Энэ сараас эхлэн хэрэгжих ХУУЛИУД

Twitter Print
2021 оны 01-р сар 05-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хууль болон Засгийн газрын шийдвэрүүдийг багцлан хүргэж байна.

ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ ЦАХИЛГААН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАНА

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр болсон билээ. Эрүүгийн хуульд заасан уг ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Энэхүү ял нь хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Хэрэв цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж.

ЦЭЦЭРЛЭГҮҮД 2021 ОНООС ДЭРГЭДЭЭ ЯСЛИ АЖИЛЛУУЛЖ, 1-2 НАСТАЙ ХҮҮХЭД ХАМРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨВ

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэх юм.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАР АВНА

Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутаг бие даан шийдвэрлэх боломж олгож, малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг сум, дүүргийн ИТХ-д ирэх оноос олгохоор төлөвлөж буйтай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталлаа. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.

Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө гэж заажээ. Тус хуулийн дагуу малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх юм байна.

ДААТГУУЛАГЧИД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ТӨЛНӨ

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Дээрх хуулиудаар орж буй өөрчлөлтүүдээс гарах үр дүн:

Эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болно. Тэнд нь санхүүжилтийг нь олгодог болно. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болно. Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хүний нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн заавал хамруулж санхүүжилтийг ЭМД-аас санхүүжүүлнэ. Даатгалын сантай гэрээ байгуулсан улс, хувийн бүх эмнэлэг ижил тариф даатгалаар үйлчлэх тул улсын эмнэлгийн ачаалал, дараалал, хүнд суртал буурна.

ЭМД-ын байгууллага нь эмнэлэг, эмийн сангаас иргэнд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг хянах, хангалтгүй үзүүлсэн бол төлбөрийг бууруулах, хариуцлага тооцох, уг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж танил талаар шийддэг байсныг зогсооно.

Эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн цахимжина.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж Монгол улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрэхээс иргэдийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд үнэ, чанарын хяналт тавина. Хөнгөлөлттэй эмийн жорыг бүх төрлийн эмнэлгийн эмч нар бичих бөгөөд гэртээ, ажилдаа аль ойрхон ямар ч эмийн сангаас эмээ авах боломж бүрдэнэ.

Сэтгүүлч Ц.Гэрэлмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.