Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Twitter Print
2020 оны 02-р сар 21-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б нь учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, энэ сарын 19-ний 04.00 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн машиндаа нас барсан байдалтай олдсон байдаг.

Цагдаагийн байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд талийгаач С.Б нь хамгийн сүүлд аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж болон орлогч дарга Я.Эрхэмбаяр нарын хамтаар албан өрөөнд нь хамт архи уусан гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Говь-Алтай аймгийн Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд өчигдөр ЦЕГ-ын даргад үүрэг өгч, зохих мэдээллүүдийг авсан. Улмаар Говь-Алтай аймгийн Засаг дарга нь ажлын байранд архи согтууруулах ундаа оруулж болохгүй гэх тогтоолыг зөрчсөн тул энэ үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байна. Өөртэй нь холбогдоход энэ асуудлаа хүлээн зөвшөөрсөн. Тиймээс захирамж гаргаж байна. Дараагийн Засаг даргыг томилох хүртэл орлогч нь үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Бусад асуудлыг нь цагдаагийн байгууллага мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Багадаа хоёр долоо хоногийн хугацаа хэрэгтэй гэж цагдаагийн дарга мэдээлсэн. Бид ямартай ч сахилгын шийтгэл ногдуулж, Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө" хэмээн мэдээллээ. 

Талийгаач Б нь бага насны хоёр хүүтэй, сэтгүүлч мэргэжилтэй ТВ5 болон орон нутгийн хэвлэлд ажиллаж байсан гэсэн мэдээлэл байна. 

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар яаман дээрээ архидан согтуурч, нэг нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнөөдөр ч шийдэгдээгүй байгаа. Энэ хэрэг явдлын дараагаас эхлэн төрийн байгууллагуудад шалгалт хийж, ажлын байран дээрээ архидан согтуурах асуудал гаргахгүй байх тал дээр хяналт чангарна гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон ажлын хэсгийнхэн хэлж байв. Бүр Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож байгаа. Нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулахаар болсон билээ.

Гэтэл Монголын төрийн албаныхны албан ажлын байран дээрээ архидан согтуурч, хэн нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсаар байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.