
Саяхны хуйсагнасан салхитай өдөр толгойгоо битүү шахам ороогоод нүдээ байдгаараа онийлгон гэрийн зүг хар гүйхээрээ явж байтал алтан тоноглол бүхий хар саравчтай малгай гялалзуулж, мөн тийм тэмдэг бүхий хар цамцаа ил гарган урт хар цув салхинд намируулсан нэг их ганган эр урдаас ирж явлаа. Улаанбаатарын шороотой гудамжинд гангадсан гэмээр тэр эрхэмд ойртон ирвэл “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, Монголын ард түмэнд хайрлуулан хүндлэгдсэн Улсын филармонийн гоцлол дуучин МУГЖ Хайдавын Төмөрбаатар байв аа.
Улаанбаатарын гудамжинд тэр бүр үзэгдээд байдаггүй ховор сайхан хүнтэй таарсандаа олзуурхан ажил амьдралаас өгсүүлээд өчнөөн асуудлаар “буу халснаа” та бүхэнд хүргэж байна.
Ярилцлагынхаа эхэнд залуучууддаа зориулан Хайдавын Төмөрбаатарын тухай товч танилцуулгыг хүргэе.
Улсын филармонийн “Баян монгол” чуулгыг үндэслэн байгуулагч анхдагчдийн нэг дуучин Х.Төмөрбаатар Хөгжим бүжгийн дунд сургууль төгсч, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр төгсчээ. Улсын филармонийн “Соёл эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Оюутан ахуйдаа 1972 онд Киев хотод болсон оюутан, залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр эстрад урлагийг сонгосон нэрт дуучин. 1977 онд Сочид болсон “Улаан сарнай” тэмцээн, 1984 онд Германы Дрезден хотод болсон “Рок Шлягер” олон улсын тэмцээний III, 1986 онд Братиславын цомын тэмцээний үзэгчдийн, мөн олон улсын “Ая дууны жигүүр”, “Орос дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан, тэмцээн, наадмын тэргүүн байрын шагналуудыг удаа дараа авч Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч. 2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдэгээр шагнагдсан.
Юнител групп “Hero Entertainment” студитэй хамтран ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээж буй хуучны болон орчин цагийн сэтгэлд хоногшсон 100 дууны жагсаалтад МУГЖ Х.Төмөрбаатарын дуулсан “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, "Сайн байна уу, Улаанбаатар минь" дуунууд зүй ёсоор багтсан юм.
-Таныг харсан чинь шууд л хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн ахын тань тухай асуумаар санагдлаа. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо Г.Хайдав гуай хүүгийнхээ тухай сэтгэл шимширтэл ярьсан нь одоо ч сэтгэлээс гарахгүй юм?
-Тийм ээ, ах маань сураггүй хэвээрээ л байна. Гэхдээ амьд мэнд яваа гэсэн итгэлтэй л байдаг даа. Би чинь эхээсээ гурвуулаа юм. Сэргэлэн ах, дундах нь би, тэгээд Алтансүх гээд охин дүү маань байгаа. Гурвуулаа л удмаа дагаад гэх юм уу урлагийн хүмүүс. Сэргэлэн ах маань их авьяастай хүүхэд байсан. Хойно, Санктпетербургт Мөнхшүртэйгээ хамт суралцаж төгссөн. Шүрээ чинь анх Цэргийн ансамбльд бүжигчин байсан, хачин сайхан охин. Хойно ах хөгжмийн зохиолчоор, Шүрээ дуурийн дуулаачаар сураад төгсч ирж байлаа. Ах эгч хоёр маань С.Чинбат гээд нэг хүүтэй. Мистер энэ тэр тэмцээнд оролцоод түрүүлж байсан даа, хачин сайхан залуу бий. Одоо Америкт Чикагод амьдраад олон жил болж байна. Манай Г.Сэргэлэн ахыг бол монголчууд андахгүй дээ, “Сэргэлэн бага нас” дуугаар нь. Монголчууддаа би их баярладаг юм. Хичнээн амьдрал хэцүү байгаа ч сураггүй болсон ахыг маань бүгдээрээ л сэтгэлээрээ хайлцаад, олчих юмсан гээд байдаг. Түүний тухай нэг ч муу үг хэлэхгүй. Миний амьдрал ч бас янз бүр л байна. Олон түмэнд нэг их муу хэлэгдэж явснаа мэдэхгүй юм. Манай гэр бүлийнхнийг ард түмэн ингэж их хайрлаж байхад би хайр хүндэтгэлийг дааж амьдрах юмсан л гэж хичээж ирсэн.
