С.Пүрэвсүрэн - Хүний ганц

Twitter Print
2021 оны 02-р сар 25-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Хүний ганцын зовлон их юмдаа. Хоёрыг хагаст, гурвыг ганцад гэж айхавтар онож хэлсэн үг бололтой гэж шал ширтэн бодож суусан Цээмаа охин нүд цавчилгүй суусаар үүр цайлгаад, цогшиж улайсан галдаа аргал нэмэн, цай чанав. Даргилан буцлах цайныхаа дээжийг өргөхөөр, нүүр гарын жаахан цэнхэр алчуураар толгойгоо хайш яайшхан боогоод гарах үед хэвлийд нь жирвэсхийсэн ижий зөн харваж, бондгосхийтэл цочоов.

Өчигдөр өглөө араг үүрэн ганц нэг хомоол, хатсан хөх аргал гоочилж явахад нь бас л ингэж цочоосон билээ. Яах аргагүй л жирвэлзсэндээ гэж бодон, дахин хүлээсэн ч чимээ аниргүй нам гүм оргисон болохоор удалгүй мартагнасан байв. Гэтэл энэ удаа алдахын аргагүй цочмог хөдөлгөөн хэвлийд нь чацвасхийн мэдрэгдэж, айсуй баярын гэгээ татуулав. Цайны дээж өргөхөөр гарсан охиных нь нүдэнд жаргалтай бүсгүйн од гэрэлтэн орж ирэхийг олж харсан Лувсанцэрэн өвгөний сэтгэлд цурсхийсэн совин гялбаж, цэл залуухан ханийнх нь гэгээн дүрийг сэтгэлд нь амилуулав аа. Ижийтэйгээ даан ч адилхан охин нь насан өндөр эцгийнхээ чилсэн нурууг тойгны ясны шөлөөр угааж, сүүлний тостой хар даалимбан даавуу галд ээн бүлээсгэж, хоёр хөлийг нь жигнэн суухдаа хажууд бүртэлзэх ганц дүүтэйсэн бол... гэсэн хэлгий бодол үе үехэн займарч, өвчнөө нуун тамиргүйхэн инээвхийлэх, буурал эцгийнхээ сэрэмгэр чихний омог, төвгөр дух, товгор шанааг зөөлөн зөөлөн илж, сүүлний годон чанасан шөлний хайлмаг тос атгасан жижигхэн гараараа илж суух зуур, өдрөөс өдөрт улам л тамирдаад байгааг нь анзаарч, охин заяанд нумарсан, өрөвч нимгэн сэтгэлийн нулимстай айдас цээжинд нь хөндүүрлэнэ.

"Аав нь зүгээр ээ. Урьд шөнө их сайхан унтлаа" гэж худлаа хэлснээ нуух гэж хүчлэн инээвхийлэх ааваа өрөвдсөн Цээмаа бүсгүй "Харин тэглээ. Хухирах ч үгүй унтаад л байсан" гэж бас л худлаа хэлэхдээ хоолой нь чичирхийлэв. Хэн хэнийхээ худлаа хэлж байгааг хоёулаа мэдэх, хоёрхон биендээ ганцхан заяасан эцэг, охин хоёр нэг л өглөө хаалга дэлдэн орж ирэх хагацал хэмээх хар эрээн жатга хажууханд нь ёр дуудан байх шиг санагдан, эцэг үрийн нандин холбоосыг ёнхийлгэн татаж, сэтгэл зүрхийг доргиох шиг болов. Хэвлийд нь амь зүйн чичрэгнэх үрийнхээ зулайг өвөг эцгээр нь үнэрлүүлэх хувь дутах вий гэсэн эмзэглэл охин хонгор сэтгэлд нь бүрэг бараг гүйх Цээмаа:

-Орчлонд намайг гэх хүн өнөөхөндөө ааваас минь өөр алга даа гэж сэтгэл нь өмөлзөхийг хэлүүлэлтгүй ажиж мэдсэн өвгөн,

-Өтөл намайг үл ажрахын замруу дөтлөхийн цагт бөртийгөөд үлдэх охин минь яана даа гэсэн гашуун бодол гол зурж, амьдралд амь хоргодон шимширнэ.

Хэдхэн сарын өмнө ёстой л ганц нэгхэн сэрж, хэдхэн удаа ханиалгасанаа шөнөжин унтсангүй гэж тунирхдаг асан эцгээ "худлаа яриад, шөнөжин л пур пурхийн хухираад байсандаг" гэж унтууцан бодовч, түүнээ нуумаглан инээж, "Та ч залуугийн нойронд сэргэг байсан байх шүү. Даанч би таныг дуурайсангүй. Нам унтчихжээ" гэж амыг нь дагуулан худлаа саймсардаг байж билээ. Гэтэл өнөөдөр сайхан унтлаа гэж хүүхэд шиг санан, сэтгэлээ хуурах эцэгтээ

-Тэглээ та ч сайхан унтаж байсан шүү гэж бас л худлаа хэлж суугаагаа гайхах чөлөө түүнд гарсангүй.

