“Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад ял төлөвлөжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 26-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

“Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖМ, Кристобал Ж Дэвид нар нь 2007-2011 онуудад татварын тайлан тооцоогоо нуун дарагдуулсан хэрэгт шалгагдсан.

Тус эрхмүүд Монгол Улсын Татварын Ерөнхий газарт тайлагнахдаа борлуулалтын орлого болон татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж түүнчлэн татвар ногдох орлогыг зориуд бууруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тодруулбал, 273 тэрбум 599 сая 403 мянга 500 төгрөгийн орлогод ногдох татварыг төлөхөөс зайлсхийн улсад онц их хэмжээний хохирол учруулсан юм. 

Тус хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэж эхэллээ. Шүүх хуралд шүүгчээр Е.Цогтзандан, Т.Алтантуяа, Г.Ганбаатар, улсын яллагчаар О.Гэрэл оролцож байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Н.Цогт, Ж.Эрдэнэбулган, Э.Уянга, Ц.Цэрэнжээ, П.Одгэрэл иржээ. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байсан бөгөөд хоёр өдөр үргэлжлэхийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Мөн үүнээс гадна тус орлогын дүнд ногдох татвар, нөхөн төлөх татвар, торгууль, алданги хүүгийн хамт нийт 84 тэрбум 900 сая 263 мянга 900 төгрөгийн татвараас санаатай зайлсхийсэн нь нотлогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйл ангид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таваас найман жил хүртэл хугацаагаар хорих тухай тусгасан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.