Оросын германууд

Twitter Print
2021 оны 08-р сар 05-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Бид орчин цагийн Орос их гүрнийг монголчууд босгоход их үүрэгтэй гэдэг. Энэ үнэн Алтан орд улсын цэрэг төрийн байгуулалын авч анхан үеийн Оросын хаант улс боссон. Харин Оросын эзэнт гүрний тухайд бол монгол гэхээс илүү герман үндэстэн нарын нөлөө асар их. Үүнд хамгийн их хамаатай хоёр хүн бол оросын түүхийн хамгийн агуу гэгдэх Их Петр болон их Екатерина нараас эхтэй юм.

Судалгаа ёсоор бол 1721-1917 оны оросын эзэнт гүрний армийн офицер нарын 70 хувь нь герман гаралтай байсан гэгддэг. Мөн бид ЗХУ-н үед орос бус үндэстэн нараас халимаг нараа хамгийн хүндээр хэлмэгдсэн гэдэг ч үнэндээ бол оросын германчууд хамгийн аймшигтай хэлмэгдсэн түүхтэй ба мэдээж энэ нь дэлхийн 1 болон 2-р дайнаас болсон.

Тэгэхээр оросын германчуудын тухай товч түүхийг нь сөхөж харцгаая. Оросууд германчуудын байгуулсан Ливоны болон Тевтоны гүнт улсуудтай Александр Невскийн үед тулж Ромын католик шашныг эсэргүүцсэнээр анхны түүхээ эхлүүлсэн гэж хэлж болно. Ингээд Орос – Германы харилцаа тасарсан байсан боловч 1480 оноос Алтан ордыг бүрмөсөн унагаж өөрөө Оросын анхны их ван болсон Иван III ван болон түүниЙ хүү ван Василий III -ийн үеэс анхны германчууд Оросын зүг ирж суурьших хандлага гарч эхэлсэн байна.

Ингээд догшин Иван IV хааны хаанчлалын үед Балти орчмоос олзолж ирсэн германчуудыг хотод суурьшуулан ашиглах болсоноос хотуудын хүн ам дахь германчуудын эзлэх хувь эрс нэмэгдэж анхны герман хороолол Москвад буй болжээ . Тэр үед Орост гадаадын цэргийн зэвсгийн мэргэжилтнүүд үүн дотор их буу үйлдвэрлэх , буудахад сургахаар Германчуууд хааны армид зааварлагчаар ажиллаж, европын цэргийн зохион байгуулалт, орчин үеийн зэвсэг, тактик эзэмшсэн туршлагаа зааж байжээ , мөн герман үйлдвэрлэлийн инженер, уул уурхайн мэргэжилтнүүд, эмч эмнэлгийн мэргэлжилтэн нар ч Орост маш их эрэлттэй байсан байна.

Дараа нь хэл ам ихтай хаан болсон Борис Годуновын үеэс германчууд Орост амьдарч байхдаа өөрёдийн шашин шүтлэгээ хадгалан шүтэж эмч, гар урлалын ажил хийж, зарим нь оросын хаадын цэрэгт алба хаахаар ирэх нь улам ихэсжэ . Их самууны үеийн дараа Романовын удам хаан ширээг залгах болсон ба 1652 оны 10 -р сард хааны зарлигийн дагуу Ортодокс шашингүй гадаадын иргэд хотын гадна суурин байгуулах ёстой болж хотын гадна тусдаа суурин байгуулан суух болжээ.

Харин 17-р зууны төгсгөл үеэр хаан Алексейн бага хүү Петр хаан ширээнээс зайлуулагдах зорилгоор эхийн хамт хотын гадна оршин суух болж энэ үедээ цэвэр шулуун гудамж, цэцэрлэгтэй, тохилог, цэвэрхэн байшинтай Германы хотуудын загвараар барьсан герман сууринд очиж тэнд юм үзэж нүд тайлсанаар залуу хаан Петр I –ийн эх орноо европ маягаар хөгжүүлэх санаагаа олжээ.

