
Дээр үед үр хүүхэдгүй эхнэр, нөхөр хоёр амьдран суудаг байлаа. Нэг удаа тэр ариун дагшин газарт очоод: "бурхан минь бидэнд үр хүүхэд заяагаач. Бид үр хүүхэдтэй болмоор байна" гэж бурхнаас залбиран гуйжээ.
Тэгээд гэрлүүгээ харих замдаа өтгөн ногоон дундаас хүүхэд уйлах дуу гарахыг сонсов гэнэ. Тэд ногоон дундуур эртэл тод улаан өлгийтэй бяцхан хүү байхыг харан: "Бидний залбиран гуйсан хүү мөн байна" гэж эхнэр нөхөр хоёр бодоод хүүг гэртээ авчран төрсөн үр шигээ өсгөн бойжуулжээ.
Хүү үнэхээр жаахан агаад ердөө л чигчийн чинээ биетэй аж. Он цаг өнгөрсөн ч өсөж томорсонгүй. Тийм болохоор хүүг Чигчийн чинээ хүү хэмээн нэрийджээ. Чигчийн чинээ хүү нэг удаа эцэг эхдээ:
- Санаа тавин өсгөсөнд баярлалаа. Одоо би даян дэлхийгээр явж аз жаргалаа эрэх цаг болжээ гэв.
Эцэг эх нь түүнийг ганцаараа явахад дэндүү бага байна гэж ятгасан авч хүү зөрүүдэлсээр байсан тул зөвшөөрөхөөс өөр аргагүй болж.
-За чинийхээр болог. Бид замд авч явах зүйлийг чинь төхөөрье гэлээ.
Тэд Чигчийн чинээ хүүдээ илдний оронд зүү, завины оронд модон тагш, сэлүүрийн оронд савх өгчээ. Хүү завиндаа суугаад аз жаргалаа олсон хойноо буцаж ирнэ гэж эцэг эхдээ амлаад гараа далласаар одов гэнэ. Тэрбээр тагшин завиа савхан сэлүүрээр далуурдсаар гол уруудан хөвлөө.
Олон бээр хөвсний дараа завь нь гэнэтхэн хөмөрчихжээ. Мэлхийтэй мөргөлдсөн юм байж. Чигчийн чинээ хүү сайн сэлдэг болохоороо эрэгт амархан хүрчээ. Тэгтэл нэгэн байшин харагдав. Чигчийн чинээ хүү сайхан байшинг хараад эзэн нь баян хүн гэдгийг мэджээ.
Тэгээд гол хаалга руу зоригтой дөхөж очоод хүн байгаа эсэхийг асуун дуудав. Зарц үүд рүү дөхөж ирсэн боловч хэнийг ч олж харсангүй.
- Би энд байна, энд байна. Доошоо хар гэж Чигчийн чинээ хүү хашгирав.
Зарц доошоо харсан боловч эзнийхээ зугаалахаар явахдаа өмсдөг хос модон шаахайнаас өөр юм олж харсангүй. Бүр бөгтийн байж шаахайны дэргэд байгаа өчүүхэн хүүг хараад ихэд гайхаж энэ тухай эзэндээ хэлэхээр өргөө рүүгээ яаран орлоо.
Эзэн үүд рүү хүрч ирээд бяцхан хүүг харлаа. Чигчийн чинээ хүү илд болсон зүүгээ ташаандаа барин их л бардамхан байртай зогсоно.
- Бяцхан баатар минь сайн байна уу? Чамд юу хэрэгтэй вэ? гэж эзэн мэндчилэв.
- Би аз жаргалаа хайн даян дэлхийгээр явж байна. Хэрэв та намайг авбал би дуртайяа таны бие хамгаалагч болохсон. Би хэдийгээр жижигхэн ч гэлээ энэ гайхамшигт илдээ сайн эзэмшдэг юм.
Бяцхан хүүгийн үг эзний өхөөрдлийг төрүүлсэн учир:
- За тийм л юм бол ор доо. Манай охинтой нөхөрлөөрэй гэв.
Ингээд Чигчийн чинээ хүү бүх цагаа бяцхан охинтой хамт өнгөрүүлдэг болжээ. Тэд сайн андууд болж бүх л өдрийн турш хамтдаа ном уншиж, тоглодог байв. Охин үнэт эрдэнэ хийдэг нэг хайрцагтаа Чигчийн чинээ хүүг унтуулна. Нэг удаа тэр хоёр гэрээсээ холгүйхэн байдаг сүм рүү явлаа. Тэгтэл гартаа шидэт алх барьсан аймшигтай ногоон чөтгөр гэнэтхэн гараад ирэв гэнэ. Чөтгөр охиныг хармагцаа хөөлөө. Чигчийн чинээ хүү илдээ гаргаад чөтгөрийн хөлийн хурууг хатгаж гарав. Харин чөтгөрийн арьс зүү нэвтлэхээргүй зузаан ажээ.
Ногоон чөтгөр охиныг хөөсөөр байсанд Чигчийн чинээ хүү хөлөөр нь дамжин дээш авиран гарч илдээ шууд л хамарт нь зоов. Чөтгөр өвдсөндөө хашгирахаар завдан амаа том ангайжээ. Энэхэн агшинд Чигчийн чинээ хүү ганцхан үсрээд чөтгөрийн аманд орчихов. Тэгээд л илдээрээ баруун зүүнгүй хатгаж гарчээ. Чөтгөрийн хэл арьснаасаа зөөлөн юм чинь өвдөх нь аргагүй шүү дээ. Аманд маань юу болоод байнаа? гэж гайхсан чөтгөр Чигчийн чинээ хүүг нулиман гаргаад цааш зугтан одлоо. Сандарсандаа болоод шидэт алхаа ч мартчихжээ.
Охин хүү рүү ирээд шидэт алхыг аван далласнаа:
- Одоо бид хүслээ биелүүлж болно. Чигчийн чинээ хүү том болог гэлээ.
Охиныг даллах бүр Чигчийн чинээ хүү сөөм сөөмөөр өсөж байв. Ийм явдал болсонд хүү охин эцэг бүгд баярлацгаажээ.
Хэдэн жилийн дараа Чигчийн чинээ хүү нөгөө охинтой гэрлэж амар сайхандаа жаргажээ.
www.ikhmongol.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.