Цахилгааны утсанд өлгөсөн гутал олон агуулга илэрхийлдэг

Twitter Print
2021 оны 12-р сар 23-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн олон улс орнуудад тухайлбал Хойд болон Латин Америк, Европ, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудын том жижиг хотуудад гудамжны цахилгааны утаснаас эсвэл модноос дүүжилсэн кет пүүз тааралдах нь бий.

Улс улсаасаа хамаарч өөр утга агуулгыг илэрхийлдэг бөгөөд хамгийн түгээмэл байдаг нь АНУ юм байна. Тэнд бол энэ нь мансууруулах бодис олох боломжтой цэг болохыг заадаг тэмдэг бөгөөд пүүзний загвар, өнгө зэрэг нь ямар төрлийн мансууруулах бодис болохыг хэлдэг гэнэ.

Мөн энэ нь гэмт бүлэглэлүүдийн эзэмшлийн хил хязгаарыг сануулсан дохио ч болдог байна. Бас гэмт бүлэглэлүүдийн хоорондын мөргөлдөөний үеэр амиа алдсан нэгнийхээ пүүзийг бусад нь тэр газарт нь орхидог юм байна. Яг л манайхны хүн амиа алдсан газар хадаг уяад орхидог шиг.

Өлгөөстэй хуучин пүүз гэмт хэргийн ертөнцөд ийм утга агуулгатай бол их дээд сургууль ялангуяа цэргийн сургуулиудын оюутан залуусын хувьд арай өөр утгатай болж ирдэг. Оюутнууд сургуулиа төгссөн өдрөө бүх зүйл дууссаны билэгдэл болгож гутал болон бусад зүйлсээ дээш шидэцгээдэг байна.

Спортынхон бол өмссөн пүүзээ ялалт ялагдлын тэмдэг болгон өлгөж орхих нь бий гэнэ. Тэгвэл Европт тухайлбал Чехэд зарим залуус зандан байдлаа алдсаны тэмдэг болгож пүүзээ цэцэрлэгт дүүжилдэг бол Испанид ган болох үед бороо дуудах хэрэгсэл болгодог байна.

Колумбд гутлаа гадаа өлгөх нь өвчилсөн хүүхдийг илааршихад тустай гэж үздэг бол Гватемал улсад сарьсан багваахай үргээх шилдэг арга нь болдог ажээ.

Шинэ Зеландад жил бүр пүүзээ хэр өндөр шидэх вэ гэсэн уралдаан тэмцээн ч болдог байна. Утаснаас дүүжилсэн пүүз нь харьцангуй удаан тэсч үлддэг ба бүр 5-7 жил болох нь байдаг гэнэ.

Орчин үед хүмүүсийн амьдралын хэмнэл хурдасч үүнийг дагаад өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой пүүзийг ихээр өмсөх болсон. Үүнээс улбаалан хотын соёлд хүртэл “shoe-tossing”, “ shoefiti” гэж нэрлэгдэх болсон дагалдах урлагийн урсгалууд ч бий болжээ.

Манай улсад гадны сайн муу соёлын нөлөө ихээр нэвтрэх болсон өнөө үед энэ мэт зүйлүүдэд анхаарал болгоомжтой хандах шаардлага урган гарч ирж байна. Чимээгүй цагаан тахал манай улсад улам хүрээгээ тэлж байгаа өнөө үед хэнийх нь ч үр хүүхдүүд өртөж болзошгүй юм. Сургууль түүний ойр орчим, байрны гадаах тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуусын олноороо цугладаг газруудад иймэрхүү далд утга агуулсан зүйл байгаа эсэхийг эцэг эхчүүд анзаарч нягтлаж байх шаардлагатай байна.

Өрөөсөн бойтог олсон бол өлгөчихөөд өхөөрдөж суудаг монголчуудын хувьд өлгөсөн пүүз бол өөр асуудал шүү гэдгийг ойлгож мэдэх цаг ирсэн байна.

Б.Батцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.