Петр I хэд хэдэн дайнд ялалт байгуулж дотооддоо их шинэчлэл хийж Оросыг 1721 онд эзэнт улс болгосон эрин үеэс эхлэн гадаадын эрдэмтэн, цэрэг, дипломат, уран бүтээлчдийг Орост урих болсоны дотор германчууд байжээ. Эдгээр хүмүүсийн үр удам нь ихэвчлэн Орос улсад үлдэн бүрмөсөн суурьшдаг байсан бөгөөд түүний охин Анна Петровна, Гольштейн –Готторпын герцог Карл Фридрих нарын гэрлэлтээс эхлэн Романовчуудын удам "герман цус" –тай Holstein-Gottorp-Romanovs гэсэн удамтай болсон юм. Өөрөөр хэлбэл Их Петрийн эмэгтэй талын удам 1917 он хүртэл оросыг хаанчилсан юм. Петрийн байгуулсан Санкт -Петербург хот Оросын засаг захиргааны нийслэл төдийгүй хамгийн том аж үйлдвэр, шинжлэх ухаан, худалдааны төв болсон тул олон тооны германчууд тэнд суурьшиж сүүлдээ Санкт-Петербургийн германчууд гэсэн дэд угсаатан бий болжээ. Хотын герман хүн амын төвлөрөл их газруудаар герман хэлийг орос хэл шиг ашигладаг байжээ.

Гэхдээ Орос дахь германчуудын 90 орчим хувь нь сүүлд Их Петрийг залган гарч ирсэн 2-р буюу их Екатерина хатан хааны үед суурьшсан хүмүүс юм. 1762 оны 12-р сард гаргасан Екатерина II-ийн зарлигаар тунхаглал гаргаж герман тариачдыг Ижил мөрний чөлөөт газар нутаг дэвсгэрт нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Энэ нь өмнөхөөс эрс ялгаатай олныг хамарсан үйл ажиллагаа болсон ба хатны цэрэг улс төрийн үйл ажиллаагаар Польшийг Орос эзлэн авсаны дараа балти орчмын тариачин германчууд Ижил мөрний бүс рүү ихээр нүүжээ.

1762, 1763 онд II хатан хаан Екатерина тунхаглалынхаа дагуу Европын орнуудын оршин суугчдыг Орос руу нүүж, Волга мөрний эрэгт суурьшихыг урьсаныг нь хүлээн авсан байдаг. 1764-1768 онуудад орчин үеийн Саратов, Волгоград мужийн нутаг дэвсгэр дээр 25,600 хүн амьдардаг 106 нүүлгэн шилжүүлэх колони суурин байгуулагдсан нь 20-р зууны эхэн гэхэд Ижил мөрний бүсэд 407.5 мянган хүн амтай 190 колони суурин болтолоо өргөжсөн ба байсан бөгөөд голдуу германчууд байснаар нь Ижил мөрний германчууд гэгдэх болжээ.

Хатан хааны зарлигаар Орост суурьшсан гадаадын иргэдийг 30 жилийн татвараас чөлөөлсөн байжээ. Хатан хааны 1763 оны тунхаг бичигт байшин барих, эхний ургац хураахаас өмнө хоол хүнс, мал аж ахуй, хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл, гар урчуудад зориулсан багаж хэрэгсэл худалдан авахад зориулж арван жилийн хугацаатай хүүгүй зээл олгохоор мөн амласан ба суурин газрын дотоод амьдралыг зохион байгуулахад хөндлөнгөөс оролцоогүйгээр бүрэн өөрийгөө удирдахыг зөвшөөрнө , гагцхүү Оросын хаанд үнэнч байх тангараг өргөх ёстой гэж заажээ.

Ингээд Европоос 1763-1766 он хүртэл 30,000 гаруй хүнийг Орос руу авчирч чадсан ч Саратов мужид суурьшихаар илгээсэн 26,676 хүнээс 3293 хүн замдаа нас барсан нь нийт хүмүүсийн бараг 12.5% -ийг эзэлж байсан нь Орост суурьших нь тийм амар байгаагүйг илтгэж байгаа юм. Олон тооны бэлтгэл ажлыг хийсний дараа суурин газар нутгийг тодорхойлж, 1764-1773 онуудад Саратовын Волга мужид 105 колони суурин байгуулагдсан бөгөөд эхнийх нь 1764 оны 6 -р сарын 29 -нд байгуулагдсан Доод Добринка суурин байв.