Ахыгаа хайж Оросын наад захаар бас жаал жуул явсаан. Хүн амьтан Тувад, заримдаа Якутад эхнэр авчихсан байна лээ гээд барим тавин юм ярьдаг л юм. Нээрээ ч Оросын нэг тосгонд төвхнөчихсөн байх гэж бодоод байдаг, яагаад ч юм. Оросын тэр олон хөдөө буйд тосгон чинь олон юм агуулна шүү. Олох ч боломж байхгүй.
-Аав нь сайн байна уу?
-Аав хичээлээ заагаад, зөвлөхөө хийгээд надаас дээр дэгдэж яваа. Ясны уран бүтээлч хүн шүү дээ.
-Аавын тань тухай ярьснаас Г.Хайдав гуайн тэр бие хаагаа авч яваа байдал, яриа хөөрөө үнэхээрийн нэг гайхамшигтай үлгэр жишээ хүн юмаа. Ийм л хүн байгаа учраас дараа дараагийнх нь уран бүтээлчид энэ хүний энд хүрч бүтээж туурвиж, бие хаагаа авч явах урмаар хөглөгдөж байдаг байх даа?
-Миний муу аав залуудаа их зовлон үзсэн. Аав 20 настай, ээж маань 17-хон настайдаа амьдрал холбосон гэдэг. Ээж Дарьсүрэн гээд шанзчин хүн байсан. Сэргэлэн ах зургаатай, би гурван настай, Алтансүх охин дүү маань өлгийтэй байхад аав Орос руу сургуульд явсан гэдэг. Энэ хойгуур ээж өвчний улмаас нас барсан. Аав оюутан байсан болохоор биднийг ээжийн ээж буюу эмээ дээр маань орхиод буцсан гэсэн.
Харин сургуулиа төгсөөд ирэхдээ орос ээжийг дагуулаад ирсэн. Александра Дмитриевна Гонгор гээд орос ээж маань залуухан бүсгүй, ирээд ах, дүү бид гурваас намайг сонгож өөр дээрээ өсгөсөн. Харин Сэргэлэн ах, дүү хоёр маань эмээ дээр өссөн юм. Гэсэн хэдий ч бид 3 байнга уулздаг, аав маань хүүхдүүдээ эргэж тойрдог байсан. Орос ээж маань, би Маам гэж дуудаж заншсан, маш сайхан сэтгэлтэй хүн байсан. Өөрөөс нь үр хүүхэд гараагүй ч намайг эхийн хайраар өсгөж хүмүүжүүлсэн. Миний энэ хэнд ч дараа болдоггүй, муу бодол өвөртөлдөггүй, элдэв аахар шаахар зангүй боловсон маягийн зан чанарыг Маам маань надад зааж сургасан. Би багаасаа л Маамыг дагаад том дарга нарын гэрт очдог. Ю.Цэдэнбал даргын үсийг засах гээд очиход нь дагаж очоод ширээн доогуур нь мөлхөөд "хөлөө холдуул" гээд явж байсан “нөхөр” шүү дээ.
Аав, Маам хоёр маань л биднийг урлаг сэтгэлгээтэй болгож төлөвшүүлсэн. Бид бүгд Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч төгсөцгөөсөн бас бүгд Оросод урлагийн дээд боловсрол эзэмшсэн. Би ааваараа маш их бахархдаг. Орос ээж маань аавын овгийг авсан. Москвад эмчлүүлж байгаад нас барсан л даа. Тэгээд тэнд нь оршуулсан юм. Би тэгэхэд 16, 17-той л байсан болов уу. Хожим нь Москва орж газар дээр нь очиход чулуун дээр нь Александра Дмитриевна Гонгор гэж бичсэн байсан.
