Есөн настай Н.Азжаргал охин найман дүүгээ галын аюулаас аварч, өөрөө түлэгджээ

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Галын аюулаас найман дүүгээ аварсан есөн настай Н.Азжаргал охин "Мөнгөн гүүр" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд энэ хэрэг болжээ. Н.Азжаргалыг ээж Л.Долгорсүрэн, эгч Н.Ариунжаргал нар нь ээлжлэн сахиж байгаа аж. Эгчтэй нь ярилцлаа.

-Юу болсон талаар ярихгүй юу?

-Наймдугаар сарын 9-ний өглөө, 11 цагийн үед гал гарсан юм билээ. Харж, хандах том хүнгүй үлдсэн есөн хүүхэд гэртээ байж байгаад гал алдсанаас ийм юм болсон. Гал руугаа бензин хийчихсэн гэсэн.

-Ямар учиртай бензин байсан бол. Хүүхдийн гар хүрэхээр ойр тавьсан байж дээ?

-Хүдэрт хэд хоног тасралтгүй бороо орж нэлээд зутарсан байсан юм. Мод түлээ норчихсон байсан. Хүүхдүүд гал түлж хоол унд л хийх гэж байсан юм шиг байна лээ. Гал нь унтарчихаар асаах санаатай бензин хийсэн гэсэн. Ундааны савтай бензин байхаар нь хийчихсэн гэж ярьцгааж байна лээ. Цогон дээр нь бензин хийсэн болохоор нэг мэдэхэд хар утаа савсаад юу ч харагдахгүй болчихсон гэсэн. Хоолой нь боогдоод нүд нь хорсоод ханиалгаад сандралдсан байгаа юм. Тэгтэл Н.Азжаргал цонхны шилээ алхаар хагалаад өөрөөсөө нэг насаар дүү хүүхдиийг түрүүлж гаргаад дүү нараа нэг нэгээр нь гаргаж эхэлсэн гэсэн. Хүүхдүүд угаартах гээд л ханиалгаад байсан байгаа юм. Цонхыг хагалтал битүү байшинд салхи ороод өнөө уугиж байсан гал нь гэнэт дүрэлзээд гал хүчтэй гарсан гэсэн.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүд байсан юм бэ?

-Хамгийн том нь Азжаргал, есен настай. Хамгийн бага нь ой таван сартай.

-Гаднаас нь түгжчихсэн байсан юм уу?

-Үгүй, онгорхой байсан. Байшинд юу ч харагдахгүй хав харанхуй болсон гэсэн. Цонхноос сүүмгэр гэрэл харагдахаар нь тэр зүг рүү очоод хагалсан байгаа юм. Жаахан хүүхдүүд сандрахдаа хаалга гэхээсээ илүүтэй гэрэл гэгээтэй зүйл рүү л тэмүүлсэн байх.

-Томчуул, эцэг эхчүүд нь хаачсан байсан бэ. Яагаад тийм олон хүүхдийг харах хүнгүй үлдээсэн юм бэ?

-Бид нар хөдөө явчихсан байсан. Араас хүн ирж бидэнд гал гарсан талаар дуулгасан. Тэгээд түргэн дуудаад сумаас аймагт очоод, аймгаас шууд хот руу ирсэн.

-Бусад хүүхдүүд нь гэмтэж бэртсэн үү?

-Бусад нь галд өртөөгүй. Заримынх нь гар хөл бага зэрэг түлэгдсэн байна лээ. Азжаргал нааш ирж байхдаа "Аниа гал гарахад Энхрий байгаагүй юм байна, тийм үү. Би түүнийг утаа, гал дундуур зөндөө хайсан. Даанч байгаагүй" гэж ярьсан. Энхрий гэдэг нь манай хамаатны хүүхэд. Гал гарахаас хэд хоногийн өмнө хот руу явчихсан байсан. Дүү маань тухайн үед сандарч, цочсондоо Энхрийг хот явсныг мартаад шатаж байгаа байшин дотуур зөндөө явж хайсан байгаа юм. Тэгж яваад л түлэгдсэн юм билээ. Хүүхдүүд "Авраарай" гэж хашгираад хүмүүсийг дуудаад хажуу айлынх нь эмэгтэй цагдаа дуудсан гэсэн. Хамгийн айхавтар түлэгдсэн нь Азжаргал.