Хатан хааны Орос руу ингэж германчуудыг нүүлгэн шилжүүлэх гол зорилго бол Оросын хөдөө аж ахуйг хөгжүүлэх ба германы суурьшсан хүмүүс энэ зорилгыг биелүүлэх ёстой байв. Тэд эх нутгаасаа Орос улсад бараг ашигладаггүй анжис, хутгуур, модон тээрэм авчирсан бөгөөд тэд газар боловсруулалтын явцад гурван талбайн эргэлтийг ашигладаг байжээ. Ингээд шилжин ирсэн германчууд хөх тариа, улаан буудайн ургацыг илт ахиулж орос улс өөрийгөө хангах төдийгүй анх удаа экспорт хийх болжээ . Шилжин ирэгсэд цагаан цацагт хяруул, төмс хүнсэнд нэвтрүүлж, маалингын олсны ургамал, таримал тамхи болон бусад овъёос, арвай зэрэг үр тарианы ургацыг нэмэгдүүлжээ. Хөдөө аж ахуй хөгжихийн хирээр 19 -р зууны эхэн үеэс гурилын үйлдвэрлэлийн усан тээрэм, газрын тосны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн багаж хэрэгслийн үйлдвэрлэл, түүнчлэн ноосон даавуу, хөвөн даавуу үйлдвэрлэх үйлдвэр эрчимтэй хөгжиж улмаар арьс ширний 140 үйлдвэрлэл 1871 он гэхэд үйл ажиллагаа явуулж байжээ . Волга мужийн Германчууд Сарепта хотод сарпинка даавууны брэнд гаргаж хөвөн даавуу, алчуурыг тэнд үйлдвэрлэж, утсыг нь Силези, Саксониас нийлүүлж, торгыг Италид үйлдвэрлэдэг байв.

Эдгээр бүтээгдэхүүний эрэлт маш их байсан тул 1797 онд энэ үйлдвэрт хоёр дахь чулуун барилга барьжээ. 1866 онд 69 ширхэг сарпиногийн үйлдвэрүүд байсан бөгөөд тэнд 6 мянга хүртэл нэхэх төхөөрөмж байсан бөгөөд 1,156 мянган рублийн материал үйлдвэрлэж байсан ба 1870-аад онд сарпины үйлдвэрлэл буурч, томоохон бизнес эрхлэгчид хөрөнгөө гурилын үйлдвэрт шилжүүлжээ.

Хатан хаан II Екатеринагийн урилгын үр дүнд Орос руу ирсэн германчуудыг анхны дайрсан гай нь 1774 оны Пугачевын бослого байсан ба босогчид Саратов хотыг эзлэн авсны дараа хотод ердөө 20 нь герман хүн амьд үлдсэн байдаг. Оросын төв нутаг руу чиглэсэн нүүдлийн эхний давалгааг дараа нь хатан хааны хүмүүжүүлсэн ач хүү нь болох эзэн хаан Александр I-ийн 1804 онд дахин хэрэгжүүлж Хар тэнгис, Кавказын бүс рүү германчуудыг нүүлгэж эхэлжээ . Ингээд Орост Ижил мөрний дунд ба доод хэсэг, Хар тэнгисийн хойд хэсэг, хойд кавказ, Крым, Украины Волынь зэрэгт суурьшсан германчуудын дунд хэд хэдэн угсаатны буюу орон нутгий бүлгүүд бий болсон байна.

Үүнийг Ижил мөрний Германчууд, Украйны Германчууд, Бессарабийн германчууд, Кавказын германчууд гэх зэргээр хувааж үздэг ба тэд өөр өөрсдийн аялгаар ярьдаг байсан бөгөөд ихэвчлэн өөрсдийн онцлогтой шашны зан үйл, баяр ёслолыг тэмдэглэдэг байжээ. Нэгдсэн Герман улс байгуулагдсан цагаас хойш буюу 1870-аад оноос Германчуудыг Орос руу цагаачлах нь үндсэндээ зогссон нь Оросын армид цэргийн алба хааж байсан гадаадынханы тэтгэмжийг цуцалсан дотоод шалтгаанаас гадна дэлхийн улс төрийн байдлаас болж Орос-Германы харилцаа муудсантай холбоотой байжээ. Түүгээр ч үл барам олон тооны оросын германууд Оросоос Герман руу биш, голдуу АНУ руу цагаачилж эхэлсэн ба 1914 он хүртэл 200 мянга хүртэл герман үндэстэн Оросоос АНУ руу нүүсэн байна.

