Ким Жон Ун цар тахлын эсрэг хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэв

Twitter Print
2022 оны 05-р сар 18-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хойд Солонгост коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор засгийн газар нь коронавирусын цар тахлын эсрэг хангалттай тэмцэж чадахгүй байна хэмээн шүүмжилжээ.

Энэ лхагва гарагт тус улсад халуурах шинж тэмдэг илэрсэн 232 880 тохиолдол шинээо бүртгэгдэж, 6 хүн нас баржээ. Хойд Солонгос улсын хувьд коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээ долоо хоногийн өмнө зарласан билээ.

Нөгөөтэйгүүр коронавирусын шинжилгээгээр КОВИД-19 өвчтэй нь батлагдсан тохиолдол хэд байгаа нь тодорхойгүй байна. Иргэд нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй мөн эмнэлгийн дэд бүтэц муу зэргээс болж иргэдийнх нь дунд эм хэтрүүлэн хэрэглэж, дураараа эмчилгээ хийснээс болж амиа алдах тохиолдол гарсан тул эрүүл мэндийн салбарын албан тушаалтнууд нь КОВИД-19 өвчний үед хийх эмчилгээний зааварчилгааг боловсруулж байгаа аж.

Олон улсын мэргэжилтнүүд цар тахалтай холбоотойгоор хилээ хааж, ган гачиг, үер усны гамшигт өртөж, олон улсын хориг арга хэмжээ зэргээс болж эдийн засгийн уналтанд орсон тус улсад коронавирусын цар тахлын дэгдэлтийн улмаас хүмүүнлэгийн хямрал үүсэх өндөр эрсдэлтэйг анхааруулж байна.

Хойд Солонгосын хүн ам нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй дээр нь тус улсад бусад улс орнуудын КОВИД-19 өвчний эмчилгээнд ашиглаж байсан вирусын эсрэг эм байхгүй, эмнэлгүүдэд нь хүнд өвчтнүүдийг хэвтүүлэхэд хангалттай ор байхгүй, хүн амын дийлэнх нь шим тэжээлийн дутагдалд орсон зэрэг нь нөхцөл байдал хүндрэх гол шалтгаан болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэнээ зарласнаас хойш Хойд Солонгосын телевизийн төв суваг коронавирусыг хөл хорио, тусгаарлалт, сонор сэрэмжээр дарж авах дайсан гэсэн суртал ухуулга явуулах болсон ба амны хаалт зүүж, хоорондоо зай барихыг зөвлөж эхэлжээ.

Коронавирусын шинжилгээ хангалттай авч чадахгүй байгаагаас эрх баригчид ханлдвартай иргэдийг цаг тухайд нь тусгаарлаж, эмчилж чадахгүй байгаа аж.

Хөрш БНСУ-д омикрон хувилбараар өвчлөгсдийн дунд нас баралт 0.1 хувьтай байсан бол Хойд Солонгост энэ үзүүлэлт харьцангуй өндөр гарах эрсдэлтэй байна.

Хойд Солонгосын эрх баригч намын гишүүн Японы Asia Press агентлагт өгсөн ярилцлагадаа иргэд хөл хорионд орж, амьжиргаагаа залгуулж чадахгүй хэмээн эмээж байгаатай холбоотойгоор засгийн газрын зүгээс үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа ба иргэд ажилдаа өмнөх шигээ явж байгаа, мөн иргэдийн биеийн халууныг тогтмол хэмжиж, амны хаалт зайлшгүй зүүхийг шаардаж байгаа тухай дурджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.