-За та ч тэгвэл аргагүй л унаган орос хэлтэй, орос “школ”-той, орос ээжийн хүү юм байна?
-Тэгэлгүй яахав. Орос ээж маань намайг хаана ч явсан хөтлөөд л явж байдаг байлаа. Их ч юм заасан, сургасан. Намайг Сочид Олон улсын эстрадын дуучдын тэмцээнд оролцоод тэргүүн байр эзлэхэд Оросын нэг сонин дээр “На конкурсе есть великолепный певец из Монголии. Он не только чисто поёт по-русски, у него чисто русская душа” (Энэ уралдаанд Монголоос нэгэн гайхамшигтай дуучин оролцож байна. Тэр оросоор цэвэрхэн дуулаад зогсохгүй яг орос хүн шиг сэтгэх юм. орч.) гэж бичсэн байсан. Уралдааныг зохион байгуулагчид хүртэл хэлж байсан, нүдээ аниад сонсоход яг л орос хүн дуулж байгаа мэт, гэтэл чи яах аргагүй "нарийхан нүдтэй" Ази хүн байдаг гэж. Гоё хэлсэн байгаа биз. Тэд намайг орос ээж хүмүүжүүлснийг мэдэхгүй байхгүй юу.
-Та одоо юу хийж байна?
-Жил орчмын өмнө 20 жил ханилсан ханиа алдлаа. Миний хань чинь Цэрэннадмид гэж Улсын циркэд нугараач байсан хүн. Сүүлийн хэдэн жил бид хоёр чинь Дарханд амьдарч байсан юм шүү дээ. Олон жил өвчтэй байсан муу ханиа цэвэр агаарт арай дээр юм уу гэж бодоод. Тэгээд ханиасаа хойш сэтгэл гансраад, түрээслэж байсан байраа өгчихөөд “урдуур” жаахан тэнэлээ. Сүүлийн хэдэн жил ажил хийх боломж ч байсангүй. Шанхай, Бээжин гэж явсаар Хөх хотод ирлээ. Яс махны минь тасархайнууд болохоор Өвөр Монголд арай дээр юмаа. Одоо би бодож байна. Ханиа алдлаа гээд дагаад үхэхгүйгээс хойш амьд үлдсэн бол үлдсэн шиг үлдье гэж.
Би чинь яг дуучин мэргэжлээр төгсөөгүй, Львовын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчаар төгссөн. Тэрүүгээрээ хоолоо олоод идчих санаатай л яваад байгаа. Сая наашаа хил гараад тамга даруулах гээд ороод ирсэн чинь нутгаа хараад сэтгэл төвдсөнгүй, наашаа “шилрээд” хэд хоночихлоо. Улаанбаатарт наашаа харсанд нь “малгай тавиад” л явж байна даа. Хэндээ төвөг удахав дээ, үнэнийг хэлэхэд гэр орон ч үгүй хүн шүү дээ, би. Миний нэг суурь хүмүүжил тийм юм шиг байгаа юм. Аавынхаа нэрийг бодно, удам судраа бодно, тэгээд хүнээс юм гуйж зовлон тоочиж чаддаггүй. Ард түмнээ тэртээ тэргүй зовж байхад би бас дараа болоод яахав дээ л гэж боддогийм. Ард түмэн хошин шог руу яагаад хошуураад байгаа юм, чимх ч гэсэн инээгээд сэтгэлээ амраагаад гарья л гэж очиж байна. Алтаншагай платформ гутал өмсчихөөд намайг дуурайгаад “Цэцгийн дэлбээнд нуурын ус гялбаад…“ гээд гараад ирэхэд л үзэгчид алгаа ташаад сүйд болж байна.
