Монгол дахь ажил олгогч компани, улсын байгууллагуудаас харсан нийтлэг шинжүүд

Twitter Print
2021 оны 01-р сар 10-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 1 жил гаран ажил хайж олон олон захирал дарга нартай уулзсаны эцэст хэд хэдэн юм ойлголоо, бас Монголдоо үлдэж ажилладаггүй гадаад яваад байдаг хүмүүсийг ч өмөөрч зөвтгөмөөр санагдаж байна. Ажил олгогч компани, улсын байгууллагуудаас харсан нийтлэг шинжүүдийг хэлье:

1. И-мэйлээр харьцах соёл муу.

И-мэйл явуулаарай, бичээрэй гэдэг ч эргээд хариу байдаггүй. И-мэйл хүлээн авлаа, эргээд холбогдъё гэдэг бол наад захын соёл. Олон 10 газартай харьцаж мэйл бичсэн ч нэг нь ч ийм хариулт өгөөгүй. Миний и-мэйл очсон болов уу, хариу юу гэж гарсан бол, дахиад бичээд үзэх үү, эсвэл залгах уу г.м. таавар таалгасаар л байдаг.

2. Ажил олгох гэж байгаа хүн бол бүх юмны дарга.

Манай компанийн дарга нар яг л нэг өөрөөс нь үнэгүй мөнгө хүсээд ирсэн мэт аашилдаг. За улсын байгууллагын дарга нар бүр ч хүнд сурталтай, хүнийг доош нь хийх, хүндэтгэлгүй харьцах г.м. Зүгээр л ажлын ярилцлагад ирж байгаа хүнд их юм хийж өгч байгаа мэт аашилдаг яг л тэр хүн миний байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөрийг төлдөг ачтан мэт.

3. Ямар ч цаг барих хариуцлага байдаггүй.

Би ажилд орохыг хүсэж тэр хүнийг царай алдаж байгаа тул хэдэн цаг ч намайг хүлээлгэж болно. Ярилцлагад орох цагаасаа 30 минут хүлээлгэх бол энүүхэнд. Хамгийн экстрим нэг тохиолдол нь 2.5 цаг гадаа нь хүлээж байхад нарийн бичиг нь “Захирал одоо гэрээсээ ирлээ гэнэ ээ, гэр нь ойрхон байдаг учраас удахгүй хүрээд ирнэ ээ материал СиВи чинь бэлээ биз дээ?” гэж асууна. Юу гэсэн үг вэ? Гэртээ л байсан юм бол тохирсон товлосон цагтаа ир л дээ. Тэгээд уулзаад надаас асууж байгаа юм нь энэ ажилдаа хоцролгүй асуудалгүй ирж чадах уу? гэх. Миний хувьд цаг барих бол номер 1 соёл гэж боддог (ээжээсээ сурсан олон зүйлсийн нэг).

4. Монгол бол хамгийн рейсист бас сексист орон!

Эмэгтэй гэхээр л хэдэн 10-аар нь хүүхэд гаргадаг, ажлын газарт хэрүүл гаргадаг, ямар ч гэр бүл төлөвлөлтгүй амьдардаг мэт. 2 хүүхэдтэй дахиад хүүхэд ойрын хэдэн жилдээ гаргахгүй гэдгээ батлах ёстой болдог. Гэтэл яагаад? Би эмчээс бичиг авчрах уу? Нөхөртэй гээ хэзээ хүүхэдтэй болохоо ярилцсан гэдгээ нотолгоо болгож авчрах уу? Зүгээр л гэр бүлийн байдлаас харчих юм нь дээр хүний эрхэнд ингэж халддаг.

5. Хүний хувийн амьдралд хэт ордог.

Өмнөх бичсэнтэй төстэй болов ч арай өөр асуудал. Улсын байгууллагууд л асуудаг нэг зүйл байдаг, миний хийж бүтээсэн зүйлсийг асуухын оронд: “Танай нөхөр юу хийдэг вэ? Танай аав юу хийдэг вэ? Танай хадам аав юу хийдэг вэ?” Миний бөглөсөн анкетаас л унш л даа. Яагаад би өөрийгөө таниулах гэж надад олгогдсон 10 минутын боломжийг өөрийн аав ээж нөхрийн талаар ярьж үрэх гэж? Тэд нар яг юу хийдэг байвал намайг ажилд авах юм? Манай нөхөр компанийн захирал байвал авах уу? Манай аав сайд байвал авах уу? Манай аав малчин хүн, манай нөхөр ажилгүй тийм учраас би энэ ажлаа алдахгүйн тулд үхэн хатан насаараа зүтгэнэ гэвэл авах уу?

6. За тэгээд хамгийн сүүлийн эмзэглүүлсэн зүйл бол танил талтай байж л өөрийн хүссэн ажилдаа орно.

Надад хийж бүтээе гэсэн эрмэлзэл байна, хамаг зүрх сэтгэлээ зориулж ажиллана гэсэн итгэл байна, сурч мэдсэн мэдлэг боловсрол байна гэвч надад хүссэн ажилд минь оруулах танил тал алга. Би эцэг эхээрээ 10 жил тэжээлгэж сурч боловсорч, хүүхдээ хүртэл өсгүүлсэн боловч өнөөдөр Монголдоо ирээд намайг сорьсон, намайг хөгжүүлсэн миний хүссэн ажилд оръё гэхэд би дахиад л аавыгаа гуйхаас өөр аргагүй болж байгаа нь үнэхээр гунигтай.

Ийм болохоор л боловсролтой боловсролгүй олон хүмүүс гадаад явж ажилладаг байх. Ядаж л тэнд хөдөлмөрийг нь үнэлнэ, хийсэн бүтээсэн зүйлийг нь үнэлнэ, боловсролыг нь үнэлнэ. Гэхдээ би Монголдоо л баймаар байна, өөрийнхөө хүч хөдөлмөрийн үр шимийг Монголдоо үлдээмээр байна. Эндээ би байр сууриа олж хүүхдүүддээ Монгол хүн Монголдоо л сайхан амьдардаг гэдгийг ойлгуулмаар байна.

Г.Халиун

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.