Дэлхийн аварга Г.Болдбаатар

Twitter Print
2014 оны 08-р сар 28-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Челябинск хотод 2014 оны жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д 60 бах барилдсан. Энэ жинд дэлхийн чансааг тэргүүлж буй дөрвөн бөх хэсэг толгойлж, дэлхийд гуравт эрэмблэгдсэн ОУХМ Г.Болдбаатар “D” хэсгийг толгойж нэгдүгээр тойрогт гоц мөргөжжээ. Улмаар хоёрдугаар тойрогт Туркийн К.А.Сахиныг цэвэр, гуравдугаар тойрогт Тайваныг бөхийн цэвэр, хэсгийн аваргын төлөө Казахстаны И.Айбекийг юүко үнэлгээгээр ялж хагас шигшээд үлдсэн. Медалийн төлөөх барилдаанд Гүржийн П.Амираныг торгуулиар ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Дэлхийн аваргын төлөө зохион байгуулагч ОХУ-ын бөх Б.Мудрановтой барилдаж манай бөх нэг торгуультай, Оросын бөх хоёр торгуультай цаг дуусч ОУХМ Г.Болдбаатар алтан медаль энгэртээ зүүлээ.

ОУХМ Г.Болдбаатар 1987 оны нэгдүгээр сарын 3-нд төрсөн. Түүнд Олимп, дэлхийн аваргаас бусад бүх медаль байсан. Харин 2014 онд өөрийнхөө зорилгыг биелүүлж дэлхийн аварга болсон юм. Шинэхэн дэлхийн аварга маань 2000 оноос жүдо бөхийн төрлөөр хичлээллэж Азийн аваргаас нэг алт, Олон улсын жүдо бөхийн холбооны гран-при, мастерс, гранд-прикс зэрэг тэмцээнүүдээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл, дэлхийн цомоос 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл, Олон улсын чанартай тэмцээнүүдээс 2 алт, 1 хүрэл медаль хүртээд байжээ.

Шинэхэн дэлхийн аварга Г.Болдбаатар 2013 оны Риогийн дэлхийн аваргад медалиас атгаад алдсан. Тэрээр медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Б.Амартүвшинтэй учраа таарсан билээ. Харин Б.Амартүвшин Бразилийн татами дээрээс мөнгөн медаль хүртэж байв.

Челябинскийн дэлхийн аваргад оролцож буй бусад бөхчүүдийн хувьд эхний өдөр дэлхийн аварга М.Уранцэцэг нэгдүгээр тойрогт БНХАУ-ын бөх Шье Шишиг ялж хоёрдугаар тойрогт Японы К.Амид юүко үнэлгээ алдаж хожигдсон байна. Ийнхүү аваргаа хамгаалахаар очсон М.Уранцэцэг тэмцээнээ дуусгалаа. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Д.Иринаг ваза-ари үнэлгээгээр ялж хоёрдугаар тойрогт Кубын М.Даяарист хожигдож шилдэг 32 бөхийн тоонд багтжээ.

Өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын хоёр дахь өдөр бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 52, 57 кг-ын барилдаан болно. Дээрх жингүүдэд Монгол улсаас 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар, Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа, ОУХМ Д.Сумъяа нар барилдах аж.

Жүдо бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн бөхчүүд

О.Балжинням-1989 оны Блеградын дэлхийн аваргын мөнгөн медаль

Д.Баттулга-1989 оны Блеградын дэлхийн аваргын хүрэл медаль

Х.Эрдэнэт-Од-2005 оны Кайрын дэлхийн аваргын хүрэл медаль

Х.Цагаанбаатар-2009 оны Роттердамын дэлхийн аваргын алтан медаль

М.Бундмаа-2010 оны Токиогийн дэлхийн аваргын хүрэл медаль

Х.Цагаанбаатар-2010 оны Токиогийн дэлхийн аваргын хүрэл медаль

М.Уранцэцэг-2013 Рио де Жанейрогийн дэлхийн аваргын алтан медаль

Б.Амартүвшин-2013 оны Рио де Жанейрогийн дэлхийн аваргын мөнгөн медаль

Г.Болдбаатар-2014 оны Челябинскийн дэлхийн аваргын алтан медаль

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.