Өнгөрсөн хэдэн өдөрт Иранд хэдэн арван хүн амь үрэгджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Хүний эрхийн комиссийн мэдээлж байгаагаар Иранд өнгөрсөн хэдэн өдрүүдэд шатахууны үнийг огцом нэмсэн явдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааны үеэр хэдэн арван хүн амь үрэгджээ.

Эмнэсти Интернэйшнл байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн хэдэн өдрүүдэд Иранд нийт 106 хүн амь үрэгдсэн гэнэ. Зарим эх сурвалжууд тэр дундаа Ираны сөрөг хүчнээс мэдээлж байгаагаар өнгөрсөн 5 өдөрт Ираны 140 хотод болсон жагсаал цуглааны үеэр 220 иргэн амь үрэгдэж, 3000 хүн бэртэл гэмтэл авчээ. Харин Ираны эрх баригчид эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр цөөн хэдэн хүн л амь үрэгдсэн хэмээн мэдээлсэн юм. Цахим орчинд Ираны хууль сахиулагчид жагсагчид руу буудаж буй бичлэг тархаад байгаа ба амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд талийгачдын цогцсыг өгөхгүй байгаа талаар ярьжээ.

Хотын гудамж талбайд цэргийн болон аюулгүй албаны албан хаагчид олноороо эргүүл хийж байгаа ба өнгөрсөн хэдэн өдрүүдэд хууль сахиулагчид олон тооны оюутнуудыг баривчилсан байна. Эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотой видео бичлэг, зураг зэргийг гадаадын эх сурвалжуудад дамжуулах нь гэмт хэрэгт тооцогдохыг эрх баригчид анхааруулсан ба жагсаал цуглаанд оролцсон иргэдийг эрх баригчид болон Ираны хэвлэл мэдээллээр босогчид хэмээн нэрлэж байгаа аж. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани өнгөрсөн лхагва гарагийн засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн өдрүүдийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг "дайснууд" үгсэн зохион байгуулж, Иран улсын үндэсний аюулгүй байдлыг нураахыг зорьж байна хэмээн онцолжээ.

Related image

Өнгөрсөн даваа гарагт Ираны засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга нөхцөл байдал намжсан, ганц хоёр өдрийн дараа жагсаал цуглаан бүр мөсөн зогсоно хэмээн мэдээлсэн ч цахим орчинд тархсан бичлэг дээр иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан мягмар гарагийн шөнө хүртэл үргэлжилсээр байсныг харж болох юм. Ираны хэвлэл мэдээллээр Тегеран хотын захад цэргийн 3 албан хаагчийг хутгалж, амийг нь егүүтгэсэн талаар мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гарагт НҮБ-ын Хүний эрхийн комиссийн төлөөлөгч Руперт Колвилль Иран дахь нөхцөл байдал маш аюултай түвшинд хүрсэн, жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглах нь олон улсын эрхийг зөрчиж буй явдал хэмээн Ираны эрх баригчдыг иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, интернет сүлжээг дахин нээх шаардлагатай байгааг анхааруулжээ.

Image result for В протестах в Иране погибли больше сотни человек

Үүний хариуд Ерөнхийлөгч Хасан Роухани жагсаал цуглаан болон эмх замбараагүй байдал нь хоёр ялгаатай зүйл болохыг сануулж, засгийн газар нийгмийн аюулгүй байдлыг хангана гэжээ. Ираны Прокурорын алба жагсагчдыг эрүүгийн хуулиар шийтгэнэ хэмээн заналхийлж, иргэдийг жагсагчдаас хол байхыг анхааруулжээ. Өнгөрсөн бямба гарагаас хойш Ираны эрх баригчид иргэдийн цахим сүлжээг тасалсан учраас хараат бус эх сурвалжуудтай холбогдон, эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр амь үрэгдэгсдийн тоог бататгах боломж байхгүй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч эсэргүүцлийн жагсаал цуглаан Ираны хэдэн 10 хотод үргэлжилсээр байгааг олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлж байна.

Image result for В протестах в Иране погибли больше сотни человек

Түүнчлэн жагсагчид банкны 100 гаруй салбар, 50 гаруй дэлгүүрийг шатаасан ба цагдаа нар 1000 гаруй иргэдийг баривчилжээ. Өнгөрсөн баасан гарагт Ираны эрх баригчид шатахууны үнийг 50 хувиар нэмэх шийдвэр гаргаж, сард 1 жолооч 60 литр л шатахуун авах норм тогтоосон ба жолооч нормоосоо их шатахуун авах тохиолдолд 1 литр шатахууныг хоёр дахин их үнээр авах боломжтой болж байгаа аж. Эрх баригчид шатахуунаас олсон орлогоороо ядуусын амьдралд тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн гаргасан шийдвэрээ тайлбарлажээ. Гэсэн хэдий ч иранчуудын дийлэнх нь уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байна. АНУ-ын хориг арга хэмжээнд багтсанаас болж Ираны эдийн засаг хямарч, газрын тосны экспорт нь уналтад орж, үндэсний валют нь суларч, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн билээ. 

Эх сурвалж: newsru.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.