Монголчууд маань их бухимдалтай стресстэй байна. Гудамжинд залуучууд хэрэлдэж уралдаж, зодолдож тамтагаа алдаж байгаа харагдах юм. Энэ бидний араншин биш ээ. Монгол эр хүнийг гүндүүгүй энэ тэр гэж тодорхойлоход би дургүй. Тэнэг гэсэнтэй адил сонсогддог. Тэрний оронд жентлемэн маягаар тодорхойлбол арай дээр юм шиг санагдахын. Нөгөө гүндүүгүй тодорхойлолттой нөхдүүд нь хүн руу гар далайх, гудамжинд “морь харах”-ыг юман чинээ бодохгүй байна. Харин эсрэгээрээ хоёр хүн зодолдож байхад очоод салгаж байвал энэ бол жинхэнэ эр хүн гэж л би боддог.
Мөнгө төгрөгтэй баян мөртлөө зовж амьдарч байгаа хүн олон байна. Юу ч үгүй мөртлөө сэтгэлээрээ баян яваа хүн ч олон байна. Попын хаан Майкл Жэксон, тэр их хөрөнгийн эзэн нас барчихаад байхад нөгөө муу Төмөрбаатар амьд л байна. Үхлээ, тэр их хөрөнгө хэнд хэрэгтэй юм. Амьд байгаа нь миний баялаг. Бүр олон жил амьдарна гэж бодож байгаа. 70 насныхаа ойгоор том тоглолт тавина гээд хүртэл зорилго тавьчихсан байгаа даа.
Хоёулаа хар бараан юм ярихгүй ээ. Монголчуудад маань өөдрөг сайхан зүйл л хэрэгтэй байна. Тэрэнд сэтгүүлч та нарын оролцоо чухал. Ерөөсөө хар бараан мэдээлэл нийгэмд тараана гэдэг бактерлогийн зэвсэг л гэсэн үг. Хүмүүсийн хийсэн бүтээснийг үнэлж байх хэрэгтэй. Зам барьчихаар нь чүдэнзний мод тавьчихаж, байшин барихаар нь чүдэнзний хайрцаг тавьчихаж гээд, зам нээлээ гэхээр энэ буруу байна, хаагаад өгөөч гээд байж болохгүй биз дээ.
Би бол амьдрал болж бүтэж байна гээд аль болох болох талаас нь л ярих дуртай. Хэнд ч лай болохгүй амиа чимхээд явчих санаатай. Би анхныхаа ханиас Баянмонгол гэдэг сайхан хүүтэй, бас Соёл-Эрдэнэ нэртэй сайхан охинтой. Миний амин охин одоо өвөөтэйгөө хамт СУИС-д багшилж байгаа. Хөдөө тоглоод явж байхад сумын төвийн холбоогоор “хүү төрлөө” гээд цахилгаан ирж магнай хагартал баярлаж байлаа.
-Сайхан түүх байна. Та ойрд уран бүтээл хийж байна уу?
-За гавьсан ч юм алга даа. Би ганц ч CD гаргаагүй хүн шүү дээ. Хорин нэгэн дууныхаа эхийг барьчихсан явна. Өөр юу ч алга. Биднийг мандан бадарч байхад цомог гаргах боломжгүй, техник ч хөгжөөгүй байсан. Манай “Баян-Монгол” чуулгад ч цомог байдаггүй. Сүүлийн үед л хөгжиж байгаа. Тэр ч бүү хэл гитар, эстрадын хөгжимтэй “Баян-Монгол”, “Соёл-Эрдэнэ” гэдэг хоёрхон л хамтлаг байлаа. Одоо бол бараг гайгүй шиг айлын хүүхэд гэртээ иж бүрэн цахилгаан хөгжимтэй байна ш дээ.
