Хоёрын дундаас хожих ухаан бидэнд байгаа байлгүй

Twitter Print
2016 оны 08-р сар 21-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

Өмнөд хөршийн төрийн тэргүүний манай улсад хийж байгаа дээд хэмжээний айлчлалыг олон улсын хэвлэл мэдээлэл урьд урьдынхаас илүү онцгой анхаарч байна. Хятадын төрийн тэргүүний айчлал болоод бүс нутгийн улс төр, эдийн засгийн тавцанд Монгол улс ямар байр суурь эзэлж байгаа талаар үнэлж цэгнэсэн сонирхолтой олон нийтлэлүүд гарч байгаагаас сонирхуулахад, "Гадаадын хөрөнгө оруулагчид, улс төрийн холбоотнуудын хойноос хөөцөлдөж хорь гаран жил тойглож ирсэн Монгол улс өнөөдөр эдийн засгаа сэргээж авах "ойрын хөршүүддээ" анхаарал хандуулах боллоо” гэж Bloomberg тэмдэглэсэн байх аж.

Монгол улсын тулгамдсан олон асуудлуудыг энд тоочсон байх бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт буурсаар гадаадын хөрөнгө оруулалт эрс хумигдан, инфляци өсч, гадаад валютын ханш дээд хэмжээндээ тулсан байгааг онцлон тэмдэглэжээ.

Харин эгзэгтэй энэ цаг үед Хятадын төрийн тэргүүн айлчилж, мөн хоёр долоо хоногийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрийн дээд хэмжээний айлчлал хийх гэж байгаа нь Монгол улсыг нэг бол Оросын тал, эсвэл Хятадын талд хандахад хүргэх шийдвэрлэх цаг үе байх болно. "Монгол улсад томоохон хөрөнгө оруулсан Rio Tinto Group (Их Британи-Австралийн компани) тус улсын засгийн газрын хоорондын шийдвэрлэж чадаагүй маргаан гадаад ертөнцөд балаг дагуулах болж, цаашид хөрөнгө оруулах болгоомжлол төрүүлэх болсон. Тиймээс энэ цаг үе одоогоор шийдвэрлэх эгзэгтэй үе болсон бөгөөд Орос, Хятад улсууд Монгол улсын байгалийн баялагыг илт сонирхож, эдийн засаг нь хүндхэн сорилттой тулгарсан энэ үеийг овжин ашиглахыг зорьж байгаа” тухай Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг NovaTerra LLC консалтинг компанийн захирал Питер Морроу өгүүлсэн байна.

1990 оноос хуучин Зөвлөлтийн нөлөөллөөс ангижирсан Монгол улс АНУ-ыг оролцуулаад "гуравдагч хөршийн" бодлого явуулж ирсэн бөгөөд Peabody Energy Corp., Anglo American Plc болон Samsung Engineering зэрэг томоохон корпорациудаас хөрөнэгө оруулалт татахыг хичээж байсан бол 2014 онд “хөрөнгө оруулалтын илүү үндсэрхэг хууль” баталснаар гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар унахдаа  хүрсэн.

Хятадын Гадаад харилцааны сайдын орлогч Лю Цяньчао мэдээлсэнээр, Хятадын дарга Сигийн Монгол улсад хийж буй айлчлалын үр дүн эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн салбарт илүүтэй гарах аж.

Хоёр их гүрний дундаас Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гэсэн энэ мэт өгүүлэл нийтлэлүүд өрнөдийн хэвлэлүүдэд олон гарч байна. Тэдгээр өгүүлэлүүд дотроос Монгол улсыг алгасаж Хятад, Оросын хооронд өрнөх гэрээ хэлцэл манай эдийн засагт багагүй эрсдэл авчрах төлөв ажиглагдаж байгааг ч онцолсон байх аж.

Хятад улсад эрчим хүчний эх үүсвэр онц чухал шаардлагатай байгаа хэдий ч экологийн хямралын улмаас өөрсдийнхөө нүүрсийг шатаах асуудлаас зай барин тойрч байгаа. Энэ эгзэгтэй үеийг ашиглаад Оросууд Монгол улстай богино хугацаанд эдийн засгийн холбоо тогтоох ёстой. Харин эс  тохиолдолд Хятадууд Монголд дэлхийн хэмжээнд дуулдаагүй их хөрөнгө оруулалт хийх магадлал өндөр. Хэрэв энэ тохиолдолд Монгол улсын ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэрхэн хөндөгдөх тухай асуудал яригдаж эхэлнэ. Чухам энэ нөхцөл байдлын улмаас геополитикийн нарийн учир шалтгаантай, бэрхшээлтэй олон асуудал үүснэ. Орос улс Зүүн хойд Ази дахь стратегийн томоохон түшиц газраа алдах эрсдэлтэй тулгарч байгаа учир ширүүн өрсөлдөөн үүсэх нь тодорхой. Харин Монгол улсын хувьд хөрш хоёр их гүрний бодлого дундаас аль болох эрсдэлгүй гарах зөв арга зам хайх нь чухал. Хэрвээ хоёр гүрэн хоорондоо Монгол улсын ашиг сонирхолыг үл ойшоосон яриа хэлцэл явуулж эхэлбэл стратегийн чухал үр нөлөөтэй нөөц төлөвлөгөө гаргаж тавих ёстой цаг үе иржээ. Хоёр их гүрэн бие биенээ хүлээн зөвшөөрсөн найрсаг бодлого  явуулж эхэлбэл харин Монгол улсын ашиг сонирхлыг хамгаалсан асуудал орхигдож эхлэх аюул бас байж болох юм. Тиймээс аль аль талын ашиг сонирхлын зөрчил дээрээс Монгол улс хожоотой боломж олж харах, цаашид ирээдүйд үүсэж болзошгүй сөрөг нөлөөллөөс зайчих ул суурьтай бодлого төлөвлөлт шаардсан хариуцлагатай цаг үе энэ өдрүүдэд тохиож байна.

Хоёрын дундаас хожих ухаан бидэнд олдох байлгүй дээ гэж найдъя. Монгол нутгийн буян барагддаггүй гэж ярьдаг даа.

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.