Ирэх сарын эхээр нэг сая тун “Спутник-V” вакциныг Монгол Улсад нийлүүлнэ

Twitter Print
2021 оны 03-р сар 26-нд 18:46 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулжээ. ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нэг сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж нийлүүлэхээр ажиллаж байгаа талаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын үеэр мэдэгдлээ. Хоёр орны Засгийн газрын зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1,3 сая вакциныг хоёр хувааж нийлүүлнэ гэдгийг тэрээр хэллээ.

Монголын ард иргэдийг вакцинжуулах ажилд хувь нэмрээ оруулж, цар тахлын амаргүй цаг үеийг хамтдаа даван туулж, хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд туслалцаа үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлээд, цаашид вакцины худалдан авалтыг үргэжлүүлэх бодлого баримталж байгаагаа дуулгалаа. Мөн энэ үеэр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийг сэргээх үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.