон цагаа энэ буянт уул халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан алтай юм даа гэж ерөөж байсан домогтой гэдэг. Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул гэдэг.

Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм. Уг хөндий 50 гаруй км үргэлжилж Хөвхөрийн хойт үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугат хөрсийг ундаална. 

Сутай хошууны бөх Жамбал 1920 оны үед Хойд голд тарьсан тариагаа усалчихаад Мөрөнгийн хөндийг өгсөж явахдаа Даачингийн аманд цагаан цэргийн дээрэмчидтэй дайралдаж арваад цэргийг морин дээрээс нь гуд татаж байгаад хүчинд дийлдэн баригдаж Цагаан арын суурин хүртэл 10 гаруй км моринд чирэгдэн ирж цагаан цэргийн гарт амь үрэгдсэн байна. Энэ бөхийн гуталтай асар том хөл Тайжийн хар гэдэг газарт байсантай дайралдсан төвд шинжээч Сутай уулын модтой зоо Мөрөн голын усыг дагаж тэнхээтэй бөх төрөх нутаг байна даа гэсэн домогтой.

1940-1950 иад оны заагт Монголын баруун хязгаарын олон түмний амгалан байдлыг алдагдуулж эд хөрөнгийг тонон дээрэмдэж байсан Оспаны дээрэмчид Дэтэгийн даваагаар давж Мөрөнгийн голыг гатлан урагшаа эргэж нутгийн олныг тонон дээрэмдэх гэсэн боловч голын ус гэнэт үерлэн улаан хоормогоор эргэлдэн гаргаагүй учир хойшоо эргэж Алтан тээлийн хөндийд захчин Тогсойн мэргэн суманд ахлагч нь алагдан буцсан домогтой.

4. Цагаан голын хадны зураг

Халиун /Хуучин Наран/ сумын нутаг Цагаан голын зүүн эрэгт олон зуугаар тоологдох хадны зураг бий. Эдгээрийг археологич Ц.Доржсүрэн анх нээн олж судлан, дараа нь Оросын судлаач В.В.Волков, Э.А. Новгородова нар лавшруулан судалжээ. Цагаан гол нь нарийн хавцлаар урсах уулын гол бөгөөд хавцлын ханан хаднуудад цохиж сийлбэрлэсэн зураг ихтэйгээс гадна хажуугийн уулын бэлийн толгир хаднаа хэд хэдэн эгнээ могойн зургийн дүрслэл бий.

Могойн зургийн баруун талд нэгэн том морины дүрс байдаг. Иймэрхүү морьдыг хажуугийн хананд нь ч үзэж болох бөгөөд гурвыг нь бие биетэй нь холбоотой дүрсэлсэн байна. Эл зурагтай хаднаас баруун хойно газар хэвтэх нэгэн чулуунд зурсан могойн зураг ихэд элэгдэж бараг мэдэгдэхгүй болсон.

Хадан хошууны баруун талд янз бүрийн үед холбогдох олон зураг зурагдсаны дотроос нэлээд эрт үеийнх нь гэдсээ татсан байдалтайгаар дүрслэгдсэн морины зураг юм. Цагаан голын хадны зургуудаас олон тооны тамга, нум сум харваж байгаа хүн, урт сүүлтэй морь, эвэртэй юм шиг толгойн гоёлтой хүн, сүүлээ өргөсөн, асар том дугуйрсан эвэртэй амьтны зургууд үлэмж сонирхолтой байгаа.

Жад барьсан хоёр хүнийг том малгайтай, дээл хувцастай, бүстэй, гуталтайгаар зурсан байна. Энд бас эртний тэрэгний зураг ч ажиглагддаг. Тэрэгнүүдийг харин морь мал хөллөөгүй дангаар нь дүрсэлжээ. Тэрэгний тэвш нь хагас дугуй хэлбэртэй, хоёр дугуйны хэгээснүүд нь харилцан адилгүй тоотой байна. Эдгээр зургийг судлаачид Дундад Ази, Кавказ, Скандиновын хойгоос олддог тэрэгний зурагтай адилтгаж үздэг.

5. Монгол элс

Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан орших 600км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм.

Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ.

Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг.

6. Хасагтхайрхан уул

Хасагтхайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор луу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ ууланд буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад бий. Улсын дархан цаазат газар болгосон нутаг юм. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой, хоёр зэрэгцээ нуруунаас бүрдсэн өндөр оргилтой.

