Бээжин БНСУ болон Японы иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоолоо

Twitter Print
2023 оны 01-р сар 11-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Бээжин БНСУ болон Япон улсын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоожээ. Энэ нь дээрх хоёр улсын зүгээс Хятадаас ирж буй иргэдэд хязгаарлалт тогтоосонтой холбоотой аж.

Өнгөрсөн долоо хоногт БНСУ Хятадын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоосон юм. Тухайн үед уг шийдвэрийг Хятадын Гадаад харилцааны яам "шинжлэх ухааны үндэслэлгүй" бөгөөд "байж боломгүй" хэмээн тодорхойлсон бол Бээжин БНСУ-ыг уг "ялгаварлан гадуурхсан" шийдвэрээ цуцлах хүртэл солонгосчуудад богино хугацааны виз олгохгүй гэж мэдэгдсэн байна.

Япон улсын хувьд коронавирусын шинжилгээний сөрөг хариутай Хятадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа ч Хятадаас ирж буй нислэгүүдийн тоог хязгаарлахаас гадна нислэгүүдийг нь зөвхөн цөөн тооны нисэх онгоцны буудлуудад л хүлээн авч байгаа аж.

Бусад улс орнууд коронавирусын халдварын давалгаанд өртөөд буй БНХАУ-аас ирж буй иргэдээс коронавирусын шинжилгээний хариу шаардаж байгаа ч Япон, БНСУ шиг хатуу хязгаарлалт тогтоогоогүй юм.

Сөүл болон Токио дахь БНХАУ-ын элчин сайдын яамууд Хятад руу зорчих хүсэлтэй тухайн хоёр улсын иргэдэд богино хугацааны виз олгохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Бээжин 2020 оны 3-р сараас хойш анх удаа хилээ нээж, гадаад дотоодын аялал жуулчлалд тавьсан хоригуудаа цуцлаад байгаа билээ.

Бээжингээс гаргасан шийдвэрийн хариуд БНСУ-ын Гадаад харилцааны яам Хятадаас ирж буй иргэдэд тогтоосон хязгаарлалт нь "шинжлэх ухаан болоод баримт нотолгоон дээр суурилсан" хэмээн тайлбарлажээ.

БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр Хятадын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоох шийдвэр гарахаас өмнө БНХАУ-аас ирсэн нийт иргэдийн 1/3 нь коронавирусын халдвартай нь тогтоогджээ. Иймээс Өмнөд Солонгосын эрх баригчид дээрх шийдвэрээ энэ сарын сүүл хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар БНСУ-ын хилээрээ Хятадаас зөвхөн бизнес болон дипломат зорилгоор ирсэн цөөн тооны иргэдийг нэвтрүүлж байгаа ба дээрх иргэд нь онгоцонд суухаасаа өмнө болон онгоцноос буусныхаа дараа коронавирусын шинжилгээ өгөх ёстой аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.