
Өнөөдөр аж ахуйн ажил хөөцөлдөж хотыг хөндлөн гулд хөөрхөн явлаа. Вокзалын замын хажууд худалдагчийн өмсгөлтэй эгч уут дүүрэн хөлдүү бууз барьчихсан зогсож байна.
Бөглөрөлд нам гацсан миний цонхыг тогшсоноо "Нөгөө бууз авна гэсэн хүн мөн үү" гэж гайхшруулдаг байгаа. Биш ээ л гэв. Гэтэл арын машинаас даллан, "Наашаа эгч ээ, манайх авна. Мөнгөө шилжүүлчихсэн. Ээ та ундаа бариад гараад ирэхгүй, авах байсан шдээ" ч гэх шиг. Амжуулчихдаг л юм байна. Бууз эзэндээ очиж, худалдагч эгч ажлын байр руугаа марш. Нарантуул ортол авах гэсэн бараа маань алга. Настай ах "За чи машинаа асаагаад мөнгөө яг тааруулж бэлдээд, төв замдаа ороод явж л бай, дугаараа үлдээчих, бөглөрч байх хооронд чинь контейнэрээс аваад хүргээд өгнө" гэж байх юм. Нээрэн л хашаанаас нь ч гарч амжаагүй байхад "Хөөе хаалгаа" гэчихсэн зогсож байдаг юм даа.
Би ч мөнгөө гялс атгуулж амрав. Баянгол дүүрэг хавьд байх сургуулийн гадаах зам дээр нэг хүүхэдтэй эгч зогсож байна. Хүү машин болгон руу харж байснаа "Багш аа, аав тэр ирж байна, би гүйлээ" гээд алга болж өгөв. Замын хажууд үлдсэн багш утсаараа "За Мандах машиндаа суусан уу" гээд чанга гэгч лавлаж байна. Зогсоолгүй байхад санадаг л санаа. Бууз дамжуулчихаж болж байгаа юм чинь хүүхэд өгч, авалцаа л биз. Уулзвар дээр машиндаа уур савссан цай ууж суугаа настай эгч нүдэнд тусав. Ядарсныг ч хэлэх үү, цай нь бараг л үнэртчих гээд. Эгч жолооноос тас зуурч, гэрэл ширтсэн өвгөндөө гэртээ хайрсан бололтой хуушуур бариулж байх юм.
Өө ногоон гэрэл хүлээн нүүрээ будах бол бараг миний өдөр бүр хийдэг ажил. Урд талын машинаас ажигч бяцхан нүд намайг сонирхон харангаа хуруугаа сарвайтал тоолоод байна. Анзаарч харвал аавынхаа машины ард даалгавраа хийж яваа сурагч болж таарав. Зам дээр амьдрал буцалж байна даа...өмнөх машины залуу урд талын машинууд нь явчихсаныг мэдэхгүй утсаа маажаад таг. Хажуугаар нь гарахдаа зөөлөн сигналдсан чинь нэг их том харснаа "Чам дээр лайк л дарж байна шдээ" гэж нүүр улайлгав. Зараа болтлоо уурлаж байснаас баахан утасны дугаар цуглуулж авна аа, ерөөсөө. Тэгээд "Миний нөгөө байнга авдаг цөцгий, ууттай гурилыг замын хажууд тавьчих, машины дугаар биччихээрэй, би бөглөрөх зуураа авчихна" гэж яриад л...тэгснээ үсчин хүүхнийг "Гараад ир, машинд үс тайраад өг, дараагийн уулзвар дээр буугаад ажил руугаа дэгдэхэд яг болно" гэж зохицоод л...лаг уу?
Үсээ өнгө өнгөөр хэд дахин будаж туршаад, нүүрний маскаа оройжин тавьсан ч болж байна. Цаг хэмнэнэ, яршиг зүгээр. Ер нь манайхаан, төмс ногоогоо арилгагчтай нь, мах гампанзаа ч аваад явж байя. Харих замдаа хоолоо бэлдээд, гэртээ оронгуутаа хайрч шараад яг таарна. Арын суудалд суугаа хүн гурилаа нухаад хөөлгөөд амжина даа, амар шдээ. Зарим банкны теллер, зээлийн мэргэжилтнүүд, төрийн үйлчилгээний ажилтнууд хүмүүсийн машинд шууд үйлчилгээ үзүүлдэг явуулын хэлтэстэй болмоор юм байна аа...ирэх хавар сонгуульд нэр дэвшигчид жолооч нарын машинд биечлэн суугаад уулзвараас уулзварын хооронд сурталчилгаагаа явуулбал болох гээд байна.
За тэгээд аягүй бол поп амлалт ангайтал ярьж, нүд нүүр улайлгаж байгаад шон мөргүүлж ална л даа...юун нэг машинд багтах нь байтугай зүгээр зөнгөөрөө явж байхад л элэг хөшөөж алчих гээд байдаг улс шүү дээ...
Р.Эмүжин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.