СГЗ Г.Жамьян - “Коронатай дайтсан нь” эмгэнэлт жүжгийн 5 дугаар үзэгдэл

Twitter Print
2021 оны 04-р сар 27-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

 Сайд дарга нар минь, та нараас хатуу хөл хорио гэдгийг үзэж дуулсан, дунд нь ажиллаж амьдарсан хүн байгаа юм уу. Ажиглавал, дур дураараа л загнаад, завхруулаад байх шиг?!

Та нар тав дахь “хатуу хөл хорио”-гоо зарлалаа. Урьдах дөрөв нь, зүгээр л сонгуулиудад зориулсан эмгэнэлт жүжиг байсан. Энэ удаагийн хатуу хөл хориондоо эрхбиш санаа аваасай гэхдээ үүнийг тэрлэж сууна. Илүү итгэл үнэмшилтэй болгохын тулд  хэдэн баримт авъя.

  • Одоогоос олон жилийн өмнө Завхан аймгийн Тосонцэнгэлд булчирхайн хэлбэрийн тарваган тахлаар хүн нас барж. Тэр доор нь Тосонцэнгэлд хатуу хөл хорио тогтоосон байгаа юм. Хүмүүсийг “одоо байгаа орон байрнаасаа бүү гар!” гээд буутай цагдаа нар гудамж болгонд зогсож байлаа. Түргэн тусламж, хүнс түгээлтийн ганц хоёр машин, морин тэрэг л явж байсан гэдэг. Дэлгүүрийн худалдагч дэлгүүрээсээ гаралгүй, агуулахын нярав агуулахаасаа гаралгүй 14 хоносон гэдэг. Хүнс хоолыг нь түгээлтийн морин тэрэг, машин үүдэн дээр нь аваачиж тавиад үнийг нь дараа ирэхдээ авна. Айлд хоноод тэр айлдаа 14 хоносон хүн ч бий гэсэн. Бүх хөдөлгөөн тэг (00) зогссон учир гэртээ ирж чадаагүй жолооч, ажилтнууд олон байсан. Энэ хорионд 14 хоносон Б одоо Хан-уул дүүрэгт амьдарч байна.

  • Би олон жил эмнэлэгийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байсан тул тахлын голомтонд ажиллаж байсан эмч нарыг таньдаг, хүүхдүүдтэй нь үерхдэг байлаа. Гэмтлийн эмнэлэгийн их эмч агсан Хүнбишийн аав, хүний гавъяат эмч Хас гуай, миний найз Чинбатын аав нэрт эмч Будаев гуай, Ерөнхий сайд агсан  Наранцацралтын  аав домогт эмч Жанлав гуай нарыг сайн таньдаг, бичиж сурвалжилж, номыг нь гаргаж байлаа. Энэ алдарт эмч нар бол жинхэнэ тахлын голомтонд тулалдаж байсан хүмүүс. Хөдөө малчныд тарваган тахал гарч гэнэ. Хас гуай хоол, хүнс эмнэлэгийн эм тариагааа базаагаад тэднийд очиж тахал туссан өвчтнийг эмчилж өөрийгөө ч тусгаарлаж. Жинхэнэ хатуу хөл хорио энд л байсан гэдэг. Хас гуай нүцгэн өгзөгөө ханын нүдэнд наахаар гаднаас нь сувилагч ирж ханын нүдээр тарьчихаад яваад өгдөг байсан юм билээ. 14 хоног тэгэж тусгаарлаад гэрийнхэн, Хас гуай бүгд эрүүл мэнд гарсан. Хас гуай сүүлд гавъяат эмч болсон.

  • Хатуу хөл хорио гэдгийг өнгөрсөн жил биеэрээ тууллаа. Манайх 20 айлтай орцонд амьдардаг. Нэг орой гэнэт цагдаа, түргэн тусламжийн машинууд цуглаж ирлээ. Манай орцны гурван айлын 7 хүн коронавирусээр өвчилсөн юмсанж. Ардаа, урдаа цагдаагийн хамгаалалттай түргэн тусламжийн гурван том тэргэнд дүүрэн хүн ачиж аваад явсансан. Орцны үүдэнд хэдэн давхар хэц татлаа. Цагдаагийн хоёр машин яг үүдэнд гэрлээ тусгаад зогслоо. Тэр дотор цагдаа, онцгойгийнхон байсан байх. Ингээд, дотроос юу ч гаргахгүй, гаднаас хүнсний зүйлийг орцны үүдний ногоон сандал дээр авчирч тавина. Дотроос хэн нэг гарч авна. Ийм байдлаар 14 хоноход коронавирус хоггүй устаж, түүнээс хойш хэдэн сар өвчин гараагүй л байна. Тэхдээ хатуу хөл хорионы дүр зураг л байсан. Утсан харилцаа хөгжсөн өнөөгийн нөхцөлд үүнээс ч хатуу хөл хорио тогтоож болно шүү дээ.

