Жирэмсэн үеийн үтрээний мөөгөнцрийн халдвар гэж юу вэ?

Twitter Print
2021 оны 08-р сар 26-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Мөөгөнцөр бол үтрээний халдварын нэг төрөл бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Энэ халдварын ихэнх хэсгийг Candida бүлгийн Candida albicans хэмээх бичил мөөгөнцөр үүсгэдэг. Мөөгөнцөр нь цөөнгүй тохиодолд бага хэмжээтэйгээр үтрээ болон хоол боловсруулах замд илэрдэг байна. Мөөгөнцөр хурдан өсч бусад бичил организмуудаас илүү их хэмжээтэй болвол таагүйасуудал үүсгэнэ.

Жирэмсэн үед эстроген дааврын түвшин ихэссэний улмаас үтрээ илүүдэл хэмжээний гликоген ялгаруулдаг нь мөөгөнцөр өсөж үржих таатай нөхцөл болдог.

Хэрэв та удаан хугацаанд эсвэл олон удаа антибиотик хэрэглэж байсан бол мөөгөнцрийн халдварт өртөх эрсдэл илүү өндөр байх болно. Учир нь антибиотик өвчин үүсгэгч бактеруудаас гадна үтрээний хэвийн орчныг хадгалах үүрэгтэй бичил биетнүүдийг устгадаг.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Жирэмсэн үед мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг илэрч эмчилгээ хийх хүртэл даамжирч болохоос гадна зарим тохиолдолд өөрөө намжиж далд хэлбэрт орох нь бий. Мөөгөнцрийн халдварын шинж тэмдгүүдэд:

Үтрээ болон бэлгийн уруул загатнах, эмзэг, хөндүүр болж улайх зэрэг шинж илэрнэ.

Үтрээний шүүрэл өөрчлөгдөж үнэргүй, цайвар өнгөтэй, цөцгий шиг өтгөн ялгадас гарна.

Бэлгийн харьцааны үед өвдөлт, таагүй байдал мэдрэгдэнэ.

Шээх үед бэлэг эрхтэн цочирч хорсоно. (үрэвсэлтэй хэсэгт шээс хүрснээс болж)

Хэрэв танд мөөгөнцрийн халдвар байж магадгүй бол яах вэ?

Хэрэв та өөртөө мөөгөнцрийн халдвар байж магадгүй гэж бодож байвал эмчид хандаарай. Эхлээд таны үтрээний шүүрлээс шинжилгээ авч илэрч байгаа шинж тэмдгийн шалтгааныг тогтоох болно.

Дараа нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тохирох эмийн бодисыг сонгоно. Хэрэв дээрх шинж тэмдэгүүдээс гадна бусад бэлгийн замын халдварын шинж илэрвэл өөр халдвартай хавсарсан хэлбэрээр байж болохыг анхаараарай.

Судлаачид ихэнх эмэгтэйчүүд өөрсдөө тааж эмчилгээ хийснээс болж халдварыг бүрэн эмчлэх боломжоо алдаж архаг хэлбэрт оруулдаг гэж үздэг тул оновчтой эмчилгээг төгс хийх хэрэгтэй.

Хэрэв мөөгөнцрийн халдвар байгаа нь оношлогдвол эмч танд үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй лаа болон крем бичиж өгөх бөгөөд энэ нь жирэмсэн үед хэрэглэхэд тохиромжтой. (Жирэмсэн үед үтрээний мөөгөнцрийг эмчлэхдээ эм уулгадаггүй.)

Мөөгөнцрийн халдвар урагт нөлөөлдөг үү?

Мөөгөнцрийн халдвар ургийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөггүй. Харин төрөх үед урагт халдаж болно. Хэрэв мөөгөнцөр хүүхдэд халдаж цаашид даамжирвал хүүхдийн амыг өвчлүүлэх бөгөөд үүнийг ам гэмтэх гэж нэрлэдэг.

Ам гэмтэх үед хүүхдийн амны хөндийд цагаан өнгийн толбо гардаг бөгөөд зарим үед хэлэн дээр гарч болно. Энэ нь ноцтой хүндрэл үүсгэдэггүйн зэрэгцээ амархан эмчлэгддэг.

Мөөгөнцөрийн халдвар үүсэх боломжийг яаж багасгах вэ?

Хэрэв та бэлэг эрхтэн орчмыг хуурай байлгахаас гадна үтрээний бичил орчны тэнцвэрийг хэвийн байлгавал мөөгөнцрийн халдвараас сэргийлж чадна. Дараах аргууд халдвараас бүрэн хамгаалж чадахгүй боловч үүсэх эрсдэлийг бууруулах болно.

Эмчийн зааваргүйгээр антибиотик хэрэглэхгүй байх

Агаар сайн нэвтрүүлдэг даавуун хувцас өмсөж байх, ялангуяа нийлэг эдээр хийсэн болон хэт бариу дотуур хувцас өмсөхөөс татгалзаарай.

Усан бассейнд сэлсний дараа шүршүүрт орж биеэ угааж байх, дасгал хийж хөлөрсөн бол дотуур хувцасаа сольж байх хэрэгтэй.

Унтахдаа агаар сайн нэвтрүүлдэг унтлагын хувцас өмсөж байх.

Хөөстэй банн, үнэр ихтэй саван, хувцас ариутгагч уусмал, эмэгтэй хүний үтрээ угаагч шингэн зэргийг байнга хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Бүлээн усаар бэлэг эрхтэнээ угааж байх.

Ариун цэврийн цаасыг хэрэглэхдээ урдаас хойшоо гэсэн чиглэлээр арчиж байх.

Тараг, йогурт хүнсэндээ хэрэглэж байгаарай. Учир нь түүнд байдаг Lactobacillus acidophilusнь гэдэс болон үтрээний бичил орчны тэнцвэрийг хадгалахад дэмжлэг үзүүлдэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.