Афганистанаас иргэдийг татан авах ажилд агаарын тээврийн компаниудыг дайчилна

Twitter Print
2021 оны 08-р сар 23-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

АНУ Афганистанаас иргэдийг татан авах ажилд агаарын тээврийн компаниудыг дайчлах шийдвэр гаргажээ. Америкийн агаарын тээврийн компаниудын нийт 18 онгоц Кабул руу нислэг үйлдэхгүйгээр өнгөрсөн өдрүүдэд Афганистанаас дүрвэсэн иргэдийг түр байршуулж байгаа Бахрейн, Катар болон ХБНГУ дахь цэргийн баазуудаас гуравдагч орнууд руу тээвэрлэх аж.

Талибан хөдөлгөөн Афганистаны нийслэл Кабулыг эзэлж, төрийн эрхэнд гарснаас хойш Афганистанаас дүрвэх гэсэн мянга мянган иргэд Кабулын олон улсын нисэх онгоцны буудлыг гадна доторгүй дүүргэсэн билээ.

Афганистанаас дүрвэсэн иргэдийг гуравдагч орнууд руу тээвэрлэх ажилд United Airlines, American Airlines, Atlas Air, Delta Air Lines, Omni Air, Hawaiian Airlines компаниуд оролцох аж. Өмнө нь АНУ-ын Иргэний Агаарын тээврийн удирдлага Америкийн агаарын тээврийн компаниуд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас зөвшөөрөл аван Кабул руу нисч, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд тусалж болно хэмээн мэдэгдсэн ба агаарын тээврийн компаниудад Пентагоны зөвшөөрөлгүйгээр Афганистаны агаарын бүсээр зорчихгүй байхыг хатуу анхааруулсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений мэдэгдсэнээр Афганистанаас татан авах шаардлагатай 10-15 мянган америкчуудаас гадна АНУ руу Афганистаны 50-65 мянган иргэн гэр бүлийнхнийхээ хамтаар дүрвэх хүсэлт гаргажээ. Тийм ч учраас иргэдийг татан авах ажлыг түргэсгэх шаардлагатай гэжээ.

Талибан хөдөлгөөний зүгээс улс орнуудын Афганистанаас иргэдээ татан авах ажилд саад болохгүй мөн эх орноосоо дүрвэх хүсэлтэй Афганистаны иргэдийг ч мөн зогсоохгүй хэмээн амласан ч эх сурвалжууд Кабулын нисэх онгоцны буудал руу явж буй иргэд талибуудын зүгээс дарамт шахалтанд орж байгаа тухай мэдээлж байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.