Мөн Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг. Энэхүү үзэсгэлэнт байгаль нь Монгол Алтайн нурууны салбар уулсын ойтой хэсэг ажээ. Энд хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино.

Дархан цаазат газраа хайрлан хамгаалж ирсэн Монгол түмний уламжлалаар сүүлийн жилүүдэд энэ ууланд буга янгирын тоо өссөн мэдээлэл бий.

Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм.

Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ. Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг.

Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм.

Мүгэз, авнис, шимэрс, ортууз, хувиланги, алтан гагнуур, Алтайн жамъяанмядаг, шар болон хөх яргуй, хонхон цэцэг, холтсон цэцэг, бамбай, сөд, дэгд зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэг ургадаг. Шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Хасагт хайрхан ууланд буга, аргаль, янгир, ирвэс, суусар, хойлог, ёл, тас гэх мэт дархан цаазат ховор амьтад бий.

Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увидастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.

Хүнхэр: Байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагтхайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог.

Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

Амралтын орчин нь хангайн бүсийн шинжийг агуулсан Алтайн сүрлэг уулс, бэлдээ хээрийн бүс, алсдаа говь цөлийн бүсийг багтаасан аргагүй л дөрвөн бүсийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Шинэсэн ойтой голынхоо дагуу бургас, улиас, хар мод ургасан, тошлой, уулын зэрлэг сонгино, жимс элбэгтэй.

7. Аж богдын нуруу

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг.

Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй. Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гогд, гоньд, тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай.

Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг. Алтай сумынхан сүү цагаан идээг сайн боловсруулдаг бөгөөд түүн дотор Аж богд уулынхаа нэрээр нэрлэсэн Ажийн бор хэмээх ааруул нь тун амттай.

8. Эрээн нуур

Эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой, цэнгэг устай, загастай үзэсгэлэнт нуур юм. Нуурын ойролцоо Завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар бургас, хус мод ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшигуудын нэг юм.

Эрээн нуураас баруун тийш 6 км-т танан цагаан өнгөөр гялтганан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур Эрээн нуураас элсэн манханаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий арын их элсэн манханд хар сүүлт, цагаан зээр,  чоно, үнэг, мануул, хярс байдаг.

Дэлгэр зуны улирал ирж гол мөрөн урсаж, өвс ногоо халиуран урсгасан үед түмэн зүйлийн усны шувууд нуур усанд нь цугларан орчин тойронд нь таван хошуу мал багшран байх нь үнэхээр гайхалтай.

Эрээн нуур, Монголын их элс нь ороо морь, хурдан морины савдагтай бөгөөд Их монгол элсэнд нутагшин байрлаж Эрээн нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгоноороо байдаг. Шувуун хээр гэдэг азаргатай 40 орчим зэрлэг адуу энэ их элсэнд байсан гэж хөгшид, өвгөд домог болгон ярьдаг.

Байгалийн сонин содон тогтоц болох элсэн манхан дунд байрлах Эрээн нуурын тухай ирсэн, очсон гадаад дотоодын иргэд шагшин магтахын зэрэгцээ 10 гаруй дуу, шүлэг зохиогдсоноос нутгийн уугуул яруу найрагч Д.Лхагвасүрэнгийн шүлэг, УГЖ Л.Тэрбишийн хөгжим “Эрээн нуур” дууг УГЖ Жанчив, УГЖ Банзрагч нар дуулж Монгол орон даяар түгээн дэлгэрүүлсэн билээ.

Эрээн нуур, Монголын их элс нь ороо морь, хурдан морины савдагтай бөгөөд Их монгол элсэнд нутагшин байрлаж Эрээн нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгоноороо байдаг Шувуун хээр гэдэг азаргатай 40 орчим зэрлэг адуу энэ их элсэнд байсан гэж хөгшид, өвгөд домог болгон ярьдаг.

8. Шаахар толгойн хадны зураг нь Чандмань суманд байдаг.

9. Таван элс

Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км-т орших эртний хотын туурь дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх их хотын туурь нь түүхчдийн анхаарлыг их татдаг.

Энэ хот нь битүү бургас, модон дотор байж байгаад дайны хөлд үрэгдэн сөнөжээ гэж нутгийн өтгөс үе дамжин хуучилсаар иржээ. Үүний ул мөр нь одоо маш элбэг байгаа шатсан чулуунаас гадна ганц бургас, таванбургас зэрэг эргэн тойрны үлдэгдэл бургас туурийн өмнө талд одоо бий.

