14 настай Кван Хончан усанд үсрэлтээр хамгийн дээд оноог авч, алтан медалийн эзэн боллоо

Twitter Print
2021 оны 08-р сар 06-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Токиогийн Зуны Олимпын наадамд БНХАУ-аас оролцож буй хамгийн залуу тамирчин 14 настай Кван Хончан 10 м өндөр тавцангаас усанд үсрэлтийн төрөлд түрүүлжээ.

Тэрээр 5 удаагийн үсрэлтийнхээ хоёрт нь 7 шүүгчдээс тус бүр хамгийн дээд оноо болох 10 оноог авч, алтан медалийн эзэн болсон байна. 14 настай Кван Хончан ялалтаа өвчтэй байгаа ээждээ зориулж байгаа гэжээ. Тэрээр, "Ээждээ туслахад хангалттай хэмжээний мөнгө олохыг хүсч байна. Тиймээс би дасгалжуулагчийнхаа үгийг сайн сонсч, заавар зөвлөгөөг нь сайн дагадаг." хэмээн ярьжээ.

Түүний оролцсон тэмцээнийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах үзэж сонирхсон ба Кван Хончан 466.20 оноогоор өрсөлдөгчдөө илт давуу ялсан ба тус төрөлд БНХАУ-аас оролцсон 15 настай Чэн Юси 425.40 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Кван Хончан алтан медаль хүртсэнээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 10 м өндрийн тавцангаас усанд үсрэлтийн төрөлд БНХАУ-ын тамирчид 4 Олимп дараалан алтан медаль хүртэж байна.

Кван Хончаны хувьд уг төрөлд түрүүлсэн Хятадын хоёр дахь залуу тамирчин болж байгаа ба 1992 оны Барселоны Олимпын наадмаар БНХАУ-ын тамирчин Фу Миньси 13 настайдаа алтан медаль хүртэж байжээ.

Тэмцээн дууссаны дараа өгсөн ярилцлагадаа Кван Хончан алтан медаль хүртсэн баяраа халуун ногоотой амттан идэж тэмдэглэнэ гэсэн бол усанд үсрэлтээс гадна юу хийх дуртай вэ гэсэн асуултанд тооны хичээлд дуртай гэжээ.

Эх сурвалж: https://apnews.com/article/2020-tokyo-olympics-diving-sports-china

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.