Гэтэл! Гэтэл манай эрх баригчид, хатуу хөл хорио гэдгийг сонгуулийн өмнөх шоу, өөрсдийнхөө архи согтууруулах ундаа борлуулах, баяр цэнгээний зүйл болгон оромдоод байгаа юм. 300 мянган төгрөг тараагаад хатуу хөл хорио тогтоох боломж байсан уу? Байсан. Мэргэжлийн байгууллага, хүмүүс нь санал тавихад Ерөнхийлөгчийн сонгуульд зориуд ойртуулах гэж хойшлуулсаар 4-р сарын 9  хүргэчихэж байгаа юм.

Засгийн газар, Улсын онцгой комисст хоёрхон зорилго байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ойртуулж мөнгө тараах, нөгөө нь архиа борлуулах! Түүнээс биш хүнээ хамгаалъя гэсэн бодол өчүүхэн ч байгаагүй. Хатуу хөл хориог яаж саармагжуулахаа нарийн зохион байгуулах юм. Дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл бөөн бөөнөөр нь архидуулсан бол энэ удаагийн 14 хоногийн сунгалтаар вакцинжуулна гэж хот даяар бөөгнөрүүлж байх юм. Бүх цэгүүдэд өглөө 6 цагаас эхлэн оочирлож байгаа. Тэр болгонд, сумын наадмаас дутахааргүй бөөгнөрөл үүсч байгаа юм. Бас төв гудамжуудыг засч байгаа нь энэ гээд данх, хүрз барьсан хүнээр дүүрсэн. Өнөөх гэрээсээ гарахгүй, хөл хорионд байх хүмүүс чинь энэ үү?!  

Заримдаа ч хэдэн хүн зориуд зохион байгуулалттайгаар ахмадуудаасаа эхлэн цөөлөх бодлого явуулаад байна уу гэж хардахад хүрэх юм даа. Замын нөхөөсийг чинь тав дахь өдрийн оройноос бүтэн хагас сайнд хийгээд нэг дэх өдөр хөдөлгөөн ямарч саадгүй үргэлжилж болоод л байдаг байсан даа. Заавал хатуу хөл хорионы дундуур замын шороо тоос бужигнуулдаг нь нэг л бодлого юм болуу даа. Вакцинжуулалт ч адилхан. Хүн хүчээ дайчлаад хоёр гуравхан хоногт амжуулчих ажлыг сунжруулаад л байгаа. Энэ “хатуу” хөл хорио дуустал үргэлжлүүлэх байх л даа.

  • Эрхэм дээдэс ээ! Эрдэмтэдийн багийнхан, зөвлөхүүд ээ! Хатуу хөл хорио гэдэг чинь ийм байдаггүй юм. Үнэхээр цар тахалтай тэмцье гэж бодож байгаа бол өөрсдийнхөө архины үйлдвэр, дэлгүүр, баар цэнгээний газруудаа хаагаад эхэл! Бусдыг бас захирамжаараа хориглож Улаанбаатарыг архин далайгаас сугалж гаргамаар байна. Архидалт ийм хэмжээнд, эрүүлжүүлэхэд хоногт 200-аас доошгүй хүн эрүүлжигдээд байх юм бол цар тахлыг хэзээ ч тогтоож барьж чадахгүй. Улс үндсээрээ мөхөх аюулын ирмэг дээр ирчихээд байна.

  • Та нар, ахмад настан биднийг боддоггүй юмаа гэхэд энэ хойч үе, үр хүүхдүүдээ бодооч. Коронавирусээр өвчилсөн таван хүний нэг нь хүүхэд байна гэнэ. 4-р дүгээр сарын 23-ны байдлаар 5200 хүүхэд өвчлөөд байгаа юм байна. Та нар ч бас аав ээж, эхнэр хүүхэдтэй биз дээ?!  Цар тахалд ингэж хандаж болдог юм уу?! Улаан, шар хэдэн өнгийн дөрвөлжин, хэдэн схем зурчихаад, өөр санаж сэдэх юмгүй “гараа угаа”, “маскаа зүү”, “зайгаа барь” гэсэн гуравхан үгээр биднийхээ тархийг угаагаад энэ гамшгийг давахгүй шүү!