Гэхдээ л 1913 оны байдлаар Оросын эзэнт гүрэнд 2.4 сая орчим германчууд амьдарч байжээ. Гэвч дэлхийн 1-р дайн гарсанаар Оросын засгийн газар Германыг хил орчмоос албадан нүүлгэж Орос дахь Германы сургууль, сонинуудыг хааж, Германы фермүүдийн үйл ажиллагаагаа зогсоох тухай тогтоол гаргаж сибирийн зүг хүн амыг нь нүүлгэхээр шийдвэрлэсэн байна. Харин 1917 оны 2-р сарын хувьсгалын дараа 1917 оны 3-р сарын 11-нд тусгай тогтоолоор Оросын герман хүн амын эсрэг чиглэсэн "татан буулгах" бүх хууль тогтоомжийг цуцалжээ.

Үүний дараа Германаас Орос руу сүүлчийн нүүдэл бол 1920-иод онд Германы коммунистууд ЗХУ-д буй болсон Поволжын германд нүүж иржээ . Зөвлөлт засгийн эхний арван жилд Оросын германчуудыг бүх талаар дэмжиж 1918 онд Оросын нутаг дэвсгэр дахь анхны үндэснмй автономитуудын нэг болох Германы автономит Коммуныг үүсгэн байгуулжээ. Оросын иргэний дайны үед болон 1920-1921 оны Тамбов зэрэг мужид гарсан тариачдын бослогын үеэр германчууд маш ихээр хэлмэгджээ. Волга Германчуудыг 1924 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Ижилийн автономит Герман улс болгожээ. Нийслэлээр нь 1922 онд Покровск хотыг зарлан 1931 онд Энгельс хот гэж нэрлэсэн байна.

Большевик засгийн газар хэдэн мянган фермийг устгаж, эздийг нь буудаж, баривчилж, шоронд хорьж, цөлж, сайндаа жирийн ажилчин болгосон байна. Большевикууд германчуудыг хүчээр хамтралжуулж үүний гороор хэвийн байсан аж ахуй нь уналтанд орж их өлсгөлөнд нэрвэгджээ. Өлсгөлөнгөөс болсон эмх замбараагүй байдлыг ЗХУ-н эсрэг хөдөлгөөн гэж хатуу ширүүн дарж үр тарианы жижиг хулгайд хүртэл цаазаар авч байжээ.

Бүгд Найрамдах Ижилын Герман улсад үр тарианы хулгайд 474 хүн ял шийтгүүлснээс 32 нь цаазаар авах ял, 325 –нь 10 жилийн хорих ял оноосоноос нэлээд хэсэг нь өлссөн хүүхдээ тэжээхээр тариан талбайд буудай хулгайлсан эмэгтэйчүүд байжээ. Энэ үед Ижил мөрний германчууд бүх тариа ургацаа зөвлөлт засагт тушаагаад өөрсдөө өлбөрч үхэж байсан ба өлсгөлөнгөөс болж нутаг гэрээсээ дүрвэх явдал гаарч 1933 онд 100 мянга гаруй хүний орон нутгаа хаян дүрвэсэн байна. Ингээд сая нэг 1933 оны намар Ижилийн Бүгд Найрамдах Герман Улсад тариачин гэр бүлүүдийг талх, тэжээлээр хангахыг нь Москвагаас тушаасанаар байдал арай дээрджээ. Хамгийн сонирхолтой нь тэр үеийн бүх хамтралуудаас германы хамтралууд ЗХУ-н засагт хамгийн их ургац хүнсний зүйлийг нийлүүүлэх үүрэгтэй байсан ба үүнийгээ тогтмол давуулан биелүүлдэг байжээ.

