Электрон тамхи уушгинд үрэвслийг үүсгэдэг бөгөөд тэрхүү үрэвсэл нь бүх халдварт өвчний үүр уурхай болдог ажээ

Twitter Print
2022 оны 02-р сар 12-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

ЭЛЕКТРОН ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИД COVID-19-ЭЭР ӨВЧИЛСӨН ҮЕД СУБЬЕКТИВ ШИНЖ ТЭМДГҮҮД ХҮНДЭЭР ИЛЭРДЭГ/ АНУ

Электрон тамхи хэрэглэдэг хүмүүс шинэ коронавирус (COVID-19)-ийн халдвар авсан тохиолдолд тэдний субьектив (өөрсдөд нь мэдрэгдэх) шинж тэмдгүүд амархан хүндэрдэг тухай АНУ-ын Майо клиникийн баг судалгааны үр дүнгээ нийтлүүлсэн байна.

Эх сурвалж: McFadden DD, et al. J Prim Care Community Health. https://doi.org/10.1177/21501319211062672

Судалгааны үр дүнгээс харахад электрон тамхи хэрэглэгчид COVID-19-ийн халдвар авсан тохиолдолд ийм төрлийн тамхи хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад амтлах, үнэрлэх мэдрэхүйн алдагдах, цээжээр өвдөх, толгой өвдөх, булчин өвдөх, жихүүдэс хүрэх, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд нь илүү их тохиолдож байгаа байдал ажиглагдсан гэнэ. Мөн ердийн тамхины хэрэглээтэй нийлүүлж анализ хийж үзэхэд яаралтай тусламжийн үзлэгийн давтамж ихэссэн байна.

Энэ судалгаанд 2020 оны 3-р сарын 1-ээс 2021 оны 2-р сарын 28-ны хооронд АНУ-ын Майо клиникт эмчлүүлсэн COVID-19-тэй 14,368 өвчтөний эмнэлгийн бүртгэлийг ашигласан байна.

Электрон тамхи хэрэглэдэг болон хэрэглэдэггүй өвчтөнүүдээс нас, хүйс, арьс өнгөөр ижилсүүлэн, 1: 5 харьцаагаар 18 ба түүнээс дээш насны насанд хүрсэн 289 болон 1445 өвчтөнийг түүвэрлэн, субъектив шинж тэмдгүүдийн түвшинг харьцуулсан байна. Үүний үр дүнд доорх шинж тэмдгүүдийн хувьд бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаж.

Цээжний өвдөлт электрон тамхи хэрэглэгчдэд 16%, хэрэглэдэггүй хүмүүст 10% (P = 0.005), ижил дарааллаар жихүүдэс хүрэх 25% ба 19% (P = 0.0016), булчин өвдөх 39% ба 32% (P = 0.004), толгой өвдөх 49% ба 41% (P = 0.026), амт, үнэрлэх мэдрэхүй алдагдах 37% ба 30% (P = 0.009), дотор муухайрах/бөөлжих/хэвлийгээр өвдөх 16% ба 10% (P = 0.003), суулгалт 16% ба 10% (P = 0.004), толгой эргэх 16% ба 9% (P <0.001). Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэх давтамжийн хувьд ердийн тамхитай нийлүүлээд анализ хийхэд бүхий л шалтгааны улмаас ирж үзүүлэх магадлалын харьцаа (OR) 3.68 (95%-ийн итгэлийн интервал 1.92-7.07), COVID-19-ийн шалтгаанаар ирж үзүүлэх нь OR 3.00 (1.21-7.39) байж.

Энэ судалгааны үр дүнгийн талаар мэргэжилтнүүд бас өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн байгааг товчхон дурдья. Тэд үүний шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. "Ердийн болон электрон тамхи нь амьсгалын зам, уушгийг гэмтээдэг. Тиймээс амьсгалын замын өвчтэй хүн COVID-19-ээр өвдвөл бүр амь насанд нь аюул учруулж болзошгүй.

Утааг сорох үед амьсгалын замын эсэд агуулагдах ангиотензин хувиргагч фермент 2 (ACE2) рецепторын тоо ихсэж, шинэ коронавирусийг халдварлахад хялбар болгодог байж магадгүй. Учир нь шинэ коронавирус нь эс рүү нэвтрэхдээ ACE2 рецепторыг тулгуур болгон ашигладаг. Олон тооны вирус нэвтэрсний үр дүнд COVID-19 улам хүндрэх магадлалтай" гэж.