  • Тусгай үүргийн онгоцны тоог нэмчихээд өдөр болгон эрүүл өвчтэй баахан хүн гадаадаас авчирч, тусгаарлаж байгаа. Хүмүүс бол “эндээс их олз олбор олдог юм” гэх. Миний хувьд бол, коронавирусын өнөөх мутацад орсон хувилбаруудыг Монголд авчирч нутагшуулах гээд байгаа юм шиг. Тэгтэл коронавирусны мутацад орсон Британы хувилбар Монголд ороод ирсэн байна гэнэ. Гадаадад явуулсан шинжилгээгээр батлагдаж. Манайхан мэдэхгүй ч байсан юмуу, мэдсэн ч мэдээгүй царайлж байсан юмуу, юутай ч дэлгэрдэгээ дэлгэрчихэж. Туркээс ирсэн 3 хүнээс илэрсэн байх юм. Одоо эрх баригчид “хилээ нээнэ” гэж дэвхцээд байгаа. Энэ шинэ хувилбаруудыг дэлхийн бүх улс орноос авчрах юм байгаа биз дээ. Өвчлөл, үхэл өндөрсөөд байгаагийн гол нь цөөн хэдэн ядарсан хүний нэр барьж гадаадаас, өвчний голомт бүхнээс өвчтэй, өвчингүй хүмүүсээ зөөгөөд байгаатай холбоотой гэх хүн ч тааралдана. Нэг онгоцоор 8 өвчтэй хүн ирж байлаа шүү дээ.

  • Орны хүрэлцээгүй болоод тав зургаан мянган хүн гэрээр эмчлүүлж байгаа, тэндээс яаралтай тусламж авч чадахгүй нас барсан хүмүүс олон бий гэнэ. Тоог нь нууцалж байгаа. Гэрээр эмчлүүлэх нэрээр л цар тахлыг хязгааргүй тараачихлаа шүү дээ. Хэний бодлого вэ? Хотоор дүүрэн ашиглагдаагүй орон сууц байна. Арга заль оруулж байгаад Сү. Батболдын хувьдаа авсан “Чингис”, Х.Баттулгын авсан “Баянгол” зочид буудал зэрэг арав хорин том обьект байна. Нийслэлийн захиргааг нүүлгэнэ гэсэн хуйвалдаанаар бариад орхичихсон том цогцолбор байна. Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд эмнэлэгийн зориулалттай барьсан том барилга эзэнгүй хэвтэж байна. Энэ  бүхнийг ашиглахгүй, хэдэн өвчтөнөө гэрээр нь эмчилж байгаа нэрээр үхүүлээд байж болж байгаа юмуу. Мөнгөө харамлаж байгаа нь энэ шүү дээ. У.Хүрэлсүх, Л.Оюун-эрдэнэ, С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар аа, бодох цаг болж!

  • Хүний нөөцийн хомсдолд орсон гэнэ. Аргагүй. Голомтонд өдөр шөнөгүй, амь хайргүй ажиллаж байгаа хүмүүсээ даанч анхаараагүй. Ядаж л илүү цагийнх нь мөнгийг цагт нь олгохгүй нэхэл дагал болоод байдаг юм билээ. Тэгсэн хэр нь Говь-Алтай аймагт тахлын голомтонд насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан туршлагатай эмч “наана чинь ажиллая” гэж очоод Яамны сайд дарга нарт хүртэл хэлээд аваагүй байна билээ. Энэ чинь хүний нөөцийн хомсдол юм уу? Ер нь өндөр мэргэжлийн эмч мэргэд зайлшгүй хэрэгтэй болно. Хөрш зэргэлдээ Хятад, Орос гэх мэт улс орнуудаас туршлагатай эмч нарын баг урьж болоогүй юмуу. Хэдэн төгрөгөн дээр татганаад, дэндүү сэтгэлгүй ханддаг сураг байна. Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат хоёрхон байдгийн нэг нь эвдэрхий гэнэ. Даанч яав даа!  Нэг үйлдвэрийн даргад сарын 50 сая төгрөгийн цалин  олгож байхын оронд 750 сая төгрөгийн үнэтэй уушги орлуулах аппарат хэдийг ч авчихаж болмоор байгаа биз дээ. Эрх баригчид хүний төлөө сэтгэл дэндүү дутаж байна.