Нэг зүйл хэлэхэд манай "Баян Монгол" чуулга энэ олон жил маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, уран бүтээлчид улам чанаржиж сайхан авч явж байгаад маш их баярладаг юм. Соёл-Эрдэнэ хамтлагийг буржгар Жагаа (МУГЖ Д.Жаргалсайхан) сайхан авч явж байна. Жагаа гэснээс сая нэг инээдтэй юм боллоо. Хөх хотод явж байтал хоёр бүсгүй ирээд зургаа хамт татуулъя гэлээ. Овоо ш дээ, манийгаа бас таньж байдаг гээд баярлаад зургаа авахууллаа. Тэгсэн чинь явахдаа "Баярлалаа, Жагаа ах аа" гэдэг байна ш дээ. Манай Жагаа чинь Ар байтугай Өвөр Монголдоо маш алдартай юм билээ. Андуурагдсан ч гэсэн яахав ээ, Жагаагийн дайтай харагдсандаа баярлаад л өнгөрсөн дөө. (инээв)
Миний хувьд сүүлийн хэдэн жил амьдралдаа дарагдаад уран бүтээлээ хойш нь тавилаа. Тэгэхдээ би үзэгч, сонсогчиддоо амьд хоолойгоороо уран бүтээлээ хүргэхийг хүсдэг юм. СД энэ тэр гаргаагүй, тэр бүр миний дууг сонсоод байдаггүй болохоор хааяа нэг “амьдаар” гараад ирэхээр сүйд болцгоодог юм.
-80-аад оны эхээр хөдөө хотгүй дууг нь радиогоор сонсохыг хүсэн хүлээдэг дуучдын тэргүүн эгнээнд та л байлаа шүү дээ. Дахин давтагдашгүй өвөрмөц хоолой, этгээд хэв донж маяг, за тэгээд үгээ хүртэл хэлж байгаа нь эгээ л гадаад хэлээр дуулж буй аятай, үзэгчдийн дунд ороод дуулаад явахад охид бүсгүйчүүд галзуурах дөхдөг байсныг санаж байна. Таныг тэр үед хүмүүс яг л сонин содон үзэгдэл мэтээр хүлээж авдаг байсан нь нууцгүй. Бас дуучин Төмөрбаатар тэгсэн гэнэ, ингэсэн гэнэ гээд л үлгэр домог шиг яриа хөөрөө гараад л. Та ер нь яаж энэ донж маягаа олдог байсан юм бэ. Тэгээд тэр тоглолт болгон дээр өөр өөр аяглаж чаддаг байсан?
-Миний үеийн дуучид гэхэд л бүгд дээд боловсрол гадаадад эзэмшсэн, цоо шинэ эстрад урлагийн дуучин, хөгжимчин гээд диплом өвөртлөөд ирдэг. Бид бүгдээрээ л нийгэмд шал өөр хэв маяг, донж авчирсан. Өмссөн зүүсэн нь хүртэл өөр, сонин содон, үс толгой нь хүртэл өөр, аяглаж байгаа нь өөр. Хүмүүс гудамжинд дагаж яваад хардаг байсан л даа, биднийг. Энэ хэрээр бид бүгд л хичээдэг байсан.
Миний хувьд Оросын алдарт дуучин, Ардын жүжигчин Валерий Леонтьевтой ер нь ойролцоодуу стильтэй. Аа, тайзан дээр аяглахын хувьд би тайзан дээр л гарсан бол энэ миний мэдлийн зүйл биш болж хувирч байгаа юм. Тэр аяглал бол миний сэтгэлээс гарч байгаа хөг юм. Ихэнх дуучид бол өөрийгөө харуулах гэж гардаг бол би бол дуугаа үзэгчдэд хүргэх гэж гардаг дуучин. Тэрнээс би тайзан дээр гараад хоёр тийшээ найгана, эсвэл ингэж бүжиглэнэ гэж хэзээ ч давтаж бэлдэж байгаагүй.
Одоо дурын хүүхэд дуучин, хөгжимчин болж байна. Уул нь сургууль номоороо бүх зүйлээ заалгана. Урлагийнхан биеэ яаж авч явахыг эстетика буюу гоо зүйн хичээлээр л авчихдаг байсан. Урлагийнхан хамгийн их сэтгэл хөдлөлтэй, хөөрүү юм шиг мөртлөө хамгийн их зовлон даадаг хүмүүс байдаг юм ш дээ. Чи сонсож л байсан байх, зах зухаас нь. Ааваа алдлаа, ханиа алдлаа, үр хүүхэд өвдлөө гээд тоглолтоо таслах ямар ч арга байхгүй. Ийм хагацал үзчихээд л тайзан дээр гараад юу ч болоогүй юм шиг аз жаргалтай дүр бүтээх, дуулна гэдэг энэ чадвар хатуужлыг урлагийн сургууль, боловсролоор олж авдаг байсан.