Мөн Германчуудын нэлээд хэсэг, ялангуяа дээд боловсрол, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс Саратов хотод амьдарч, ажиллаж байсан . Ижилийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Герман улс нь ЗХУ -д бүрэн бичиг үсэгт тайлагдсан анхны автономит бүгд найрамдах улс болж 171 үндэсний дунд сургууль, 11 техникийн сургууль, 3 ажилчдын сургууль, 5 их сургуультай төдийгүй 172 хамтралын соёлын клуб, болон үндэсний театр, хүүхдийн театртай, Герман хэл дээрхи 21 сонин хэвлэгдэн гардаг байжээ. Өөрөөр хэлбэл Оросын германчууд Оросын эзэнт гүрний үед ч ЗХУ-н үед ч улс орны хамгийн тэргүүлэх бүс нутаг байсаар ирсэн байдаг.

Гэтэл 1933 онд Гитлер Германы засгийн эрхэнд гарсанаар ЗХУ, Германы харилцаа муудсанаар Зөвлөлтийн германчуудад хандах хандлага эрс өөрчлөгдсөн байна. Дашрамд дурдахад 1931 онд Япон манжуурыг эзлэн авсаны дараа ЗХУ Монголд хандсан хандлага эрс өөрчлөгдсөнтэй адил юм.

1935-1936 онд 10000 гаруй германчуудыг Украины хилийн бүсээс Казахстан руу нүүлгэсэн ба 1937-1938 онд НКВД "Германы ажиллагаа" гэгчийг хийсэн байна. 1937 оны 7-р сарын 25-ны өдрийн ЗСБНХУ -ын Дотоод хэргийн ардын комиссын тушаалаар 00439 тоот тушаалаар батлан хамгаалах үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байсан Герман үндэстэн бүх иргэдийг баривчлах ёстой байсан ба баривчлах ажиллагааг 7-р сарын 30-нд эхэлсэн бөгөөд "Германы ажиллагаа" -ны хүрээнд 65-68 мянган хүнийг баривчилж, 55005 хүнийг шийтгэж, үүний 41898-ийг нь буудсан, 13107-д нь хорих, цөллөг, албадан гаргах ял оноожээ.

ЗХУ -ын Батлан хамгаалахын ардын комиссын удирдамжийн дагуу бүх германчуудыг цэргээс халжээ . 1930 -аад оны сүүлээр Германы үндэсний тосгоны зөвлөл, дүүргүүд хаагдаж, төрөлх герман хэлээр хичээллэдэг сургуулиудыг орос хэлээр явуулдаг болжээ. 1939 оны тооллогоор ЗХУ -ын нутаг дэвсгэрт 1,427.3 мянган герман хүн байжээ. Үүний 862.5 мянга нь Орост (Крымыг оролцуулаад), Украинд - 392.5 мянга Казахстанд - 92.6 мянга, Кавказад - 44.1 мянга, Төв Азийн улсуудад- 27.2 мянга, Беларуст - 8, 4 мянган хүн байв. Ижил мөрний Германчууд бүх герман хүн амынхаа 60.5%-ийг эзэлж байсан 1941 онд ГИТЛЕР ЗХУ-д халдан довтолсоны дараа 1941 оны 8 -р сарын 28 ны өдрийн тогтоолоор Автономит Бүгд Найрамдах Герман улсыг татан буулгаж, Германчуудыг албадан казахстан тийш нүүлгэжээ. Уг нь анх дайн эхэлсэн тэр даруй АССР -ийн германчуудын эсрэг ямар ч хориг арга хэмжээ аваагүй ч дайны байдал хүндэрч фронт зүүн тийш шилжих нь тодорхой болоход бүх германчуудыг Казахстан Сибирьт албадан гаргах болсон юм. Нийтдээ 438.7 мянган хүнийг бүс нутгаас нүүлгэн шилжүүлсний 365.8 нь Ижилийн автономит улсаас 46.7 нь Саратов мужаас, 26.2 мянга нь Сталинград мужаас гарчээ.