-Би гэж зөрүүд толгой охиныхоо амьдралд садаа болчихвоо доо. Тэр муу Намжил хүүг ганц адсага сул тавьж хөөсний төлөө цагдаа сэргийлэхэд гомдоллож гурван сар мууг нь үзчихлээ. Өдийд тэр банди ирчихсэн байх учиртай. Өвгөн надаас жигшчихээ бий вий. Уг нь ч миний хар багын найзын минь хүү юмсан. Мунхагийн сэтгэх хожуу гэж үнэн юмдаа. Муу эцэг нь манайд ирээд

-Лууяа минь би хүүгийнхээ өмнөөс нүүрээ улалзуулан ирлээ. Чи морио олсон юм чинь хүүд минь гомдолгүй гэсэн бичиг өгчихөөч гэж гуйхад нь буруу хараад суучихсандаа харамсаад баршгүй.

Хар багын анд маань намайг царайчлан сууж байгаад гарахдаа хоолой нь зангиран

-Чи бид хоёр залуу явж үзээгүй биш дээ. Ганц охинд чинь санаархаж, чамайг эрэлд мордуулах гэсэн гэнэн тэнэглэл байсан юм билээ. За яахав. Залуу нас, эрүүл биений аагаар гараад ирэх байлгүй. Уг нь чи ганц охинтой, би ганц хүүтэй билээ. Ганцын зовлонг хэн хэн нь гадарлах л учиртайсан гээд гарахад нь араас нь дуудчихмаар байсан ч чадаагүй. Өөдгүй муу барам. Залуу насны шазруун хорсол өвгөн насанд ч зүүгдээстэй явсан байждээ гэж өөртөө уурсан бөгшүүлэн ханиав.

Олоон жилийн өмнөсөн. Цэргээс халагдаж ирсэн Дэмчиг хүүгийн өсч хувирсныг гол усаараа гайхаж, үе насны охидын нүд сэтгэл нурж унасан тэр зун. Нэг жилийн төл, нэг оны цэрэг, хар багын анд Лувсанцэрэнгийнхээ хайртай бүсгүй Хишигмааг улаан цайм сэтгэл урвуулан булааж авахад гомдол цухал төрсөн ч гэлээ сэтгэл горьдон уулзаж үнэн зүрхний үгээ хэлсэн билээ. Гэтэл Лувсанцэрэнгийн гуйлт талаар болж, Дэмчиг андынх нь тачигнатал инээсэн зэвүүн инээд чихэнд нь хэд хоног хангинасан аж. Намрын дунд сарын арван долооны билэгт сайн өдөр хурим найраа хийх урилга заллага гол усаар нэг тарахыг мэдсэн Лувсанцэрэнгийн шар гозойн, зэргэлдээ сумын туяхан бүсгүйг эрийн сайн, үгийн урнаар уургалж, гэртээ дагуулан ирээд, буурал аав, буянт ээжээ сандаргаж, хурим найрын сургаар гол усаа донсолгосон.

Ийнхүү нэг оны хоёр хархүү нэг өдөр хуримласаны дараахан адууны бэлчээрт таарч хөөрөг зөрүүлэн нүүр хагарахаар Дэмчиг хүүг ирэхэд, хямсалзан хөшилдөөд үг солилгүй мордуулсан билээ.

-Иш юун ч шартай байсан юм. Миний муу хань Дээмээ бид хоёрын паянг сонсчихоод надад нэг их тунирхаж билээ. Гэвч би алдаагүй ээ. Хувь алаг хорвоогийн ааш аяг хялайж, муу хань минь миний урд орчихсон гэж анддаа хатуурхсан хэгжүүрхэлдээ харамсан суух үед баруун хойд цохионы энгэрт хулгар чихтэй халтар морио хад болтол хантайрч, мориныхоо цулбуурыг тахимандаа хавчуулан суусан нуруулаг хархүү Лууяа өвгөний зүг дурандаад,

-За ашгүй Лу өвгөн ойччихоогүй л хоножээ. Давхиад буучихвал яадаг бол. Цээмаа маань намайг хаяагаа хадарсан хулгайч гэж бодож суугаа байхдаа. Өвгөнийг эрэлд явсан тэр шөнө л бүх үнэнээ хэлчихдэг байжээ.

-Хөөрхий өвгөн яасан амархан дордчихов доо. Аав л -Яваач чи. Нөгөө муу Лувсанцэрэнг эргэчихээд ир. Бээлийн чинээ ганц муу охин эцгээ сахиад ядарч байгаа. Ганц өдөр ч болов хань бараа бол гэж загнаж хөөгөөгүй бол наашилж зүрхлэхгүй байх байсан. Миний муу хүүхэн ганцаардаж суугаа байх. Хөөгдсөн ч хамаагүй очъё доо. Аргамжаатай морийг нь хөтлөөд давхисан нь үнэн болохоор яая гэхэв гэж сэтгэл шулуудан мордох үед гэрээс гарч ирсэн Цээмаа саравчлан хараад мэлмэртэл уйлав.

Баяр эрхшээсэн сувдан нулимс хацар эрхлүүлэн бөмбөрнө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.