  • Өнөөдрийн тав дахь хатуу хөл хориог журамлуулах, хараа хяналт тавиулахаар төрийн байгууллагын ажилтнуудыг дайчлах гэнэ. Гэрээр албаа залгуулж байгаа яам агентлаг, дүүрэг хороодын ажилтнууд юм болуу даа. Уул нь гамшигийн үеийн арга хэмжээнүүдийг журамладаг, тангараг өргөсөн хүмүүс бий шүү дээ. Цэрэг цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан гээд, ядаж л формын хувцастай, бороохой, буу шийдэмтэй хүмүүсээ юунд нуугаад байгаа юм бол?! Цэрэг, анагаахын сургуулийн оюутнууд, улаанзагалмай нийгэмлэгийнхэн гээд мөн ч их хүч бий дээ. Тэгтэл одоо хүртэл хорооны цагдаа ч үзэгдэхээ больсон. Бид чинь нэг ёсондоо архичид корона хоёроос өөр эзэнгүй болчихоод байгаа шүү дээ.

  • Вакцин гэж ёстой бужигнуулж байна даа. Үнэгүй, хямд бэлэг тусламжийн вакцин олох гэсээр байгаад өнөөх хүчтэй вакцинуудаас хоцорчихсон. Сангийн яамны шинэ хуучин сайд нарын хийж байгаа ажил шүү дээ. Том улсын нэр барьж дөрвөн янзын вакцин оруулж ирсэн нь, эрүүлжүүлэх битгий хэл эрүүл байсан 2400 хүнийг өвчлүүлчихлээ. Эхний тунгийн дараа шүүд ээ. Одоо хоёр дахь тун, тэгээд ер нь алсдаа юу болохыг бүү мэд. Өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан судалсан эрдэмтэн мэргэд байхгүй гэх. “Хийгээд бай!”, “Хийгээд бай!” л гэж тушаагаад, манай ард түмэн ч номхон, ноолуулж сурсан юмдаа. Уул нь “Дассан газрын даавуу зөөлөн” гэгчээр Оросыгоо эртхэн бараадаж “Спутник-5”  вакциныг нь  авчраад бүх хүнээ аль эрт дархлаажуулчихсан бол одоо айх аюулгүй байх байсан. Тэгэлгүй вакцин нэрээр гадаадаас орж ирсэн зээл тусламжаар хэдэн дарга нь тансаглачихаад одоо биднийгээ “туршлагын туулай” болгож байгаа юм байхаа. Монголчууд олон жил Оросын вакцин хийлгээд өвчлөөгүй, үхээгүй. Тэгтэл “Спутник-5” вакциныг оруулж ирэлгүй өдий хүргэчихээд коронавирусыг хяналтаас гаргачихаад байгаа хүмүүс бол улстөрчид, Орост төдийлөн таагүй ханддаг хүмүүс байгаа гэж олны яриад байгаа нь үнэний хувьтай байх.

  • Эрхэм дээдэс минь, ямарч аймшигт тахал 14-21 хоногийн хатуу хөл хорионд хоггүй устаж байсан юм билээ. Та нар минь энэ удаагийн хөл хориог жинхэнэ ном журмаар нь явуулж цар тахлаас салгах уу, одоогийнх шигээ “эмгэнэлт жүжиг” тавьсаар Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулиа өнгөрөөх үү гэдгээ сайн л болгоогоорой доо.

Саяхан нэг эмэгтэй телевизээр ярьж байна билээ. Гадаадаас эрүүл саруул ирсэн ээж нь тусгаарлалтаас халдвар авч нас барсан гэнэ. Даанч хариуцлагагүй байна. Гомдож байна гэнэ билээ. Энэ байдлаар яваад улс орон, ард түмэнд асар их гарз хохирол учирвал эрүүл мэнд, амь насаараа хохирогчид, тэдний гэр бүлийнхэн өнөөгийн эрх баригчдаас хариуцлагын тооцоо нэхэж  магадгүй л юмдаа.        

Г.ЖАМЬЯН

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.178.100) 2021-04-28 18:11
      • 0
      • 0

      Эмгэнэлт, инээдмийн жүжиг. Дэглээч нь Оюун-Эрдэнэ, Самарсайхан.

      Хариулах

    • би

      (76.175.52.36) 2021-04-27 13:17
      • 0
      • 1

      Хөөрхийсхөл хориог зарласан хөл хорихоор шийдсэн л бол тэр шийдвэрийг тухайн орны иргэд биелүүлэх үүргтэй монглчууд бол зөвхөн хэрүүл хийдэг ямар ч ухамсаргүй наад захын соёлгүй дэлхийгээр нэг тархаж өчнөөн хүний амь нас аваад явсан зөвхөн өөрийн орны төр засгийг л хамаг юмны буруутан болгодог өөрсдийг нь хамгаалах гэсний төлөө түмэн үгээр дайрч эсэргүүцэж хэрэггүй сэлгүүцэж хамаг ажил нураадаг

      Хариулах

    • Irgen

      (107.19.9.109) 2021-04-27 12:18
      • 0
      • 1

      Zov dugnejee

      Хариулах