Ингээд ЗХУ -ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1941 оны 9 -р сарын 7 -ны өдрийн зарлигаар Волгагийн Германы Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Социалист Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрийг Саратов ба Сталинград мужид хуваан өгчээ. 1941 оны 9 -р сард Герман үндэстэн цэргийн алба хаах ёстой хүмүүсийг фронтоос арын анги руу илгээсэн ба үүний дараа араагийн саруудад албадан гаргах ажлыг бусад газруудаар явуулж нийт 950 мянган герман хүн амыг нүүлгэсэнээр 1942 оны 5 -р сард дуусгажээ.

Дайн дууссаны дараа ч 1948 оны 11 -р сарын 26 -нд ЗХУ -ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид германчуудыг хуучин оршин суугаа газар руугаа буцахыг хориглосон тогтоол гаргажээ. 1953 оны эхэн гэхэд ЗХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээллээр Германы тусгай оршин суугчдын 1,224,931 бүртгэгдсэн бөгөөд үүнээс Казахстанд 448,626, Төв Азийн бүгд найрамдах улсуудад 53,850, Баруун Сибирьт 338,142 хүн, Уралд 198,624, Зүүн Сибирьт - 74,687 хүн байжээ.

Сталины дараа нутаг заагдаж цөлөгдсөн ард түмнүүд түүн дотор халимагууд нуташ буцаж цагаадсан ч ганцхан Германчууд дайны өмнөх оршин суугаа газраа эргэж очих зөвшөөрөл хэзээ ч аваагүй цөлөгдсөн нутагтаа үлджээ. 1955 оны оны 9 -р сард Германы анхны канцлер Конрад Аденауэр ЗХУ-д айлчилж, засгийн газар хоорондын хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсанаар оросын германчууд ХБНГУ, Ардчилсан Герман, Австри руу нүүлгэн шилжүүлэх үйл явц эхэлж жилд хэдэн зуугаас хэдэн мянган хүн явах болжээ.

1957 оны 5 -р сард Герман хэл дээрх сонины анхны дугаар Москвад хэвлэгдэн гарсан бөгөөд энэ нь Deutsche Central Zeitung (Германы төв сонин) болсон бөгөөд хожим нь Казахстаны Герман хүн амын "Фройндшафт" ("Найрамдал") сонин Целиноград хотод зохион байгуулагдсан бөгөөд одоо Алма-Ата хотод "Deutsche Allgemeine Zeitung" нэртэйгээр хэвлэгдэж байна. Дараа нь Зөвлөлтийн германчууд төрөлх хэлээрээ радио нэвтрүүлэг хийх болсон ба зөвлөлтийн Германы зохиолчдын номууд дахин герман хэл дээр худалдаанд гарлаа. Герман хэлийг эх хэл болгон судлах бүлгүүдийг Казахстан, орос, киргизийн ерөнхий боловсролын сургуулиудад эхлүүлжээ.

Дайн дууссанаас хойш 20 жилийн дараа 1965 онд эргэн хуучин нутагтаа нүүх хүсэлт гаргаж Москвад төлөөлөгчдөө илгээсэн юм. Ингээд 1972 оны 11 -р сарын 3 -нд ЗХУ -ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн тогтоол гарч, Германчуудад оршин суугаа газраа сонгоход тавьсан бүх хязгаарлалтыг хассан ч асуудлыг цааш хэрхэх тухай шийдвэр гаргахгүй байсаар 1978 онд Германы автономит байдлыг сэргээх засгийн газрын комисс байгуулагдан ажлаад "Германы хүн ам үнэндээ ИЖИЛ орчим сууж амьдарч байгаагүй, энэ нутаг нь тэдний түүхэн үндэс угсаа байхгүй тул Ижил мөрний бүсэд Германы Автономи дахин байгуулах нь зохимжгүй гэж үзээд германчуудын талаас илүү хувь нь буюу бараг 1 сая хүн амьдардаг Казахстанд автономит бүгд найрамдах улс байгуулах санал дэмжигдсэн байна. Ингээд 1979 онд Германы автономит улсын газар нутаг 46 мянган хавтгай дөрвөлжин метр байх ба хүн ам нь 202 мянган хүнтэй байхаар төлөвлөж Целиноград хотоос зүүн хойд зүгт 150 км-т орших Эрэйментау хотыг нийслэл болгохоор болжээ.