-Донж маяг гэснээс таны наад өмссөн малгай хаанахын, ямар учиртай эд вэ. Би таах гээд оролдоод байлаа?
-Энэ байна ш дээ, Английн Хатан хааны хамгаалалтын албаныханы өмсдөг малгай, цамц. Ерөнхийдөө миний хэв маягийг мэддэг найз нөхөд бас байнаа. Энд тэндээс энэ чамд яг болно гээд аваад ирдэг л дээ.
-Сайхан сонсогдож байна. Таныг гадаадад олон удаа Монголынхоо нэрийг гаргаж байсныг мэдэх юм. Нэг их олон гуншин хэлдэг байсан ш дээ, таныг тайзан дээр зарлахдаа?
-Ах нь Монгол Улсын нүүрийг олон удаа тахалж явсан. Төрийнхөө буянд олон орноор явж үзлээ. Олон Улсын таван удаагийн тэмцээнд оролцож дандаа байр эзэлж байлаа. Анх 1977 онд Залуучуудын эвлэлийн шугамаар Оросын Сочи хотод “Красная гвоздика” (Улаан лиш цэцэг) Олон улсын улс төрийн дууны уралдаанд оролцож, 34 орны залуучуудаас нэгдүгээр байр эзэлсэн. Түүнээс гадна Болгарт зохиогдсон эстрад дууны уралдаанд хоёрдугаар байр, мөн Германд рок дуугаар гуравдугаар байр эзэлж байлаа. Кубад жазз дуугаар дөрөвдүгээр байр эзэлж байсан.
Львовт “Червона Рута”-г дуулдаг алдарт София Ротару-тай хамт суралцаж байлаа, би сонгодог хөгжмийн анги, Ротару үндэсний хөгжмийн ангид. Тэр үед манайд эстрад хөгжөөгүй байсан л даа. Намайг хойно сурч байхад баруунд эстрад урлаг ид хөгжиж, “Битлз” хамтлаг гарч ирж байсан үе. Залуу хүн байсан болохоор өөрийн эрхгүй сонирхож татагдана. Орост байхдаа эстрад дууны уралдаанд орж түрүүлж байлаа. Түүндээ урамшаад, өөрийгөө их тоож эхэлсэн. Түүнээс хойш эстрад дуу дуулсан. Залуудаа онгироо, бардам ч байж.
Миний үеийн дуучид, хөгжимчид одоо ихэнх нь алга. Харамсалтай. Гэтэл Оросын тэр үеийн алдартай дуучид бүгд л улам гялалзаад тайзан дээрээ байж л байна. Оросууд урлагт хайртай ард түмэн. Урлагаасаа таашаал авч, урам авч баярлаж хөөрч амьдарч чаддаг. Төр нь ч хөдөлмөр бүтээлийг нь цагт нь үнэлж байсан. Манайд бол өөр л дөө. Одоо жишээ нь, улсын төсөвт хамгийн их орлого оруулдаг, ард түмэнд домог болон хайрлагдсан Г.Адарсүрэнг яав. Гомдоогоод л юу ч үгүй “явуулчихсан”. Энэ мэт жишээ зөндөө байгаа. Гэтэл бид чинь улсын төсөв бүрдүүлэх гээд хөдөөгийн зах хязгаар нутгийг ч алгасахгүй ард түмэндээ соёлоор үйлчилж явлаа. Ар гэрээ “хаяад” хэдэн сараар явна. Тэглээ гээд бид тогтоосон цалингаа авна. Олсон бүх орлогоо улсад тушаана. Харин одоо хэдэн дуу дуулаад гавьяат болчихсон хангалуун амьдралтай энэ “хүүхдүүд” улсын төсөвт хэдэн төгрөг оруулсан байдаг бол, хэдэн аймаг суманд очиж тоглосон бол?
