
Бүсгүйчүүддээ хэдэн юм зөвлөе.
1. Хүчирхийллээс өөрийгөө хамгаалах нь. Pepper Spray гээд кинон дээр гаргаж ирээд нүд рүү нь цацчихдаг нэг юм байдаг даа. Монголд байдаг эсэхийг нь мэдэхгүй юм. Олдохгүй бол Амазоноос авчихаач ээ. Дарвайсан дуракууд руу цацаж үзмээр санагдаад байдаг юм. Бүр айхтар хүчирхийлэлд өртөх байтугай, зүгээр энд тэнд хүрэх, гудамжинд элдвээр дуудах хүртэл үнэхээр жигшүүртэй муухай байдаг биз дээ? Тийм нөхдүүдийг үүгээр шүршчихвэл ямар сайхан бах тав чинь ханах бол? Найз залуу, нөхөр нь ч гэсэн өмөөрч заамдалцах шаардлагагүй болно. Бараг эрэгтэй хүмүүс ч гэсэн зодоон хийж хувцас хунараа урах уу, дуугүй байж хэн нэгний доромжлолыг дотроо бугшуулах уу гэж байснаас ийм юмтай явж байвал зүгээр ч юм шиг.
2. Ханилан суух тухай. Зарим эмэгтэйчүүдийг хараад байхад "Аййймааар сайн хүн" гараад ирэх юм шиг л хүлээлттэй байх юм. Энэ бол эрсдэл шүү. Бодсон шиг чинь тийм сайн хүн биш байвал яах юм? Хүлээлт өндөртэй эмэгтэйг маллах амархан шүү, яг үнэндээ, сорри. Тийм болохоор өөрийгөө сайхан боловсруулаач ээ. Англи хэл сайн сураад, номын дуу сонсоод, ажил мэргэжилдээ сайжраад, мэдлэгээ тэлээд ирэхээр эрэгтэй хүнд тэгтлээ найдах шаардлагагүй болоод тавих шалгуур чинь дээшлэх биш харин ч буурдаг юм шүү дээ. Сайн хүн бодохоосоо өмнө аюулгүй байдлаа бодох чухал. Өмнө нь бол амьдралыг аваад явчих ноён нуруутай, хангай шиг өмөг түшигтэй хүн хэрэгтэй байсан бол одоо өөрөө амьдралаа авч явахад хангалттай оролцож чадахаар болсон болохоор зүгээр л хэлсэндээ хүрдэг, өөртөө таарсан ажилтай, зорилго тэмүүлэлтэй, цэмцгэр, муу зуршлын боол болоогүй, уур уцаараа хянаад сурчихсан жирийн нэг эр хүн байхад л хажууд байхад ханьтай болоод л явчихна. Эмэгтэй хүнд бүх шийдвэр өөрийнх нь гарт байдаг, бүх боловсролыг эзэмших үүд хаалга нээлттэй байдаг өнөө цагт эрчүүдэд айхтар тэгж амьдралаа авч явах, хангай мангай шиг байх үүрэг, хүлээлтийг өгөөд баймааргүй байна.
3. Аашны тулам байхаа болих тухай. Эрчүүд л ганцхан хүлээцтэй, хүүхэн шиг шамшиганадаггүй, тэвчээртэй, биеэ сайн барих ёстой баймааргүй байна. Хүүхнүүд ч гэсэн одоо бүх сэтгэл заслын үйлчилгээ нээлттэй байгаа үед ааш зангаа татаж, биеэ барьж сурмаар байна аа. Сайн залууг бурхан ааштай эхнэрээр шагнадаг ч гэнэ үү, яадаг ч гэнэ үү ингэж нэгнийгээ өөгшүүлэхгүй баймаар байна аа. Бид ямар хүний асгарсан аашийг шингээж явах ёстой шалны алчуур биш дээ. Тийм их жендерийн тэгш эрх мэрх ярьдаг юм бол энэ тал дээрээ ч гэсэн тэгш байгаач ээ. Үүнээс болоод бас тэр эрчүүдийн амиа хорлолт гэдэг асуудал чинь талийж өглөө. Ер нь байна ш дээ, ямар ч эр хүнд тийм их халгиж цалгисан хайр халамж гэхээсээ илүү хүндлэх, өөрийг нь ойлгох, орон зайг нь олгох л чухал байдаг юм шүү дээ.
Хэцүү үед нь хамт байх, хань болох нь мэдээж чухал боловч энэ санааг хохирогчийн сэтгэхүйтэй хүмүүс өөрийгөө өмөөрөхөд их ашиглаж байна. Хэцүү биш байх арга хэмжээгээ өөрсдөө аваач ээ. Цаг минут тутам хажууд нь хажуулдаад байж байх ёстой юм шиг л, байнга л муур шиг эрхлүүлээд байх ёстой юм шиг санаад гуураас нь зуурчхаад тавьдаггүй эмэгтэйчүүд их байх юм.
Багадаа хайраар дутсан барьсан, хүүхэд нас хүнд хэцүү байсан асуудлаа хэзээ болтол лоозон шиг барьж явах юм бээ. Аан бас тийм, түүхийн бүх цаг үед хөгшин залуу хамаагүй бүх эрчүүд сайхан хүүхэнд дуртай. Нөгөө эрэгчин зөн нь "Наад сайхан амьтандаа үр удмаа үлдээчих" гээд цаанаас нь дарамтлаад байдаг байхгүй юу. Тийм болохоор сайхан байхаа битгий болиоч ээ.
Э.Мөнхбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.