Манай аялал жуулчлалын бодлого буюу Монголд ирсэн хохь чинь ээ...

Twitter Print
2023 оны 06-р сар 15-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-"МОНГОЛД БИТГИЙ ИРЭЭРЭЙ"

Манай аялал жуулчлалын бодлого үндсээрээ буруу явж ирсэн.

1. Зар сурталчилгаа

Сурталчилгаа бага хийдэг. Гэхдээ энэ нь гол пойнт биш, буруу хийдэг. Монгол нүүдэлчин орон гэдгийг дэлхий тэр чигээрээ л мэднэ. Өнөө л улиг болсон гэр, тэрэг, тэмээ мал, биелж байгаа хатны хувцастай хүүхэн... Ард нь Welcome to Mongolia.

Видео нь бүр татаана, сэгсийсэн малчин залуу хонины цээж рүү тохойгоо хүртэл гараа хийж төхөөрч байгаа дүрс, ингэ уйлуулж сааж байгаа хүүхэн, эсвэл цаатны урц, хэдэн сэгсгэр хүүхэд... Ард нь Welcome to Mongolia.

Онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуй, уламжлалт өв соёл бол манай жуулчдыг татах нэгээхэн зүйлс мөн, гэхдээ "нууц зэвсэг" буюу сюрпрайз юм. Хэвийн хүлээлттэй жуулчид ийм санаандгүй зүйлс "бонуст" хараад хүлээлтээс өндөр сэтгэгдэл авч бусаддаа санал болгох, өөрсдөө бүр олуулаа эргэж ирэх, бүр ихийг үзэх хүсэл төрөх ёстой байх.

Угаасаа нүүдэлчид рүү өндөр хүлээлттэй ирээд сурталчилгааны видеонд харснаасаа долоон дор юм хөдөө 1 хоног хүндхэн нөхцөлтэйгээр харчихаад Улаанбаатарт хоёр хоног гиеүрч буцаж байгаа жуулчныг бусдад Монголыг сурталчилна, өөрөө эргэж ирнэ гэж саналтгүй!

Өнгөрсөн жил зөвхөн Шинжаанд 42 сая жуулчин иржээ. Ингэж суга өссөн олон шалтгаан бий байх, хамгийн чухал нь хоёр тэнэмэл солонгосын "Лапшаны мөрөөр" гэх BBC-ийн цуврал баримтат кино дэлхий даяар гарсан нь нөлөөлжээ.

Өнөө хоёр энгийн жуулчны тракаар алхаж, автобусдаж, галт тэргээр явахдаа Шинжааныг ертөнцөөр бүтэн үзүүлсэн юм.

Зөвхөн татмал гурилтай хоол ч биш, байгаль цаг уур, буудал, бие засах газар, энгийн амьдрал, найт клаб, зам харгуй, гэмт хэргийн байдал гээд ер нь жуулчин сонирхож болох хамаг зүйлсийг үнэ ханштай нь, эрсдэл боломжтой нь энгийн, бодитой, итгэл төрүүлэхүйц харуулж дөнгөсөн. Жуулчдийн тоо 3 дахин нэмэгдэв!

Гэтэл манайх дутахааргүй их мөнгөөр дэлхийн томоохон ТВ-ээр зүгээр л цаатан, Өвөрхангайн адуучин эр, Дундговийн тэмээчин айл, говийн ноолуурхан гаргаад Вэлком тү Монголиа гэчихээр өнөө сонирхогч гадаад нөхөрт олон хувьсагчтай бодлого шиг юм хаячихаад алга болсноос өөрцгүй маркетинг юм.

2.Жуулчдын Монгол дах нөхцөл

За хэцүүхэн дээ. Зам харгуй, бие засах газар, халаалт, үзвэр үйлчилгээ, үнэ гээд.

Нэг маанагдуухан Ирланд эр байг, зохиомол тул Жон гэе. Жон сурталчилгаанаас харж байгаад Монгол руу гэр бүлээрээ аялахаар шийдэв. Тун удахгүй сарын дараа энэ шийдвэртээ Жон амаа барин харамсаж халаглах болно.