Сочид болсон 34 орны дуучид оролцсон тэр тэмцээнд нэгдүгээр байранд ороод ирэхэд Монгол Улс надад талархлын бичиг, халуун сав өгч байлаа.
-Тийм үү? Одоо бол шал өөр ш дээ. Тамирчдыг хар даа. Олимп, дэлхийн аваргад медальт байрт шалгарсан бол олон сая төгрөг сар бүр авч, насаараа тэжээлгэх эрхтэй болчихлоо. Бас урлагийнхныг олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргахад бас ч гэж шагнадаг болсон?
-Цаг үе нь тийм л байсан. Бидний үе бусдад дараа болохгүй, хүнээс гуйхгүй амьдрах ийм л үзлээр хүмүүжсэн. Тийм болохоор нэг тэгмээр байна, ингэмээр байна гэж улсаас байтугай ааваасаа ч, үр хүүхдээсээ ч гуйж байсан удаагүй.
Москвад болдог “Мелодия друзей” (Анд нөхдийн ая дуу) Олон улсын фестивальд 10 жил тасралтгүй оролцож байсан. Х.Төмөрбаатарыг явуулаач л гэдэг байсан. Очоод дуулна, гараа болгонд 60 рубль өгөхөд 10 рублиэр хоол авч идээрэй, бусдыг нь “энхрий хайрт нам засаг, эх орондоо” гээд л хураагаад авчихдаг байсан.
Би тэр үед мөнгө, нэр хүнд харж байсан бол өнөөдөр саятан болчихсон байх байлаа. Даанч аав, ээж маань тэгж хүмүүжүүлсэнгүй. Биднийг ингэж мартаж, хаяж болохгүй санагддаг юм. Төр, төр л гэнэ, эцсийн эцэст төр чинь амьгүй зүйл биш ш дээ. Төрийг чинь төлөөлөөд амьтай, биетэй, зүрх сэтгэлтэй л хүн ажиллаж байгаа. Тэгэхээр сэтгэл л дутдаг юм болов уу даа. Гавьяатын тэмдэг энгэртээ зүүчихээд орох оронгүй, оочих аягагүй хүн манай урлагийнхан дотроос олон гарсаан. Гунигтай л байдаг. Гэлээ гээд яалтай ч билээ.
Бид хоёр ийнхүү хуучлав. Хоёулаа муу муухай зүйл ярихгүй, дандаа гэгээлэг юм ярина гэсэн хэрнээ л яах аргагүй яриа маань заримдаа хальтираад ийм сэдэв рүү орчихоод байсан. Баяр хөөртэй царай нь гунигаар дүүрээд л ирэх юм. Тэгснээ гэрэлтээд л ирнэ. Түүний хэлсэн баян мөртлөө гуйлгачин шиг амьдардаг хүн байх юм, ядуу мөртлөө ханхүү шиг сэтгэлээрээ баян амьдрах хүмүүс ч бий гэсэн үг сэтгэлээс минь гарахгүй нь…
Харин энэ ярилцлагаа түүний хэлсэн "Заслужить уважение трудно, зато легко потерять" (Хүндэтгэл хүлээнэ гэдэг амаргүй ч алдах нь алга урвуулахын төдий. орч) гэдэг Орос ардын мэргэн үгээр өндөрлөе. Ярилцлагын турш түүний дуунууд уншигч таны сэтгэл зүрхэнд эгшиглэсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
2016 оны 4-р сар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.77.198) 2023-02-24 16:07Ийм сайхан ярилцлага амьдад нь хийчихдэг сайхан юм.
Хариулах
Зочин
(202.126.90.46) 2022-09-13 15:10Ямар сайхан ярилцлага уншив аа. Сайхан дуучин байсан шүү. Мөнхбаяртаа баярлалаа.
Хариулах