
Украины Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр Мариуполь дахь Азовсталь гангийн үйлдвэрээс Украины 264 цэргийг гаргаж, ОХУ-ын хяналтад байгаа Новоазовск болон Оленивка хотууд руу нүүлгэн шилжүүлжээ.
Украины Батлан хамгаалахын орлогч сайд Ханна Маляр, "5-р сарын 16-ны өдөр Азовсталь үйлдвэрт байсан хүнд шархдаж, гэмтсэн 53 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд Новоазовск дахь эмнэлэгт хүргэсэн. Мөн 211 иргэнийг хүмүүнлэгийн гарц ашиглан Оленивка хотод хүргэсэн." хэмээн мэдэгджээ.
Новоазовск болон Оленивка хотууд нь ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчдын хянаж буй Донбассын бүс нутагт байрладаг ба Азовсталь үйлдвэрээс нүүлгэн шилжүүлсэн Украины цэргүүдийг гэрт нь буцаахын тулд талууд солилцоо хийх аж.
Ханна Малярын мэдэгдсэнээр Украины зэвсэгт хүчнийхэн Азовсталь үйлдвэрт үлдсэн дайчдыг гаргаж авахаар ажиллаж байгаа аж.
ОХУ Украин руу довтолсноос хойш Мариуполь боомт хот болон тус хотод байрлах Азовсталь гангийн үйлдвэр нь Украины тууштай эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон гэж хэлж болох юм.
Азовсталь үйлдвэрийн доор байрлах хонгилууд болон нуувчинд бараг 2 сар гаруй хугацааг өнгөрүүлсэн Украины дайчид ОХУ-ын зэвсэгт хүчнийхний эсрэг эсэргүүцэл үзүүлсээр байсан билээ.
Мөн тэдгээр дайчидтай хамт байсан энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа энэ сарын эхээр болсон билээ.
Эх сурвалж: The Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.