Хамаг юм онгоцны тасалбараас эхэлнэ дээ. МИАТ гээд үндэсний монополь компани нь ертөнцөд хосгүй ер бусын үнэтэй. Бараг МИАТ сонгох уу өөр Азийн 3 орон сонгох уу гэдэгтээ тулна, дүйж очино. Жон шийдвэрээсээ ухралгүйгээр зөрүүдлээд Монголд ирлээ.

Такси- 1км 2000₮ гэж мань хүн мэдэж байгаа, гэвч 20км-т 100,000₮ авна. Гадаадынхан өөр ханшаар явдаг гэж мэдээгүй! Буудал-Буудлын тариф хараад гайхаш тасрав. Дотоодынхонд хоногийн 120,000 гадныханд 120$. Хөдөө явах болж унаа хөлслөв, бас л үнэ нэмэгдэнэ

Замд бие засах хэрэг гарав, бөөн "түүх". Хаашаа явж байгаагаа ойлгохгүй 1000 км давхиж очоод үзэх гэсэн зүйл нь хаалттай байж мэднэ, замдаа хэнийх нь мэдэхгүй 2 чулуун хөшөө харна. Хатуу ширүүн уур амьсгалтай тул замд нь бороо, бүр нойтон цас орж магадгүй.

Хувцас байхгүй, авья гээд дэлгүүр үгүй. Аймаг тааралдаад дэлгүүр орвол гадаадынхан гээд үнээ нэмж өгөх нигууртай. Харсан ойртсон бүр нь мөнгө, мөнгө л нэхнэ

Нэг хийд олоод музейг нь үзнэ. Хүйтэн өрөөнд шилэн хоргонд хийсэн хэдэн бурхан. Өөр зүйлгүй. Усанд орох газар үгүй. Зутарч зутарч хот бараадья гэнэ.

Хүн аймаар экстрем замаар насандаа туулж байгаагүй зовлонгоо чирсээр УБ-ын бараа харна. Жон, гэр бүлээрээ хамаг хараалаа барна!

Энэ орноос явахын хүслэн болж нэг хоноод "Говь" нэртэй дэлгүүрээс хоёр хямдхан цамц аваад арилж өгнө.

Орчуулга хийсэн оюутандаа гар цайлгаж Танай орон их сайхан юм, ёстой их таалагдлаа, дахиж ирэх хүсэл төрөв гэсэн сарказм хэлээд явахаа мартахгүй.

Одоо танаас асууя,

-Жон буцаж Монголд ирэх үү?

-Жон бусад Ирланд найз нөхөддөө Монголын талаар эерэг сайхан зүйл хэлэх үү?

Манай аялал жуулчлалын бодлого бол "Монголд ирвэл хохь чинь шүү" гэж байгаагаас ялгаагүй байгаа биз?

Байдал ийм байж ирсэн, ийм байсаар л байна.

Харин цаашдаа ийм байвал бид Аялал жуулчлал гэсэн нэртэй бүх байгууллагийг татан буулгаж аялал жуулчлал, вэлком тү Монголиа гэсэн үгнүүдийг үгсийн сандаа хэрэглэхээ болих хэрэгтэй!

Г.Сэржхорол

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.60) 2022-12-30 13:06
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

      Хариулах

    • Зочин

      (192.82.75.139) 2022-04-13 10:40
      • 0
      • 0

      Зөв бичиж. Энэ бүх зовлонг би гадаадынхантай өнгөрсөн зууны 90-ээд онд эдэлж байсан, 2000-аад онд мөн хэвээр, одоо ч хэвээр. Тэгээд жуулчны салбарынхан өөрсдөө юу ч хийхгүй мөртлөө, өнөөдрийг хүртэл гонгисоор л сууж байна.Монголд үзэл баримтлал, хандлагаа өөрчлөхгүй бол, аялал жуулчлал хэзээ ч хөгжихгүй.

      Хариулах