Хятадын төрийн тэргүүний шүлэг хэлсэн явдлыг халтай бус асуудал гэж үзэх үү?

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Тэрээр гэргий Пөн Ли Юань, дагалдан яваа төлөөлөгчид, хэвлэл мэдээлийнхэний  хамт дээд хэмжээний айлчлалын хөтөлбөрийн дагуу Чингисийн хүрээ жуулчны баазад "Бэсрэг наадам" үзэж сонирхоод 17:30 цагт “Чингис хаан” нисэх буудлаас эх нутаг руугаа мордлоо.

БНХАУ-ын төрийн дээд хэмжээний айчлалаас Монголчууд олон зүйл хүлээж байсан, цаг үеэ олсон энэ айлчлалын үр дүн ч гарч, нэг хэсэгтээ гацаанд ороод шахуу байсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шатны эхлэл тавигдаж байна.

Хятадын өмнөх төрийн тэргүүн Ху Жинтао, Монгол улсад айлчилсанаас хойш 11 жилийн дараа, мөн БНХАУ-ын даргын албан тушаалд томилогдсоноосоо хойш Си Зиньпин анх удаа Монголд ирж байгаагаараа энэ айлчлал онцлогтой. Цагтаа 1959 онд зургаан настайдаа БНМАУ-ын дарга Ю.Цэдэнбалд цэцэг барин угтаж байсан Си Зиньпин энэ айлчлалд эртнээс нухацтай бэлдсэн нь алхам тутмаас нь харагдаж байлаа гэхэд болно.

БНХАУ-ын дэд даргын хувьд тэрээр мөн 2008 онд манай улсад айлчлан ирж байсан. Харин энэ удаагийн айчлалаар тэрээр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож индэр дээр гарч үг хэлэхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирмэгц Монгол Улс ёстой баялаг, элбэг сайхан орон гэж бодогддог. Танай улсын нэртэй уран зохиолч Д.Нацагдоржийн нэг шүлэг байдаг” гээд “Миний нутаг” шүлгийг уншиж олныг цочирдуулж орхидог байгаа. Түүний энэ сюрпризэд баярласан мэт УИХ-ын эрхэм гишүүд алга нижигнүүлэн ташдаг нь ч таарч, аргагүй “шоконд” орсон байх.

Улс, улсын төрийн тэргүүнүүд олон улсын тавцанд ойлгомжгүй байдлаар биеэ авч явж байсан тохиолдлууд олон байдаг. Гэхдээ Си Зиньпин даргын сюрприз цаанаа бэлгэдэлтэй гэдэг нь тодорхой Хятад ухаан болж таарахгүй гэж үү? Өөрөө бол Монголчуудын дээдэлдэг тийм сайхан шүлэг байдаг гэдгийг мэдэх ч үгүй, цаанаа бодлогын хүрээлэнгийнхэний хийж байгаа ажил юм биш үү? Олон улсын дипломат практикт бол бодохоор л асуудал. Өөрөө ч ингэж шүлэг хэлэх нь айлчлалын чиг зорилгийг гажуудуулахгүй байгаа гэж бодолцох л ёстой байсан гэх мэтээр Монголын олон нийт Хятадын даргын үйлдлийг сонжин, шүүмлэн хэлэлцэж эхэллээ. Түүний айлчлал ач холбогдлоороо бол хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлсэн томоохон түүхэн үйл явдал болж байгаа учраас Хятад улсын алсын хараатай бодлогыг түншиж байгаа мэт ойлголт төрүүлсэн байж болно. Гэвч нөгөө талаас БНХАУ, хоёр улс хоорондын стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ хэлцэлд хүрсэндээ Монголчуудын сэтгэл зүрхэнд хүрсэн сайхан шүлэг хэлж баярлуулахаар шийдсэн байх гэсэн санаа бодлоор хандах хэсэг байна. 

Юутай ч энэ айлчлалын үеэр хоёр улсын Засгийн Газрын болон төрийн яам байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн хооронд чухал яриа хэлэлцээ хийгдэж 30 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан нь айлчлалын агуулга, ажил хэрэгч талыг илтгэж байна.

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: “Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх” гэж тодорхойллоо. Дээр нь нэмж “Талууд нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл, бүлэглэлд нэгдэхгүй... тийм үйл ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байхыг” онцлон тэмдэглэв. 

Хамтарсан энэ тунхаглал бол манай хоёр орны харилцааны суурийг тодорхойлсон, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг баталгаажуулсан, аливаа асуудлыг эрх тэгш, нээлттэй харилцан хэлэлцэж шийдвэрлэх өргөн боломжийг нээж байгаа юм. Уг баримт бичиг бол БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын онцгой түүхэн ач холбогдлыг илэрхийлж байна" хэмээн тэмдэглэсэн нь ерөнхийлөгч уг айлчлалын ач холбогдол, ирээдүйг нухацтай тооцож үзсэн гэдэгт итгэл төрүүлэх нь дамжиггүй учир Хятадын төрийн тэргүүний шүлэг хэлсэн явдлыг цаашдаа хал балгүй асуудал гэж үзэх нь зүйтэй биз ээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.