Эмнести Интернэшнл: Оросууд А.Навальныйг удаанаар "хөнөөж" байна

Twitter Print
2021 оны 04-р сар 07-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Хүний эрхийг хамгаалах Эмнести Интернэшнл байгууллага ОХУ-ын Владимирский муж дахь засан хүмүүжүүлэх төвд хоригдож буй ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг Оросын эрх баригчид тамлан зовоож, удаанаар "хөнөөж" байна хэмээн мэдэгджээ.

Эмнести Интернэшнл байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн жилийн 8-р сард "Новичок" бүлгийн бодисонд хордож, ХБНГУ-д эмчлүүлсэн А.Навальныйг хорих ангид шөнө дунд байн байн сэрээж, нойргүйдэхэд хүргэж, эмчид үзүүлэхийг нь зөвшөөрөхгүй байгаа аж.

Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, "ОХУ болон Оросын эрх баригчид А. Навальныйг амиа алдахад хүргэх нөхцөлд хорьж, түүнтэй тохиолдож буй зүйлсийг нуун дарагдуулахыг оролдож байна. Оросын эрх баригчид түүний эрхийг зөрчиж байгаа нь илэрхий байна. Тэд өмнө нь түүнийг хөнөөх гэж оролдсон. Одоо тэд түүнийг тамлан зовоож байгаатай ялгаагүй нөхцөлд хорьж байна." гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт А.Навальный өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр нуруу болон хөл нь хүчтэй өвдөж байгаа тухайгаа хорих ангийн удирдлагуудад мэдэгдсэн ч түүн дээр эмчийг нь оруулахгүй байгаа явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ийнхүү өлсгөлөн зарласан аж.

Нөгөө талаас засан хүмүүжүүлэх ангиас 44 настай А.Навальныйд шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа хэмээн мэдэгдсэн билээ.

Харин Кремлийн зүгээс А.Навальныйгийн эрүүл мэндийн байдлын тухай мэдэгдэл хийхгүй, энэ бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын асуудал хэмээн онцолсон юм.

Оросын сөрөг хүчний тэргүүн А.Навальныйд өнгөрсөн 2-р сард шүүхээс 2.5 жил хорих ялыг ноогдуулсан билээ. А.Навальный болон түүнийг дэмжигчид түүнийг улс төрийн зорилгоор хилс хэрэгт гүтгэн хорьж байна хэмээн үзэж байгаа бол Оросын эрх баригчид А.Навальныйг барууны орнуудын дэмжлэгтэйгээр ОХУ-ын тогтвортой байдлыг алдагдуулах зорилго тавьсан этгээд хэмээн тодорхойлсоор ирсэн юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-rights-amnesty/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.