
Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг.
Монголын гайхамшиг бүрдсэн байгалийн цогц үзэсгэлэнт газрыг уншигч таны мэлмий манай www.mongolcom.mn сайт цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.
Цуврал 4: Булган аймгийн 7 гайхамшиг
1. Хөгнө тарна байгалийн цогцолборт газар. Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар.Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс "Хан" хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ.
Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй. Цогцолбрын хамгийн том гол нь Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай.
Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын гольдрол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ.
Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм. Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг.
Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг.
Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.
2. Уран тогоо уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог, унтарсан галт уул юм. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж.
Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Харин Тулга, Тогоо, Жалавч уул нь Уран тогоо уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галвын үед оргилж байсан уулс юм.
Уран тогоо уулыг 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул далайн төвшнөөс дээш 1560 метр.
Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, Монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.
Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ан амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтэн улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.
Домогт өгүүлснээр, Уран тогоо уулын ар хэсэгт бурхан рашаан дусаасан учраас Хутаг-Өндөр сумынхан идээ, ундаагаараа гайхагддаг гэдэг. Харин уулын өвөрт сүү дусаасан болохоор Баян-Агт, Сайхан сумдын айраг улсдаа алдартай болсон аж.
Байгалийн дурсгалт цогцолбор хэмээх тодорхойлолтод орсон Уран тогоо уулын орчимд эрт цагаас хүн нутаглаж байсны тэмдэг болох хүн чулуу, хиргисүүр зэрэг түүхийн үнэт олдвор элбэг. Тиймээс ч Уран тогоо уулыг зорих жуулчдын тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж.
3. Шивээт улааны цогцолбор дурсгал. Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр Y-YIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолборын туурь, им тамга бүхий хөшөө, хүн чулуу, арслан, хонь зэрэг 20 гаруй чулуун дурсгалтай цогцолбор бий.
4. Хар бухын балгас. Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туйрыг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг.
Туйрыг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948- 1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.
Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж.
Хотын туйрыг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны Уйгурын дурсгалтай ижилсэх агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэр байсныг судлаачид тогтоосон байна.
Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ.
Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягтай байжэээ. Нутгийн ардын аман ярианд үүнийг “Номгүй хунтайж” хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав гэдэг. Түүгээр ч барахгүй ХХ зууны эхэн үед үүгээр нутаглаж байсан Цогт тайжийн үрийн үр эелдэн засаг Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ.
1970 оны малтлага судалгаагаар тус хотын нэгэн эвдэрхий сувраганы нуранхайгаас монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээний хувьд гойд үнэтэй ховор олдвор юм. Эдгээр ном нь хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, хуудасны ар, өвөрийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гарааг бүтээсэн зүйл байжээ.
Сонирхуулж хэлэхэд энэ газарт Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Цогт тайж” киноны зураг авалтыг хийсэн байдаг.
5. Чин толгойн балгас. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ.
Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо /Кидан/ улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чань Чунь бомба үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ.
Үнэхээр ч Чин толгойгоос баруунтай Хадаасан-Хар бухын балгас, зүүн тийш "Талын улаан" гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр "Чин толгой", "Хар бух" хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна "Талын улаан балгас" ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ. Чин толгой болон Хадаасан-Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтай холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ.
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын энэхүү туйр байдаг. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй юм байна.
6. Могойн шинэ ус. Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар орших эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байна. Энэхүү дурсгал далайн түвшнээс дээш 1477 метрийн өндөрт оршин байна. Энэхүү гэрэлт хөшөө дундуураа хоёр хуваагдсан, хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч байхгүй болжээ. 1970-аад онд нутгийн нэгэн малчин уурлаад энэнхүү хөшөөний нэг хэсгийн авч яваад Могойн нуур луу хаяасан гэсэн мэдээ байх бөгөөд чухам хөшөөний ямар хэсгийг Могойн Шинэ усны аль нуур луу нь аваачиж хийснийг тодруулах боломж гарсангүй. Учир нь Могойн Шинэ хэмээх энэхүү газар олон жижиг нуур бүхий хотгор газар болно. Судалгааны ном зохиолуудад “ Моюн-чурын хөшөөний түрэг бичээс” гэсэн нэрээр орсон байдаг.
7. Бий булагийн балгас. Хутаг-Өндөр сумын нутаг орших энэхүү газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт багагүй байгаа бөгөөд тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгал байдаг. Уйгур нар нь өөрийн улсыг байгуулж, хот хэрэм барь байсны ул мөр нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Хар Балгас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнан уулын ойролцоо орших Бий булагийн балгас билээ. Хар балгас нь Уйгур улсын нийслэл байсан.
Байбалык хот буюу Бийбулаг нь сумын төвөөс баруун тийш 14 километрт байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир уг хотыг Уйгарын хаан Моюнчур байгуулуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.
Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193
Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393
Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257
Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755
Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546
Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438
Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221
Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007
Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698
Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009
Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270
Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550
Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862
Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170
Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844
Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501
Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534
Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266
Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499
Эх сурвалж: www.mongolcom.mn
Бэлтгэсэн:
Зочин
(202.5.199.204) 2023-03-04 09:53за
Хариулах