Мөн тэд "Электрон болон ердийн тамхинаас татгалзах бас нэг шалтгаан бий боллоо. Хэрэв та ийм төрлийн тамхи татаж эхлээгүй байгаа бол хэзээ ч эхлэх ёсгүй шүү" гэж зөвлөсөн байна.

Эдгээр эрдэмтийн үзэж буйгаар "Электрон тамхи уушгинд үрэвслийг үүсгэдэг бөгөөд тэрхүү үрэвсэл нь бүх халдварт өвчний үүр уурхай болдог ажээ. Энэ нь улмаар COVID-19-тэй холбоотой бүх биеийн шинж тэмдгүүдийг улам дордуулж, халуурах, булчин өвдөх, бие ядарч сульдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүдийг илүү нэмэгдүүлдэг” юм байна.

Судалгаанд 18-аас доошхи өсвөр насныхныг хамруулаагүй ч энэ насны бүлгийнхэн ч электрон тамхи хэрэглэдэг, тиймээс өсвөр насныханд ч яг ижил үр дүн ажиглагдаж байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.

Дашрамд дурдахад:

Манай ихэнхи хүмүүс электрон тамхийг хоргүй хэмээн ташаа ойлгодог. Ялангуяа залуу хүмүүс ердийн утаат тамхинаас гарах зорилгоор гэдэг ч юм уу эсвэл гоё тансаг харагдах гэж хэрэглэдэг. Гэвч электрон тамхи нь утаат тамхитай харьцуулахад никотины үйлчилгээ нь хэд дахин их, химийн аргаар гаргаж авсан учир эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь ч бүр илүү их байдаг. Тиймээс аль болох татаж эхлэхгүй байх нь чухал гэдгийг зөвлөж байна.

Тамхинаас гарахын тулд электрон тамхи руу шилжих нь тамхинаас гарах үр дүнтэй арга биш болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тамхинаас гарсны дараах эхний жилд тамхи татах эрсдэл нь тамхинаас бүрэн татгалзсан хүмүүсээс илүү электрон тамхи гэх мэт тамхины бүтээгдэхүүнд шилжсэн хүмүүсийн хувьд өндөр байсан.

Эх сурвалж: Pierce JP, et al. JAMA Netw Open. 2021;4:e2128810.

АНУ-ын залуучуудын дунд явуулсан судалгаагаар электрон тамхины хэрэглээ нь коронавирусын (COVID-19) халдвар авах эрсдэлтэй холбоотой болохыг тогтоосон Стэнфордын их сургуулийн судалгааны багийн үр дүн нийтлэгдсэн байдаг.

Эх сурвалж: Association Between Youth Smoking, Electronic Cigarette Use, and COVID-19. Gaiha SM, et al. J Adolesc Health. 2020 Aug 11.

Электрон тамхи, ууршуулах бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушгины гэмтлийн (EVALI) улмаас нас барсан болон нас бараагүй тохиолдлын талаарх АНУ-ын хэмжээнд хийгдсэн судалгаагаар нас барсан тохиолдлуудад гуурсан хоолойн багтраа, зүрхний өвчин, сэтгэцийн эмгэг зэрэг хавсарсан өвчнүүд нас бараагүй тохиолдлуудтай харьцуулахад илүү өндөр хувьтай байгаа нь тодорхой болсон байна.

Эх сурвалж: Werner AK, et al. N Engl J Med. 2020;382:1589-1598.

Электрон тамхины эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх судалгаанууд улам бүр нэмэгдэж байгаа бол түүний нэг нь электрон тамхи нь ясны хугаралын эрсдэл болж байгаатай холбоотой нотолгоо бүхий судалгааны үр дүн бас саяхан нийтлэгдсэн. Энэ судалгаагаар электрон тамхины хэрэглээ нь дунд чөмөгний ясны хүзүү хэсгийн хугарал, нугаламын даралтат хугарал, бугуйн ясны хугарал зэрэг эрсдэлийг 46% -иар нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байдаг.

Эх сурвалж: American Journal of Medicine Open, 2021. 11.22

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.