Бигэрийн бөөр сувиллын “Таван элс” нь хужир ихтэй учир чийгийг сайн шингээхээс гадна бие махбодь дахь исэлдэх процессыг ихэсгэх үйлчилгээтэй. Элсэн хучилгын үед бие махбодийн усны тэнцвэрт өөрчлөлт орж чөлөөт усны хэмжээг багасгадаг.

Мөн халсан элснээс дулаан цацралт гарч биед шингэдэг. Дулаан цацаргалт бүхий цахилгаан соронзон долгион нь нил улаан туяаны мужид оршдог.

Таван элсний орчин нь цаг уур, геофизикийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас холын нил улаан туяа үүсэх боломжтой гэж үзэн “байгалийн нил ягаан туяаны саун” гэж нэрлэсэн байдаг.

10. Хан тайширын нуруу 

Аймгийн төвийн баруун талаар үргэлжлэн дүнсийх Хан Тайширын нуруу байгалийн үзэсгэлэн төгс газрын нэг. Өвөр талаараа хар модон ойтой, олон булаг горхитой, баялаг сайхан ургамал, малын бэлчээртэй газар. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3070 метр өргөгдсөн, Шарга, Халиун, Тайшир, Дэлгэр, Бигэр сумдын заагт оршино.

Гипс, магнизит, цагаан алт, шөрмөсөн чулуу, азбест, гантиг зэрэг илэрц нөөцтэй. Шаазан ваарны үйлдвэрт хэрэглэдэг 4 төрлийн материал энд бий.

Янгир, аргаль, ирвэс, хойлог, буга, чоно, үнэг, туулай, тарвага, зэрэг ан гөрөөс араатан жигүүртэнтэй. Монгол-Алтайн нурууны хэв шинжийн бүх ургамал ургана. Олон төрлийн эмийн ургамалтай. Хүн чулуун хөшөө, Шарилын нурууны орой дээрхи бунхан түүний өвөрт Засагт хан аймгийн сүүлийн зургаан засаг ноёны бунхан байжээ.

Засагт хан аймгийн төвд Арын хүрээний туурь Хан Тайширын нурууны ард Шаварын голын дэнжид байдаг юм. 

Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193

Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257

Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393

Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634

Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755

Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546

Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438

Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221

Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007

Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698

Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009

Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270

Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550

Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170

Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844

Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501

Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534

Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266

Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499

Эх сурвалж: www.mongolcom.mn 

Бэлтгэсэн:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Нэр бол нууц

      (66.181.181.164) 2021-04-19 16:18
      • 0
      • 1

      Таалагдлаа

      Хариулах

    • Зочин

      (77.35.9.109) 2021-03-06 10:54
      • 0
      • 0

      Таможенная компания "Азия-Трейдинг" успешно осуществляет свою деятельность на внешнеторговом рынке по поставкам товаров из Китая, Кореи и Японии. Мы напрямую осуществляем международную поставку товаров и таможенное оформление в городе Владивосток и всегда готовы предложить своим клиентам оптимальные решения.

      Хариулах

    • Зочин

      (77.35.43.186) 2021-02-19 16:32
      • 0
      • 0

      Логистическая компания "Азия-Трейдинг" готова стать Вашим надёжным партнёром при международных внешнеторговых отношениях со странами Китай, Корея и Япония.

      Хариулах

    • MSClews

      (82.162.120.220) 2021-01-18 11:18
      • 0
      • 0

      Логистическая компания "Азия-Трейдинг" готова стать Вашим надёжным партнёром при международных внешнеторговых отношениях со странами Китай, Корея и Япония.

      Хариулах

    • Зочин

      (188.162.229.135) 2020-10-17 12:58
      • 0
      • 0

      Мы возьмем на себя все обязанности по эффективному решению таможенных процедур в четком соответствии c законодательством РФ. Обязательным условием нашей работы является тщательный анализ ситуации до начала оформления товаров и информирование клиентов подробными инструкциями о необходимых для оформления документах, о возможных нюансах, требующих проверки. Мы контролируем все процедуры таможенного оформления для того, чтобы Ваши товары оформлялись без задержек. Доскональное знание условий оформления и профессионализм сотрудников позволяет добиться значительного снижения издержек и максимальной скорости оформления товаров.

      Хариулах

    • Зочин

      (66.181.182.16) 2020-07-14 21:36
      • 0
      • 0

      Шинэчлээд өөр 10

      Хариулах