Чарльзийг хаан ширээн залах ёслолын үеэр цагдаа нар 50 гаруй хүнийг баривчилжээ

Twitter Print
2023 оны 05-р сар 07-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Их Британийн парламентын гишүүд болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд III Чарльзийг хаан ширээнд залах ёслолын өдөр Лондон хотын цагдаа нар 52 хүнийг баривчилсан явдлыг буруушаажээ. Баривчлагдсан иргэдийн дунд хаант засаглалыг эсэргүүцэгчдийн Рипаблик группын тэргүүн Грэхэм Смит байсан ба тэрээр 16 цаг саатуулагдан суллагдсаныхаа дараа "Их Британид тайван жагсаал хийх хүний эрх үгүй болжээ" хэмээн мэдэгджээ.

Хаанд ширээнд албан ёсоор сууж байгаа Хаан Чарльз болон Хатан Камиллагийн сүйх тэрэгтэй явах зам дагуу Лондон хотын төвд уг баярт үйл явдлын гэрч болох гэсэн олон мянган хүмүүсээс гадна "Миний хаан биш", "Хаант засаглалыг хал" гэсэн үгсийг бичсэн самбар барьсан олон зуун эсэргүүцэгчид цугларсан байв.

Репаблик группын тэргүүнийг цагдаа нар ёслолын ажиллагаа эхлэхээс өмнө саатуулсан ба нийгмийн сүлжээнд тархсан гэрэл зургуудаас цагдаа нар жагсагчдын барьж явсан уриа лоозон, самбаруудыг хурааж авч байгааг харж болох юм. Хаант засаглалыг эсэргүүцэгчдийн Репаблик групп Их Британийн хааны гэр бүлийн эсрэг орчин үеийн түүхэн дэх хамгийн том жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ амласан ба Хаан Чарльзийг Хатан Камиллагийн хамт сүйх тэргээр Уэстминстерийн сүм рүү явах замд нь эсэргүүцэн уухайлж байжээ.

Хааныг сэнтийд залах ёслолыг эсэргүүцсэн хүмүүс ч байгаа юм

Лондонгийн цагдаа газар бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ эсэргүүцэгчид ёслолын цуваа руу олон тооны автомат шүгэл шидэхээр төлөвлөж байгаа нь морьдыг цочоож, үр дүнд нь олон нийтийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулна гэж үзэн 3 хүнийг баривчилсан гэжээ.

Чарльзийг хаан ширээнд суух ёслолыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Шотландын Глазго, Уэльсийн Кардифф хотод тус тус болжээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн хүмүүсийн тоо ёслолын арга хэмжээг үзэхээр цугласан иргэдийн тооноос харьцангуй бага байсан ч сүүлийн үеийн хийсэн санал асуулгуудын дүнгээс Их Британийн хааныг дэмжигсдийн тоо буурч байгаа нь харагдаж байгаа аж.

Их Британийн иргэдийн олонх нь хаантай байхыг дэмжсэн хэвээр байгаа ч дэмжигчдийн тоо нь олон жилийн турш тогтмол буурсаар байгаа ба өнгөрсөн сард YouGov төвөөс хийсэн санал асуулгаар иргэдийн 64 хувь нь Чарльзийг хаан ширээнд ёслолд хч холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ үзүүлэлт нь 18-24 насныхны дунд хамгийн өндөр буюу 75 хувь байсан аж.

Өнгөрсөн бямба гарагт Лондон хотноо Их Британийн хаан III Чарльзийг албан ёсоор хаан ширээнд залах ёслол болж өнгөрсөн билээ. Тэрээр 2022 оны 9-р сарын 8-нд өөд болсон Хатан хаан II Элизабетийн хаан ширээг залгамжлан авч байгаа юм.

ФОТО: III Чарльз хааныг сэнтийд залах төрийн ёслол боллоо

Ёслолын үйл ажиллагаа Лондон дахь Уэстминстерийн сүмд болж өнгөрсөн ба уг арга хэмжээнд 2000 гаруй зочид уригдсан байв.

Тэдгээрийн дотор Их Британийн үе үеийн Ерөнхий сайдууд болох Риши Сунак, Лиз Трасс, Борис Жонсон, Тереза Мэй, Дэвид Кэмерон, Гордон Браун, Жон Мэйжор байсан бол гадны зочдоос Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Австралийн Ерөнхий сайд Энтоний Албанез, Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дэр Ляйен, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон байв.

Францын Ерөнхийлөгч Макрон гэргийн хамт

Түүнчлэн өөр улс орнуудын хааны гэр бүлийнхнээс гадна дэлхийд танигдсан дуучид, жүжигчид, алдартнууд ёслолын арга хэмжээнд оролцсон байна. Харин ОХУ, Беларусь, Иран, Мьянмар, Сири, Афганистан, Венесуэлийн төрийн тэргүүнүүдийг уг арга хэмжээнд уриагүй байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гэргийн хамт

Хаан ширээнд залах ёслол нь Их Британид 70 жилийн дараа анх удаа болж байгаа ба телевизээр цацагдсан хоёр дахь ёслол болж байгаа аж.

Титэм зүүх ёслолыг үзэхээр мянга мянган хүн Лондон хотноо цугласан бөгөөд өчигдөр оройноос эхлэн Букинхэмийн ордны гадна суудлаа эзэлцгээжээ. Хаан сэнтийд залрах ёслолыг үзэхээр АНУ, Канад, Испани, Хорват, Франц болон бусад олон орны хүмүүс ч мөн очсон байна.

Зочдын дунд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон болон Борис Жонсон, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Бутаны хаан, хатан зэрэг улс төрийн зүтгэлтнүүд оролцож байгаа юм.

Ханхүү Уиллиам, гэргий Кэтерин болон үр хүүхдүүдийн хамт

Мөн Чарльз хааны дүү нар,  ууган хүү, ханхүү Уиллиам гэргий, үр хүүхдүүдийн хамт, мөн отгон хүү ханхүү Харри нар очжээ.

III Чарльз хаан, хатан Камилла нар зургаан морь хөллөсөн сүйх тэргээр Букинхэмийн ордноос Вестминстерийн сүмийг зорьсон байна.

Хаанд титэм залах ёсыг Кентерберигийн хамба лам үйлдсэн бөгөөд Чарльз хаанд  хаанчлах хугацаандаа хууль ёсыг чандлан сахих тангараг өргөхийг хүссэн байна. Ханхүү Уиллиам өвдөг сөгдөн аавдаа үнэнч байх тангараг өргөв.

 

 

 

 

Кентерберигийн хамба Жастин Уэлби III Чарльз хааны тэргүүнд  Эдвард хааны титмийг заллааК

Мэри хатны титмийг Камилла хатны тэргүүнд заллаа

 

Эх сурвалж: BBC, Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.