
Өнгөрсөн пүрэв гарагт Тайвань дотооддоо үйлдвэрлэсэн байлдааны анхны шумбагч онгоцоо танилцуулжээ.
Шинэ шумбагч онгоцыг 2 жилийн дараа ашиглалтанд гаргах ч Тайванийн батлан хамгаалахын салбарын хувьд энэ нь томоохон алхам болж байна.
БНХАУ нь Тайванийг өөрийн газар нутаг хэмээн үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд Тайвань арлын ойролцоо цэргийн хээрийн сургуулилтаа эрчимжүүлсэнтэй холбоотойгоор Тайванийн засгийн газар зэвсэгт хүчнээ орчин үеийн зэр зэвсэг, машин техникээр хангах төсөл эхлүүлжээ.
Уг төслийг санаачилсан Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн өмнөд зүгийн Гаосюн хотод ганц эвэрт халим нэртэй байлдааны шинэ шумбагч онгоцны нээлтэнд оролцохдоо, "Өмнө нь дотооддоо шумбагч онгоц үйлдвэрлэх нь боломжгүй зүйл байлаа. Гэхдээ өнөөдөр манай улсын иргэдийн зохион бүтээж, үйлдвэрлэсэн шумбагч онгоц бидний өмнө байна. Аюул эрсдэл, ямар ч саад бэрхшээл учирсан Тайвань энэ алхмыг хийж, бие даасан батлан хамгаалахын бодлогоо улам бүр хөгжин цэцэглэх боломжийг олгох ёстой." хэмээн шинэ шумбагч онгоц нь Тайванийн тэнгисийн цэргийн хүчний байлдааны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Шинн шумбагч онгоц нь 2025 онд ашиглалтанд орж, Тайванийн тэнгисийн зэвсэгт хүчин 1980-аад онд Тайванийн Нидерландаас худалдан авч байсан хоёр шумбагч онгоцтой нийлээд байлдааны 3 шумбагч онгоцтой болох аж.
Хятадын Батлан хамгаалахын яамны төлөөлөгя Ву Чян Тайванийн шинэ шумбагч онгоц Хятад Тайвань арлыг бүслэхээс сэргийлэх чадалтай эсэх асуултанд Тайвань өөрсдийгөө хэт үнэлж, боломжгүй зүйл хийхийг оролдож байна хэмээн хариулсан байна.
Шинэ шумбагч онгоцны бүтээн байгуулалтыг удирдсан Тайванийн CSBC корпораци шинэ шумбагч онгоцны эд ангийн 40 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн гэжээ.
Тайваньд суугаа АНУ-ын элчин сайд Сандра Одрик нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Вашингтоны хувьд Тайванийн зэр зэвсгийн гол нийлүүлэгч билээ.
Тайвань 2027 он гэхэд тэнгисийн зэвсэгт хүчнээ дотооддоо үйлдвэрлэсэн 2 шинэ шумбагч онгоцоор хангах зорилт тавиад байгаа аж.
Шинэ шумбагч онгоц нь 1.53 тэрбум ам.доллараар боссон ба Lockheed Martin компанийн байлдааны системээр хангагдаж, Америкт үйлдвэрлэсэн Марк 48 загварын хүнд жингийн торпед тээвэрлэх аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
иргэн
(202.179.26.33) 2019-11-12 11:10620 мянга чинь 1 сая болоо биз дээ
Хариулах