
Олон улсын олимпийн хорооны гишүүн Richard William Duncan олимп нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан гэсэн мэдээллийг USA today-д өгчээ. Харин Мягмар гарагт /2020.03.24/ Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах болон Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар цахимаар холбогдож, "Токио-2020" Олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр хүргэсэн "COVID-19" цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж тус шийдвэрийг гаргасан бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл уг шийдвэрийг баталгаажуулсан байна.
Япон улсын нийслэл Токио хотод болох Зуны олимпийн нээлт 2020 оны 7-р сарын 24-нд болохоор товлогдоод байсан. Канад, Австрали, Англи улс өөрсдийн тамирчдаа оролцуулахгүй гэсэн шийдвэр нэгэнт гаргасан юм.
Нөгөө талаар Токио хотод Корона вирусын тархалт өдөрт хэд хэдээр нэмэгдэж байгаа. Хэрэв халдвар авсан тохиолдол 500-д хүрвэл онцгой байдал зарлана гэж Токио хотын дарга Кэйко Юрико саяхан мэдэгдсэн.
Зуны XXXII олимпын наадмыг ийнхүү 2021 онд зохион байгуулахаар хойшилсон ч албан ёсны нэршлийг "Токио-2020" гэж хэвээр үлдээхээр тогтжээ. Мөн олимпын бамбарыг Япон улсад хадгалах аж.
“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын галт бамбар гуравдугаар сарын 12-нд уламжлал ёсоор Грекийн эртний “Олимпиа” уулнаас бадамлан асч, долоо хоногийн турш олимпийн өлгий нутгаар аялж зохион байгуулагч орон Япон оронд өнгөрсөн бүтэн сайн өдөр ирсэн юм.
Олимпийн бамбарыг чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 12 удаагийн аварга Саори Ёшида, жүдо бөхийн олимпийн гурав, 1997 оны дэлхийн аварга Тадахиро Номура гэсэн домогт аваргууд бамбарыг тосч авчээ. Токиогийн олимпийн бамбар энэ сарын 26-наас Фүкүшимад байрлах спортын бэлтгэлийн танхимаас эхэлж Японы 47 мужийн 858 хот тосгоноор аялах төлөвлөгөөтэй байжээ.
Эх сурвалж: https://www.telegraph.co.uk/
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.