
Хүн амынх нь дунд коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Хойд Солонгосын эрх баригчид эм тан, ариутгалын бодис, халууны шил зэргийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлжээ.
Хойд Солонгосын эрх баригчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хойд Солонгосын уламжлалт эм тангууд нь халуун бууруулах, өвдөлт намдаахад өндөр үр дүнтэй талаар онцолж эхэлжээ.
Лхагва гарагт тус улсад коронавирусын шинж тэмдэг бүхий 262 270 тохиолдол шинээр бүртгэгдсэн хэмээн мэдэгдсэн ч тэдгээрийн яг хэд нь коронавирусын шинжилгээгээр эерэг гарсан болох нь тодорхойгүй байна.
Хойд Солонгост коронавирусын халдвар анх бүртгэгдсэнээх хойш коронавирусын шинж тэмлэг бүхий 2 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас баржээ.
Хойд Солонгосын эрүүл мэндийн төслүүд дээр ажиллаж байсан Харвардын их сургуулийн олон улсын эрүүл мэндийн мэргэжилтэн Ки Пакийн үзэж байгаагаар Хойд Солонгост хөл хорио тогтоосноор халдварын тархалт буурах ч эрүүл мэндийн салбарын хөгжил дорой учраас коронавирусын халдвар хэдийн авсан иргэдийн асуудал хүндрэх төлөвтэй байгаа аж.
Пхеньян болон ойролцоох хотуудад үйлдвэрүүд тариур, эм тан, халууны шил зэрэг цар тахалтай тэмцэхэд шаардлагатай зүйлсийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ.
Мөн тусгаарлах байрууд олноор нь барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг идэвхжүүлжээ. Халдваргүйжүүлэх уусмал бэлтгэх зорилгоор Хойд Солонгосын бүс нутгууд Пхеньянд хэдэн мянган тонн давсыг нийлүүлжээ.
Хүн ам нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй учраас Хойд Солонгосын эрх баригчид иргэддээ КОВИД-19 өвчний үед өвдөлт намдаах эм, антибиотик хэрэглэж, хоолой амаа давстай усаар зайлж, ургамлын цай уухыг зөвлөж байна.
Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хойд Солонгосын Air Koryo агаарын тээврийн компанийн онгоц Хятадаас эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл тээвэрлэн Пхеньянд өнгөрсөн даваа гарагт буужээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.