
Цөсний туулга нь цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болж өгөхөөс гадна цөсний өвчний үед хийгдэх хамгийн гол эмчилгээ. Хүн болгон эмийг нь авч уугаад доошоо хэд гүйлгээд цөс туулгачихлаа гэж ойлгодог нь маш буруу.
Туулгыг уламжлалт анагаах ухаанд маш том засал гэж үздэг. Туулгыг буруу хийвэл маш олон хор уршиг, олон янзын өвчлөлүүдийг үүсгэнэ. Тиймээс ч туулгыг хийлгэхээс өмнө тухайн хүний биеийг маш сайн бэлдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Туулга хийлгэх гэж байгаа хүн маань янз янзын давхар өвчлөлтэй, ядруу, хий ихтэй байвал өмнө нь эмчилгээ хийж, хийг маш сайн дарж байж туулгах ёстой. Үүнийг хүмүүс мэдэхгүйгээр туулга хийлгээд дараа нь янз янзын өвчлөлүүд их гардаг. Цөсний туулга эмчилгээний талаарх үйлчлүүлэгчдийн хамгийн их асуудаг асуултуудад хариулт өгье.
ТУУЛГА ЭМЧИЛГЭЭНИЙ ӨМНӨ ЯМАР БЭЛТГЭЛ ХИЙХ ВЭ?
-Цөсний чулуугүй гэж оношлогдсон байх ёстой. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эмч нарт үзүүлснээр тухайн өвчтөнд тохирсон эмийн болон заслын эмчилгээг хийнэ. Хийг дарж, тухайн хүний бие махбодь, өвөрчлөл насанд нь тохирсон эмчилгээг хийх нь чухал.
ЯМАР ТОХИОЛДОЛД ЦӨСНИЙ ТУУЛГЫГ ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ВЭ? /ЦӨСНИЙ ЧУЛУУТАЙ ХҮН ТУУЛГА ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ/
-Тамир муутай, хэт хөгшин, хоолны шингэц багатай, жирэмсэн, шамбарам өвчтэй хүмүүст туулга хийж болохгүй. Гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай бол зөөлөн найрлагатай туулгыг сонгож, эмчилгээ хийсний дараа хийх тохиолдол байна.
ГЭРИЙН НӨХЦӨЛД ТУУЛГАХ НЬ ЯМАР ҮР ДҮНТЭЙ ВЭ?
-Сүүлийн үед туулгах үйлчилгээтэй олон төрлийн юм хүмүүс хэрэглэж байна. Тухайлбал, төрөл бүрийн тураах цай. Энэ нь сайн муу 2 талтай. Заримд нь сайн нөлөө үзүүлж эрүүлжин турж гоолиг сайхан болж байхад заримд нь тийм ч үр дүнтэй байдаггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр хүн бүрийн онцлогт тохирсон эмчилгээ хийх ёстой гэсэн үг юм. Хамгийн гол нь туулгыг буруу хийвэл хэтрүүлсэний гэм, дутуудуулсан гэм гардаг. Туулгыг хэтрүүлвэл тамир барагдаж, биеийн илч үгүй болно, дутуудуулваас хоол ундны дуршилгүй болж, идээ унд шингэхгүй болдог.
ТУУЛГА ХИЙЛГЭСНЭЭР ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
-Хамгийн түрүүнд их эрч хүчтэй болдог, биеийн илч сайжирдаг, оюун ухаан сэргэнэ, өтгөн шингэн цагтаа гарна, сэтгэлийн гуниг гутрал үгүй болно, царай зүс сэргэнэ, сэвх нөсөө толбо бүдгэрнэ, арьсны элдэв батга батгашил үгүй болно гэх мэт тоочоод барахгүй олон тус эрдэмтэй.
ТУУЛГА ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ХЭДИЙ ХУГАЦААНД ГАМ БАРИХ ВЭ?
-Зарим хүмүүс гамыг их хүндээр хүлээж авдаг, зарим нь тоодоггүй. Гам бол маш чухал. Энэ талаар хүмүүс зөв ойлголттой байх хэрэгтэй. Эмч тухайн өвчтөндөө тохирсон гамыг зөвлөдөг. Тухайлбал, туулга хийлгэсэн хүн нэг хэсэгтээ шингэн зутан, шөл гэх мэт шингэхэд хялбар хоол иднэ. Ойр ойрхон бага багаар идэж, архи, тамхийг хориглоно. Эмч өвчтөн бүрд тохирсон эмчилгээг зөвлөж, түүнийг зааврын дагуу хийх нь л гам юм. Тиймээс үүнийг хүндээр хүлээж авах хэрэггүй.
ТУУЛГЫГ ХЭДИЙД ХИЙЛГЭВЭЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
-Туулгыг хэзээ ч хийж болно. Гэхдээ намрын улиралд мөн чанараараа шарын халуун хөдөлдөг учир бага зэрэг эмчилгээ хийлгээд л цөсний туулга хийж болдог. Туулгын дараа сөрөг үр дагавар гарах нь бага байдаг. Тиймээс 7 дугаар сараас эхлээд 8, 9, 10-р сард туулга хийлгэхэд хамгийн тохиромжтой.
Эх сурвалж: Манба дацан эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.