-Биеийн хэдэн хувь нь түлэгдсэн бэ?

-Биеийн   40   хувь   нь түлэгдэлттэй. Түлэгдэлтийн зэрэг нь гуравдугаар зэрэг. Хоёр гар, нүүр нь түлэгдсэн. Одоо боолтуудыг нь аваад задгайгаар эдгээж байна. Анх ирснээ бодвол сайжирсан.

-"Мөнгөн гүүр" эмнэлэгт хэзээ ирсэн юм бэ?

-Гал гарсны маргааш өглөө ирсэн. Аймгийн эмнэлэгээс шингэн сэлгүүлээд шууд хот руу ирсэн. Сайн эмч нарын буянд Азжаргалын маань бие их сайжирч байна, нүүр нь гоё эдгэж байгаа.

-Гал гарах үед байшинд байсан хүүхдүүд ах д үүсийнх нь хүүхдүүд байсан уу?

-Хоёр нь Азжаргалын төрсөн дүү. Нэг нь дөрөвтэй, нөгөөх нь хоёртой. Ой таван сартай хүүхэд нь миний хүүхэд. Бусад нь хамаатан садан, ойр хавийн айлын хүүхдүүд байсан.

-Н.Азжаргал хэддүгээр ангид сурдаг вэ?

-Хүдэр сумын 11 жилийн дунд сургуульд сурдаг. Одоо дөрөвдүгээр ангид орно. Миний дүү гоц содон авьяасгүй ч дуу бүжигт дуртай, онц сурдаг юм. Хэрвээ түүний оронд өөр хүүхэд байсан бол дүү нараа ингэж авраа ч уу үгүй ч үү. Дүү нараа авраад өөрөө ийм болчихсон болохоор дүүгээ өрөвдөхийн зэрэгцээ түүгээр бахархаж байна (хоолой нь зангирав). Гэхдээ бие нь сайжирч, эдгэрч сайхан болж байгаад юунаас илүү баярлаж байна.  

Энэ олон сайхан эмч нарын буянд, сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр бие нь сайжирч байна. Миний дүү их тэвчээртэй, гүргэр болохоор шүд зуугаад л өвчнөө даван туулж байна. Эхний хэдэн хоног үнэхээр хэцүү байсан. Унтаж чадахгүй, шаналаад. Халуундаа дэмийрээд их л сандаргасан.

-Н.Азжаргал айлын хэд дэх хүүхэд вэ?

-Манайх таван охинтой. Би ууган нь. Н.Азжаргал дундах нь.

-Дүү тань тухайн үед гарсан галын талаар өөр юу ярьж байна вэ?

-Миний дээр ярьсан зүйлсийг л ярьсан. "Энэ муухай юмыг олон дахин давтаж яримааргүй байна" гэж байна лээ.

-Тэр бензин нь ямар учиртай юм бэ?

-Ундааны савтай бензин байсан юм. Биднийг өглөө явахад гал нь асч байсан юм, уг нь. Тоглож байгаад гал унтарсныг анзаараагүй байх. Тэгээд асаах гээд бензин хийсэн болов уу.

- Танай эцэг, эх хаана ямар ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

- Аав, ээж маань тодорхой эрхэлсэн ажилгүй. Манай ээж эсгий цехэд ажилладаг, аав олдсон ажлаа л хийгээд явдаг. Хамаатан саднууд маань хүүхдийг нь аварсан болохоор Н.Азжаргалын эмчилгээний төлбөрт чадах чинээгээрээ туслаад л болж байна.

Д.Саруул, "Өдрийн сонин"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.