Тухайн үед ойролцоогоор 936 мянган герман үндэстэн Казахстанд амьдардаг байсан бөгөөд бүгд найрамдах улсын хувьд казах, оросуудын дараа 3-рт бичигддэг байв. Гэтэл 1979 оны 6 -р сарын 16-нд Целиноград хотод энэ саналыг эсэргүүцсэн жагсаал гудамжинд болж энэ газар Зүүнгарын эсрэг тэмцлийн удирдагчдын нэг ардын баатар Богенбай амьдарч, нас барсан манай ариун газар хэмээн дахин 1979 оны 6 -р сарын 19-нд Целиноград хотын Лениний талбайд уугуул казах иргэдийн эсэргүүцлийн жагсаал болжээ. Ингээд үймээн самуун гарах нь хэмээн эрх баригч нар болгоомжлон Германы Бүгд Найрамдах Улс байгуулах гэж хэн ч төлөвлөөгүй хэмээн жагсагч нарт итгүүлж Германы автономийн төлөвлөгөөг маш хурдан орхисон байна.

1980-аад оны сүүлчээр Зөвлөлтийн германчуудын үндэсний хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр Ижилийн Германчуудын Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Улсыг сэргээх шинэ оролдлогууд гарч улмаар 1989 оны 3-р сарын 28-31-нд Москвад болсон үүсгэн байгуулагчдын бага хурал болж Зөвлөлтийн Германчуудын Бүх Холбоотын Нийгэмлэг "Возрождение" албан ёсоор байгуулагдсан ба 1991 онд гэхэд VOSN "Возрождение" аль хэдийн 100 мянга гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн ЗХУ -ын Коммунист намын дараа хамгийн том байгууллага болжээ.

ЗХУ-ын нутаг дэвсгэрээс Герман руу нүүх их нүүдэл 1987 онд эхэлсэн ба уг онд 14488 хүн, 1988 онд 47,572, 1989 онд 98,134 гарсан бол 1994 онд оргилдоо 213,214 хүн гарч явсан ба 1950-2006 онуудад 2,334,334-н оросын германчууд болон тэдний гэр бүлийн гишүүд Герман руу нүүжээ. Нэг сонирхолтой нь энэ үед Германчууд герман хэлээр маш муу ярьдаг байсан эсвэл огт хэлгүй хүмүүс их болсон байжээ. 1989 оны хүн амын тооллогоор Зөвлөлт Холбоот Улсад 2038.6 мянган герман хүн тоологдсон ба Германчуудын ихэнх нь Казахстанд (957.5 мянга), Баруун Сибирьт (416.5 мянга), Уралд (149.7 мянга), Киргизэд (101.3 мянга) [21], Зүүн Сибирьт (66.2 мянга) амьдарч байжээ.

006 оны Германы холбооны байгууллагуудын статистик мэдээгээр хуучин ЗХУ-ын орнуудад амьдарч буй герман гаралтай хүмүүсийн нийт тоо 800-820 мянган хүн байна. Эдгээрийн 550 мянга орчим нь ОХУ-д, 200 мянга орчим нь Казахстанд, 33 мянга нь Украинд, 15 мянга нь Киргизстанд байна гэж үздэг бол 2010 оны тооллогоор Орос улсад 394,138 герман хүн амьдарч байна гэж тоологдсон. Гэхдээ 1,5 сая орчим герман гарал угсаатай холбогдох хүмүүс байх судалгаа байдаг байна

2011.08.28-нд Ижил мөрний германчуудыг албадан гаргасны 70 жилийн ойн өдөр Энгельс хотод хэлмэгдэлд өртсөн Германчуудын хөшөөг нээжээ. Хамгийн сонирхолтой нь бүүр хаант Оросын үед ч ЗХУ-н үед ч оросын германчууд орос оронд маш үнэнч байснаараа алдартай юм. Оросын хамгийн алдартай хүний хоёрт ордог хатан хаан 2-р Екатерина болон Оросын эх оронч үзэлт эмэгтэйчүүдийн билэг тэмдэг 1-р Александр хааны хатан Елизавета Алексеевна нар цэвэр герман бүсгүйчүүд юм.

Ө.Өлзийсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.