Нийслэлийн иргэн бүрийн заавал үзэх ёстой газрууд

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 18:21 цагт
Мэдээний зураг,

“Уулс тийшээ хаяа тэлсэн Улсын маань нийслэл Улаанбаатар сайхан” гэж нэгэн алдартай яруу найрагчийн шүгийн мөрөнд гардаг Нийслэл хот маань өдөр ирэх бүр өнгө нэмж байна. Нэг сая хол давсан иргэнтэй Улаанбаатар хотод иргэн хүн бүрийн заавал үзсэн байх газрууд бас байдаг билээ. 1639 онд Улаанбаатар хотын шав тавигдсан гэж үздэг. Тэр цагаас хойш Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэрэг нэртэй байсан.

Засаг захиргааны хувьд есөн дүүрэг 330 гаруй хороонд хуваагддаг Нийслэл хотод түүх дурсгал, өв соёлын олон сайхан газрууд байдаг. Тэдгээрийг Улсын нийслэлийн иргэн бүр заавал үзэх ёстой билээ.

1. Чингисийн талбай

Чингисийн талбай буюу хуучнаар Сүхбаатарын талбай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэг юм. Талбайн төвд Сүхбаатарын хөшөө байдаг бол хойморт нь байрлах Төрийн ордны өвөр талд Чингис хааны хөшөө бий. Талбайн дунд сүндэрлэх Д.Сүхбаатарын хөшөөний загварыг барималч Ч.Чоймбол зохиожээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм. Жанжныг омголон морин дээрээс наран мандах зүгийг гараараа зааж байгаагаар дүрсэлсэн бөгөөд 1946 оны 7-р сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ. Энэ үеэс эхлэн талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх болсон ба 2013 оны 8-р сараас эхлэн НИТХурлын шийдвэрээр нэрийг нь өөрчлөн Чингисийн талбай хэмээн нэрлэх болсон.

2. Зайсан толгой

Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой юм. Зайсан толгойгоос Улаанбаатар хотын төв хэсгийг тольдон харах боломжтой бөгөөд Улаанбаатарчуудын чөлөөт цагаа өнгөрөөх, жуулчдын очих дуртай газруудын нэг билээ. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан цэргүүдийн дурсгалд зориулсан Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг 1971 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд цогцолборын оройд байрлах цагариг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг.

3. Гандан хийд

Гандантэгчилэн хийд нь Улаанбаатар хотод байх Монгол улсын Бурханы шашны төв хийд юм. Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар Их хот мандалын сүм байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчилэн хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна. Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд засгийн газрын хяналт дор Монгол дахь Бурханы шашны ганц голомт болж, Монголын бурханы шашинтны төв гэгдэх болжээ.

4. Вива сити залуусын хороолол

Яармагийн гүүр даваад Туулын хөвөөнд орших Вива Сити хороолол нь 2013оны 06-р сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн. 1619 айлын орон сууц ба 1-р давхруудад брэнд хувцасны дэлгүүр, ресторан паб гээд 100-аад худалдаа үйлчилгээний төвүүдтэй. Эрэлхэг дайчин Мандухай сэцэн хатны хөгжимт усан оргилуур, алдарт Лондонгийн 2 давхар улаан автобус, хайрын хөшөө, 1000 хүний багтаамжтай задгай театр, сагсан бөмбөг, хөлбөмбөг, хүүхдийн тоглоомын талбай гээд орчний иж бүрэн тохижилттой орчин үеийн хорооллын шинэ шийдлийг эндээс үзэж болно. Мөн энэхүү хороололд олон сонирхолтой шинэлэг арга хэмжээнүүд байнга зохион байгуулагдаж зургаа даруулахаар ирэх гадна дотны жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүйгээс гадна хамтлаг дуучдын клип, кино зураг авалтууд байнга явагддаг учраас олны танил эрхмүүдийг Вива Сити хороололд ирж харах боломжтой юм.

5. Үндэсний соёл амралтын хүрээлэн /Хүүхдийн парк/

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн нь 13 төрлийн аттракцион тоглоом, галзуу хулгана, хөгжөөнт тоглоомын төвүүд болох бонгын ертөнц тоглоомын төв, автомат тоглоомын төв, боулинг, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан видео тоглоомын төвүүдтэйгээс гадна өөр өөрийн онцлогийг агуулсан 6 төрлийн ресторантайгаар үйл ажиллагаа явуулдаг.

6. Үндэсний цэцэрлэг хүрээлэн

22 төрлийн 94 мянга гаруй мод, бут, зүлэг, цэцэгтэй. Усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбайтай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлчүүдийн ая тухтай амьдрал, амралт зугаалгын бүс болоод байна. Бүрэн ашиглалтад орох үедээ 1280 га талбайг хамрах энэ хүрээлэнгийн эхний ээлжийн 55га-д тохижилтын ажил хийснээр Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаар эзэлж байна.

7. Үндэсний түүхийн музей

Эртний Монголын түүхийн танхим, Монголын анхны төрт улс Хүннүгийн түүхийн танхим, Түрэгийн түүхийн танхим, Монгол үндэстэн ястны хувцасны танхим, Монголын Эзэнт Гүрний түүхийн танхим, Дундад зууны үеийн Монголчуудын аж байдлыг харуулсан танхим, XX зуун,  XXI  зууны эхэн үеийн Монгол орны түүхийн танхимуудтай. Мөн социализмын үеийн бүтээн байгуулалтын гэрч болсон үзмэрүүд нилээд байгаагийн дотор 5 мянган малтай малчдад олгодог байсан мөнгөн бүслүүрт хувин, тэргүүний сайн малчдад олгодог байсан дурсгалын болон шагналын зүйлс, Монголын төр засгийн тэргүүнд гадаад орны төр засгийн тэргүүнүүдээс бэлэглэсэн дурсгалын зүйлүүд хадгалагдаж байна.

8. Скай Ресорт

2009 он  ашиглалтанд орсон цанын бааз нэг дор 1300 хүнд, өдөрт 4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай. Түүнчлэн олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбай, клабхаус өдөрт 180 хүртэлх гольфчид тоглох хүчин чадалтай.

М.Золбаатар, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.