Чингис хаан хаана төрсөн бэ?

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Чингис хааны төрсөн газрыг эрэн сурвалжлах, тогтоох ажлыг анх 1850-иад оны үед Банзарын Дорж хийжээ. Тэрээр 1852 онд одоогийн Чита мужийн өмнөд хэсэгт орших Их арал гэдэг гацаа хавьд нутгийнхны домоглодог Чингис хааны төрсөн Дэлүүн болдог хэмээх нэртэй газар байгааг сураг сонсоод Г.Юренскийгээр хайлгажээ. Г.Юренский түүний зааснаар Их арал гацаанаас дээш 8 орчим км зайтай Онон голын баруун эрэгт Дэлюн болдок гэдэг газар байгааг мэдээлсэн байна. Чингис хааны төрсөн газрыг хайн сурвалжлах ажил манай эрдэмтдийн хувьд нэлээд эрт эхэлсэн байна. XIX зууны дунд үед алдарт эрдэмтэн Инжинаш “Хөх судар” хэмээх зохиолдоо Чингис хааныг Онон голын хөвөөнд орших Тэргүүн болдаг ууланд төрсөн гэжээ. 

Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамъян 1928 онд зориуд биечлэн сурвалжилж Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байна гэсэн санааг анх гаргасан байна. Тэрээр “Бас Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын зүүн этгээдэд зүүн өмнөөс Хэрлэн гол руу орсон нэгэн их амыг Болдагийн ам хэмээдэг. Тэр Дэлиүн болдагт Чингис хаан төрсөн хэмээн хэлдэг гэж тэндэх нутгийн хүмүүс хэлнэ. Энэхүү Дэлиүн болдаг хоёр газрын алинд нь Чингис хаан төрсөн болохыг эрдэмтэн мэргэд шинжлэх ажаамуу хэмээнэ” гэжээ. 

Нэрт түүхч Х.Пэрлээ: “... Дэлүүн болдог Онон, Балж хоёр голын боом буюу бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий” гэсэн нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Дэлүүн болдог юм. 

Сүүлийн үед Дэлүүн болдогийн байрлалын талаар шинэ санал гарч ирсэн ба газарзүй судлаач Ж.Бадамдаш, Д.Базаргүр нар Дэлүүн болдогийг Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Ламын ухааг мөн гэж үзсэн байна. 

Дээрхээс үзэхэд Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийн байршлын талаар үндсэн 4 санал дэвшигдэн гарчээ. Үүнд:

1.Ононы адаг урсгал дахь одоогийн ОХУ-ын нутагт буй Дэлюн болдок,

2. Ононы буюу Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдог,

3.Хэрлэний Дэлүүн болдог,

4.Хэнтий аймгийн Биндэр сумын Ламын ухаа болж байна.

Дэлүүн болдогийг хайн судалсан дээрх эрдэмтдийн саналаас О.Жамъян, Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн зэрэг манай ахмад эрдэмтдийн судалж тогтоосон Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог нь Чингис хааны төрсөн газар мөн байх үндэслэл хамгийн өндөр байна.

Б.Баатархүү, Д.Одсүрэн: Чингис хааны төрсөн газрын нэр Дэлүүн болдог мөн үү, Нууц Товчооны нууцаас тайлах нь, 2014 номноос

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.